Шүүхийн гивлүүрийг авч хаясан Ерөнхийлөгчдөө баярлалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг иргэд маань олон жил хүлээсэн. Зарим нь бүр тэсэхийн аргагүй болж шүүхийхэнтэй “дайн” зарлах дээрээ тулаад байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн амлалтандаа шударга шүүхтэй болж, шударга ёсыг жинхэнээр нь тогтоогоод өгнө гээд хэсэг чимээгүй болсноо харин саяхан энэ талаар үндэсний хэмжээний том чуулган санаачлан хийж шүүх эрх мэдэлтнүүдэд бухимдсан олон түмний сэтгэлийг бага боловч уужруулав. Одоогийн байдлаар жилд 3 мянга гаруй хүн шоронд орж мөн тийм хэмжээний хүн шоронгоос суллагдан гарч байна. Өөрөөр хэлбэл цөөн хүн амтай Монгол орон шоронжсон улс болоод байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дотор хэргээ шударгаар шүүлгэж чадаагүй хүн ч цөөнгүй. Шүүгчийн гарыг цайлгаж, юм атгуулсан нь хөнгөн ял авдаг, тэгж чадаагүй нь хүнд ачаа үүрч шоронд тамаа цайлгадаг. Үүнийг судалгааны байгууллагууд олонтоо нотолсон. Хамгийн их авлигатай газар нь шүүх, цагдаа, прокурор гэдгийг ч бэлхнээ хэлээд өгсөн байдаг. Ерөнхийлөгч ч энэ удаагийн “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” чуулган дээр бүтэн цаг шахам хэлсэн үгэндээ тодорхой баримтаар ярив. Тэрээр “Хэнтий аймагт би саяхан очлоо. Тэнд задарсан засаг дарга байна. Тэр нөхөр шийдвэр гаргаад, Хэнтий аймгийн шүүх тэр шийдвэрийг нь авч хэлэлцэж чаддаггүй. Өөр аймаг руу очиж, тэр засаг даргын асуудлыг шүүхэд нь өгч байна. Засаг даргын тухай гурван шүүх хуралдаан болсон. Гурвуулаа Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс гадна болсон. Юу гэсэн үг вэ? Шүүх нь шийдэж чаддаггүй, авч хэлэлцдэггүй гэж байгаа. Ийм байдал аягүй бол сумын түвшинд байгаа. Танил талаараа асуудал шийддэг. Өнөөдөр шүүгчийн сонгон шалгаруулалт маш учир дутагдалтай явагдаж байна” гээд шүүгчийн гол шалгуур үзүүлэлтүүдийг гарган үнэлж цэгнэж байхыг хүслээ. Шүүхийн шатанд иргэд маш их чирэгддэгийг ч зогсоохыг даалгав.

Шүүх эрх мэдэлтэй хамааралтай багц хуулиудыг бүхэлд нь шинэчлэхгүйгээр дорвитой өөрчлөлт гарахгүй аж. Дараа нь шүүгч нарын хамгийн их хэрэглэдэг эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэ орчин нөхцөлд нь тохируулан өөрчилье гэлээ. Ингээд эцэст нь бүтэц тогтолцоонд нь шинэчлэл хийе гэсэн юм. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа туйлын бүдүүлэг явж байгааг мөн шүүмжлэн ярилаа. Мөрдөн байцаалт гэрчийн мэдүүлэг үгээр голцуу явагддаг нь гажуудал мөнөөс мөн ажээ. Тэрбээр “Хүний үгээр ярьдаг, бүх юм нь бүрдээд ирдэг учраас нөгөө мэтгэлцээн, нөгөө оролцогчийн тухай, эрх үүргийн тухай асуудал ерөөсөө байхгүй болжээ” гэдгийг онцолж байв.

