ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Бадамын Отгонтүвдэн Зайсанд байрлах “Цагаан дариум” арт галлерейд наймдугаар сарын 8-нд Монголд анх удаа “Эмээгийн хөрөг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан цөөн тооны уран бүтээлүүд олны хүртээл болно. Түүний анхны үзэсгэлэнд хөрөг зургууд давамгайлж байгаа бөгөөд тэрээр дүрийн онцлог, зан авир, бодол санаа, хүсэл сонирхлыг уламжлалт техникийн арга барилыг орчин үеийн арга барилтай хослуулан дүрсэлснээрээ онцлог аж. Б.Отгонтүвдэн нь И.Е.Репиний урлагийн академийг саяхан төгсөөд тус сургуульд багшаар ажиллах урилга хүлээн авсан чадварлаг залуу уран бүтээлч юм. “Цагаандариум” арт галлерейд энэ сарын 8-нд 17.00 цагт нээлтээ хийх “Эмээгийн хөрөг” үзэсгэлэн дээр түүнтэй уулзан, халуун дотно яриа өрнүүлэх боломжтой бөгөөд уг үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл дэлгэгдэнэ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )