Ам.долларын ханш цаашид ч ”гэдийх үү”

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

Монголбанкны албан ханшаар ам.долларын ханш сүүлийн хэдэн өдөрт тасралтгүй өсч ирлээ. Өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1373.15 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь наймдугаар сарын эхэн үетэй харьцуулахад даруй 25 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Ам.долларын ханш өмнөх саруудад өсөлттэй, бууралттай байсан бол наймдугаар cap гарсаар тасралтгүй өссөн. Зунжин "унтсан" Монголын эдийн засаг сэргэж байгаа нь ам.долларын эрэлтийг нэмэгдүүлж, өсөлтөд нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд цаашид ханшийг тогтвортой барих боломж Монголбанкинд хангалттай байгаа гэдгийг эдийн засагч Л.Оюун хэлсэн.

Манай улсын хувьд гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалтай, өөрөөр хэлбэл, ихэнх бараа, бүтээгдэхүүнээ импортолдог. Тийм учраас бизнесүүд сэргэж, үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ гэдэг нь үндсэндээ импорт нэмэгднэ гэсэн үг. Харин импортыг ихэнх тохиолдолд ам.доллараар л хийнэ.

Тэр хэрээр эрэлт нэмэгдсэн учраас ханш нь чангарсан байна. Яг энэ шалтгаанаар бол "ноён" долларын ханш цаашид нэг их өсөхгүй. Учир нь найм, есдүгээр сард эдийн засаг идэвхжсэн шигээ аравдугаар cap гармагц эргээд сулардаг зүй тогтолцоо Монголын эдийн засагт бий. Энэ жишгээр бол ханшийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй байх магадлалтай. Гэхдээ ханш чухам яагаад ингэж өсөв гэдэг нь сонин байна. Ам.долларын ханш чангарсанд дотоодын эдийн засгийн идэвхжлээс гадна өөр хүчин зүйл илүү нөлөөлсөн байж болно. Энэ тохиолдолд ханшийн өсөлт цаашид нэг их удаан үргэлжлэхгүй хэмээн тайвширч болохгүй юм.

Ерөнхийдөө Монголын эдийн засаг сонгуулиас хойш хүлээлтийн байдалд шилжээд байгаа. Үүнээс гадна гадаад хүчин зүйл буюу евро бүсийн хямрал болон Хятадын байдал тийм ч сайнгүй байна. Хямралыг дагаад гадаад улсуудаас ирэх хөрөнгө оруулалт, валютын урсгал татарсан. Дээрээс нь сонгуулийн өмнө батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах тухай хууль хөрөнгө оруулалтыг үргээх шалтгаан болсон гэж байгаа. Энэ мэт шалтгаанууд ам.долларын дотоодын зах зээл дэх урсгалыг багасгасан нь ханшид сөргөөр нөлөөлсөн байж болно.

Нөгөөтэйгүүр уул уурхайн салбартай холбоотойгоор гадаад худалдааны алдагдал асар ихээр нэмэгдэх болсон. Долдугаар сарын мэдээгээр гадаад худалдааны алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдэж, нэг тэрбум 600 гаруй сая ам.долларт хүрлээ. Тэгвэл гадаад худалдааны алдагдал нэмэгдэхийн хэрээр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулардаг аж. Өөрөөр хэлбэл, компаниуд хэт их импортолж, байгаа хөрөнгөө /ам.доллараа/ гадаадын эдийн засгийг дэмжихэд зарцуулж байгаа хэрэг. Энэ нь нэг талаас валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлэх, нөгөө талаас үндэсний мөнгөн тэмдэгтийн эрэлтийг багасгахад нөлөөлнө.

Ингэснээр илүү эрэлттэй байгаа буюу ам.долларын ханш өсч, эрэлт нь багассан төгрөгийн ханш суларна. Уул уурхайн компаниуд одоохондоо их хэмжээгээр импортолж байгаа ч удахгүй импортолсон тоног төхөөрөмж эдийн засгийн эргэлтэд орсноор экспортлох боломж бүрдэнэ гэж байгаа. Бүр 2013 оноос эхлэн гадаад худалдааны тэнцэл түүхэндээ анх удаа ашигтай гарах боломж бүрдэнэ гэх таамаглал бий. Гэхдээ энэ таамаг ч бас бүтэхгүйд хүрэх эрсдэл тулгараад байна. Энэ тохиолдолд гадаад худалдааны алдагдал цаашид ч нэмэгдэж, тэр хэрээр дунд хугацаандаа ам.долларын ханш өсөх таамаглалыг дэвшүүлж болно. Чухам яагаад вэ гэдгийг тайлбарлая.

Евро бүсийн санхүүгийн байдал сайнгүй байна гэдгийг дээр дурьдсан. Санхүүгийн хямрал аажмаар эдийн засагтаа нөлөөлж, Европын орнуудын хэрэглээ багассан. Хэрэглээ багасахыг дагаад урд хөршийн экспорт мөн л суларч, гадаад худалдааны алдагдал нь нэмэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын эдийн засгийн байдал цаашид хэрхэх вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирээд байна. Хямралыг дагаад бидний экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр суларч эхэллээ. Нүүрс болон зэсийн үнэ тийм ч өндөр байж чадахгүй байна.

Үүнээс гадна хямралтай холбоотойгоор манай улсыг чиглэн орж ирж байсан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтууд ч татарчээ. Нөхцөл байдал ийм байгаа учраас уул уурхайнхан санасан шигээ хурдан хугацаанд импортын алдагдлаа нөхөж, экспортоос орлого олно гэдэг амаргүй болж байна. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны алдагдал тийм ч амархан буурч, ашгаа өгч эхлэхгүй нь. Сүүлийн үед "Уул уурхайн салбарын сайхан үе өндөрлөнө" гэх мэдээлэл гарах болсон нь үүний нотолгоо болж байх шиг байна.

Юутай ч "ноён" долларын ханш цаашид яах вэ гэдгийг анхааралтай ажиглаж байя. Хэрвээ үнэхээр хямрал хаяанд хүрээд ирчихсэн бол ханш өсөх нь дамжиггүй байх. Наад зах нь 2009 оны эдийн засгийн хямралын үед ам.долларын ханш түүхэндээ анх удаа 1700 төгрөгийг даван чангарч байсан шүү дээ. Энэ удаад тийм зүйл арай ч тохиохгүй болов уу. Гэхдээ ханш тодорхой хэмжээнд чангарах дүр зураг харагдаж байна гэхэд нэг их хилсдэхээргүй байна.

Л.Энхдэлгэр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top