Шүүх байгууллага аливаа маргаантай асуудлыг шийддэг бус харин өөрөө бөөн асуудалд умбаж, холион бантан болчихсон нь өнөөдрийн бодит үнэн ажээ. Монголчууд баялгаа хүртэж, чинээлэг амьдрахад шударга ёс ус агаар мэт хэрэгтэй. Энэ нь гагцхүү шударга шүүх, цагдаа, прокурортой байж, иргэн бүрийн идэвхтэй үйл ажиллагаа, хяналтаар баталгаажих ажээ. Ерөнхийлөгч элдэв янзын замбараагүй байдалд цэг тавихыг төрийн бүх албаныханд уриалж, шаардсан ийм чуулган үнэхээр Монголчуудын зүрх сэтгэлд  хүрлээ гэж уулга алдах хүн олон байна. Ер нь иргэд маань магнай тэнүүн угтлаа, Ерөнхийлөгчийгөө.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр түүний зохион байгуулсан арга хэмжээг “шоудалт” хэмээн шоолж суугаа хүмүүс бас байна аа. Тэд “Өнөөх Элбэгдорж чинь өөрийгөө өргөмжилсөн PR хийлээ” гэцгээнэ. Тэр нь юу вэ гэхээр шүүх шинэчлэгдсэн ч эс шинэчлэгдсэн ч Элбэгээ ерөнхийлөгч нэмэх оноо авах гэнэ. Шинэчлэгдвэл Манай ерөнхийлөгч тэмцэж байж хийсэн юм гэж ярина. Шинэчлэгдэхгүй бол манай ерөнхийлөгч уг нь шинэчлэх гэж их зүтгэсэн дээ гэж ярина. Яаж ч шийдэгдсэн манай ерөнхийлөгч оноо нэмнэ. Энэ бол яах аргагүй зөв логикоор гарч ирж байгаа дүгнэлт л дээ. Элбэгээ ард түмэндээ амласан ёсоороо шүүхийг бүхэлд нь шинэ агаараар амьсгалуулж эхэллээ. Шүүх эрх мэдлийн байгууллага хөгжлөөс дэндүү хоцрогдсоныг олны өмнө нээлттэйгээр харуулж чадлаа. Дэлхий дахины эрх зүйн хөгжлийн шинэ хандлага нь шүүхийн хараат бус байдлыг бүх талаар хангахад чиглэж буйг Элбэгээ олон талаар тайлбарласан юм. Улс төрийн хараат байдалд байгаа шүүх эрх мэдлийн байгууллагыг өөрчлөх нь тийм ч амар хялбар ажил биш бололтой. Томоохон албан тушаалтан, ялангуяа улс төрийн хүрээнийхэн шүүх байгууллагыг  эзэгнэсэн нь шударга ёсыг тогтооход ихээхэн сөрөг нөлөөтэй байгаа аж. Үүнийг бид өдөр тутмын амьдралаасаа харж байна. Улс төрийн өндөрлөгөөс нөлөөлсөн ямар ч гэмт хэрэг зөөлөн шийдэгдэж, удалгүй чимээ тасардгийг хүмүүс мэднэ. Тиймээс ч тэрхүү олигархи хүрээллийхний нөлөөнд байгаа шүүх байгууллагын шинэчлэлийн талаар Элбэгээгийн ярьснаас тэс өөр зүйл хэлж суугаа улс төрч цөөнгүй тааралдаж байна. Олигархиуд юуг хүсдэггүй вэ гэхээр шударга ёс, хяналтан дор байхыг хүсдэггүй ажээ.

Тухайлбал Ц.Нямдорж чуулганы үеэр сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Намайг ХЗДХ-ийн сайд байх хугацаанд шүүхэд хэн ч дарамт учруулаагүй. Харин одоо л шүүх байгууллагад улс төрийн нөлөө суух гэж байх шиг байна. Хууль эрхзүйн шинэчлэлийг бид хийсэн. Шүүхийн хараат бус байдал хэвийн байгаа” ухааны юм ярьсан нь олны гайхширлыг төрүүлэв. Зохиомол гэмт хэрэг гаарч, ялын бодлого, шүүх ажиллагааны зарчмыг бараг тэр чигээр нь салхинд хийсгэчихээд байгаа шүүх эрх мэдлийн байгууллагад шинэчлэл хэрэггүй юм гэж үү. Элбэгээг тэмээ гэхээр Ц.Нямдорж эсрэгээр ямаа гэх нь тун ойлгомжгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд яалт ч үгүй ард түмнээсээ том оноо авлаа. Шоу үзүүлбэр үү, зүгээр л нэр нөлөөгөө өсгөх гэсэн PR байв уу гэдгийг цаг хугацаа харуулаад өгөх биз. Аль нь ч байсан Ц.Элбэгдоржийн санаачлан хийлгэсэн шүүхийн шинэчлэл, шударга ёсны төлөөх чуулган түүний рейтингийг улам өсгөлөө. Нийгмийн амьдралд ч цаг үеэ оллоо. Чуулганы үзэл санаагаар дараа дараачийн ээлжинд шинэчлэл үнэхээр бодитой болж, үр ашиг нь иргэний эрх ашигт нийцтэйгээр харагдаж эхэлбэл Ц.Элбэгдоржийг монголчууд маань 2013 онд дахиад сонгоход хангалттай шалтгаан болно. Шударга ёсыг тогтоож чадсан Ерөнхийлөгчөөсөө салахыг хүсэх хүн нэг ч байхгүй. Одоо гагцхүү хүлээх л үлдлээ.
      Б.Отгонбаяр. Zindaa.mn.                                                            

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уймраа(202.131.252.209) 2016 оны 05 сарын 16

Саяын 4 жилд шинэчилээд л баына гэсэн чинь юу болоовээ.

0  |  0
Top