Төв аймгийн Алтайн булаг сумын нутагт Дархан цаазат Хустайн нуруунаас өнгөрсөн тавдугаар сарын 30-нд 13 буга агнаж, эд эрхтнийг авч зугтаасан хэрэг гарсан билээ. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад “Эмээлт”, “Цайз” зэрэг түүхий эдийн захын ченжүүд хууль бус ангийн хэрэгт холбоотой болох нь тогтоогджээ. Одоогоор 5-10 жилийн турш амьтны эд эрхтний наймаа хууль бусаар хийдэг байсан гурван бүлгийн 30 гаруй этгээдийг цагдаа нар саатуулаад байсан бол сэжигтнүүд хэргээ хүлээжээ. Тэд хил давуулж Хятадын бүлэглэлд борлуулдаг байсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хэлжээ.
ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ хугацаанд ан агнуурын хууль тогтоомж зөрчиж, хориотой ангийн эд эрхтэн, гэмт хэрэг үйлдсэн галт зэвсгээ нуун хадгалж байсан 17 айл, контейнерт үзлэг, нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр С.Бямбадорж, Н.Удвал, П.Бямбаа, Н.Нарангэрэл, Н.Нарантуяа, Т.Тугбаатар, Д.Дашзэвэг, Ц.Цэндхүү, Н.Дондог, н.Түвшинжаргал, Д.Ганбат, Э.Пүрэвжаргал нараас хориотой ангийн бугын эвэр 34 хос, ясан эвэр 2,7 тонн, бугын сүүл 102, бугын чив 22 хүдрийн заар 20, доньд дөрөв, шилүүсний арьс зургаа, зэрлэг гахайн төмсөг долоо, чонийн ходоод долоо, зээрийн эвэр 124 ширхэг, цайруулсан самар 27 шуудай тус тусыг илрүүлэн хураан авчээ.
Мөн 12 ширхэг галт зэвсгийг хураан авч ШШҮТ-д харьцуулах шинжилгээнд хүргүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Дээрх 2.7 тонн бугын эвэр болон 27 шуудай самрыг хууль бусаар хил дамнуулах гэж бэлтгэж байхад нь цагдаа нар илрүүлжээ.
Хууль бус ангийн наймаачид хөдөө орон нутгийн анчдад мөнгө өгч бугын цусан эвэр, баавгайн савар зэргийг худалдан авдаг гэнэ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )