Монголын жимсний хэрэглээний зах зээлийн дийлэнх хувийг БНХАУ-д тариалагдсан жимс эзэлдэгтэй хэн ч маргахаа байсан билээ. Өөрөөр хэлбэл химийн бордоогоор бордон ургалтыг түргэсгэж, жил тойрон ургацаа хураасаар байдаг Хятад улс дэлхийд ч жимсний зах зээлээрээ тэргүүлдэг. Ингэж ургасан жимсний түрүүч нь манай улсад экспортлогддог юм. Ийм нөхцөлд ургасан жимсийг манай улсын жижиглэн худалдаа эрхлэгчид дулааны улиралд агаарын бохирдол, тоосжилт дээд цэгтээ хүрсэн байхад ил задгай зарж, худалдаалсаар олон оныг үдэв. Хяналт, шалгалтынхан ч хязгаарлаад дийлдэггүй юм шүү тэднийг. Гэтэл замын түгжрэлээ яана даа гэж толгойгоо гашилгаж суусан сая гаруй хүн амтай нийслэлийнхэн НЗД-ын баталсан журмыг ганц нэг хариуцлагагүй нөхдийг эс тооцвол мөрдөж хэвшээд буй. Гэтэл автобусны буудал, ил задгай гудамж талбайд дураараа жимс зарж буй худалдаа эрхлэгчдийг харьцуулахад бэрх санагдана. Гэхдээ амьдралаа түүгээр залгуулж байгаа тэдэнд дан буруу өгөөд байх зохимжгүй. Ил задгай худалдааг хазаарлахгүй байсаар тэд хүрээгээ тэлж эхэллээ. Өөрөөр хэлбэл хагас дутуу сүүдрэвч дор худалддаг байсан алим, жимсний худалдаа шуудай хэлбэрт шилжиж өчүүхэн төдий сүүдрэвчгүй халуун наранд бүлээцүүлж иргэддээ үйлчилж байх юм. Ийм шуудайлсан алимны худалдаа автобусны буудал, хөдөлгөөн ихтэй хэд хэдэн газар харагдлаа. Ингээд худалдагчтай өрнүүлсэн яриагаа хүргэе.
-Хятад алим хайрцагтай ирэхээ болиод шуудайгаар ирдэг болсон юм уу?
-Үгүй Монгол алим.
-Өө Монголд ингэж зарахаар их алим тарьдаг болсон юм уу?
-Тарьдаг л байсан шүү дээ.
-Аан би ёстой ингэж их зарж байхыг хараагүй ээ? Энэ тэгээд хаанаас ирсэн бэ?
-Ховдоос ирсэн.
Ингээд худалдагчтай яриагаа өндөрлөж эргэж алхахдаа ингэж их алим ургадаг байсан юм бол яагаад өдийг хүртэл түгээмэл байдаггүй байсан юм бол хэмээн бодлоо. Ашгүй дээ. Ингээд хэдэн сар ч болтугай эх орныхоо хөрсөнд ургасан алим идэж байна гэдэг дэвшилт юм гэж бодохтой зэрэгцэн ерөөсөө хаана ингэж их тариалж, үр дүн нь харагдаад буйг мэдэх сонирхол төрөв. Мэдээж албан ёсны бодит мэдээлэл өгөх газар ХХААХҮЯ байлаа. Бид бүхний мэдэх Хүнс хөдөө аж ахуйн яам ортол энэ талын мэргэжилтнүүд нүүсэн гэв. Учир нь төр засаг төвхнөж, яам, агентлагийн бүтцэд өөрчлөлт ороод буй. Тодруулбал,” Арын байранд орсон” гэв. Ингээд яамны ардуур тойроод очтол шинэхэн байр сүндэрлэжээ. Энд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам төвхнөжээ. Харин эндээс холбогдох албан тушаалтнаа олж, уулзаж чадлаа.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Төмөрхуяг: Хятад алимыг Монгол гэж зарж байх талтай
-Манай улс жимс, тэр дундаа алимны хэрэгцээгээ БНХАУ-аас хангадаг шүү дээ. Гэтэл саяхнаас шуудайлсан Монгол алим ил задгай зарагдаж эхэллээ. Зах зээлд ийм хэмжээгээр борлогдох хэмжээнд тариалдаг болсон юм уу?
-Манай яам жилийн эцсээр тайлан судалгаа авдаг л даа. Улсын хэмжээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгийн цөөхөн хэдхэн газар том, жижиг, бэсрэг алим тариалдаг. Дунд зэргийн хэмжээтэй алимыг бэсрэг алим гэдэг юм. Том алимыг Сэлэнгэ болон Баян-Өлгий аймагт хоёр, гуравхан газар л тариалж байгаа. Энэ нь зах зээлд борлогдохоор их хэмжээгээр тариалагддаггүй. Зөвхөн сум, орон нутгийнхаа хэмжээнд зарж, борлуулаад дуусдаг юм билээ. “Алтан намар” үзэсгэлэнгийн үеэр тарьж, ургуулснаа иргэддээ үзүүлж, харуулах зорилгоор бага хэмжээгээр Баян-Өлгий аймгаас авчирч борлуулдаг юм. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үеэр кг нь 8000 төгрөг гэж байхад Монгол хөрсөнд ургасан болохоор маш хурдан дуусч байсан. Харин энэ Монгол гэж зарж байгаа алим хэд гэж байсан бэ?
-/Сурв/ Том нь 4000 төгрөг, жижиг буюу арнетк нь 3000 төгрөг гэсэн?
-Тэгэхээр ийм үнэтэй, зах зээлийг хангахуйц их хэмжээгээр Монгол хөрсөнд ургасан алим борлуулах боломжгүй. Хүмүүс хятад жимсийг Монгол гэж зарж байх талтай.
-Манай орны нөхцөлд алимыг хэдий үед тарьж, ургац хураалт эхэлдэг юм бэ?
-Сортоосоо л хамаарна. Дотроо хэдэн зуун төрлийн сорт байдаг юм. Таван сарын дундаас хойш тарьж, эрт болцтой сорт бол есдүгээр сард хураагаад эхэлж болно.
-Иргэдийн Монгол алим гэх итгэл, үнэмшил шуудайлагдан зарагдаж байгаад төрөөд байх шиг байна?
-Ийм байх боломжгүй. Тийм учраас гарал үүслийн гэрчилгээ, хаанаас ачигдсаныг шалгаж авах нь зүйтэй.
-Монголд алим хэд хэдэн газар тариалдаг гэлээ. Гэтэл зах зээлээ хангаж чадахгүй байгаа нь ямар нэг шалтгаантай байх?
-Социализмийн үед тодорхой газруудыг дэмжээд алим ургуулж байсан л даа. Жижиг хэмжээний арнетк, бэсрэг, том алимыг Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Бэгэр, Төв аймгийн Жаргалант сум, нэгдэл, сангийн аж ахуй зэрэг дулааны хангамж сайтай газруудад ургуулж байсан. Одоо Жаргалант сумынх устаад, байхгүй болсон. Ургуулж байгаа ч зах зээлээ хангаж чадахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, заавал залгаадсаар ургадаг. Үүнийг эрдэм шинжилгээний байгууллагууд нарийн технологиор залгаж, эх суулгацыг гаргаж авдаг юм. Ингэж залгаж, ургуулаад дор хаяж таван жилийн дараа жимсээ хурааж эхэлнэ. Хоёрдугаарт, бэсрэг болон том алимны бутыг өвөл заавал газарт налуулж, шороогоор хучаад өвөлжүүлдэг. Хавар дахиад ухаж гаргана. Мод бүрийг булж, ухаж гаргана гэдэг маш их хөдөлмөр, хүн хүч шаардсан ажил байдаг. Өөрөөр хэлбэл манайх шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажиллагаа ихтэй, нарийн технологиор мэргэшсэн хүн ургуулах ажил л даа. Гуравдугаарт, тарилаа гэхэд урт хугацааны дараа үр ашгаа өгдөг. Тэгэхээр эхлээд аж ахуйн нэгж, байгууллагууд маш их хөрөнгө зарцуулах шаардлагатай болж байгаа биз. Иймд жирийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд төмс тарьдаг шиг тухайн жилдээ ургацаа авна гэж байхгүй болохоор хэцүү л дээ. Жимсний аж ахуй эрхлэхэд дээрх хүндрэл, бэрхшээл их учраас тэр болгон тариалахгүй байна.
-Манай улсын хэмжээнд хэр их талбайд алим тариалдаг юм бэ?
-2011 онд 11 га талбайд тариалсан юм. Ингээд статистик бүртгэлээс харахад 10,5 тонн л алим хураасан байгаа. Ингэж бодохоор зах зээлд яагаад ч хангах хэмжээнд хүрэхгүй. Гэтэл улсын хэмжээний жимс, жимсгэний хэрэгцээ маш их. Тухайлбал, жимс, жимсгэний физиологийн хангагдах хэмжээ нь нэг хүнд өдөрт 180 грамм, жилд 65,7 кг жимс идэж байх ёстой. Энэ хэмжээг хүн амдаа үржүүлбэл 160-170 мянган тонн жимс хэрэгцээтэй.
Манай улсын хувьд уур амьсгал эрс тэс, хөрөнгө санхүү, хөдөлмөр эрхлэлт шаарддаг учраас жимсний аж ахуйн үйлдвэрлэл бага байгаа. Гэхдээ 2010 оноос “Чацаргана” хөтөлбөр батлагдан, жимсний аж ахуй эрхлэхэд идэвх санаачлагатай хандан хэрэгжүүлсний үр дүнд 2011 оны эцсийн байдлаар 4000 орчим га талбайд жимст цэцэрлэгтэй болсон юм. Ингээд “Чацаргана” хөтөлбөр батлагдсанаас хойш тариалалтын талбай 1,5 дахин нэмэгдсэн. Энэ хавар нэмж 800 га талбайд тариалалт хийлээ. Намар ахин газраа өргөжүүлж тариалалт хийснээр 5500-5600 га талбайд тариалалт хийж эхэлнэ. Яагаад чацаргана илүү хэмжээтэй тариалаад байгаа нь мөн л учиртай. Учир нь өвлийн цагт нэмэлт арчилгаа шаардалгүй ургадаг болохоор тариалахад тохиромжтой байдаг. Цаашдаа Монголд ургах боломжтой алим, чавга, интоор зэргийг тариалахад анхаарч ажиллана гэж бодож байгаа. Жил ирэх тусам жимс, жимсгэний тариалалт нэмэгдээд энэ салбар хөгжиж эхэлж байгаа шүү.
-Арнетк буюу жижиг хэмжээтэй алим манай оронд ургаад худалдаанд гараад байдаг шүү дээ. Тэгэхээр арнетк манай орны нөхцөлд ургаад байх боломж, нөхцөл тохирдог гэсэн үг үү?
-Жижиг учраас хүйтнийг тэсвэрлэх чадвар сайтай байдаг юм л даа. Өвөл заавал хучилгүй босоогоор нь ургуулах боломжтой. Бэсрэг алимны зарим сортууд ч гэсэн хүйтнийг тэсвэрлэх чадвар сайтай байдаг. Заримыг нь хучилгүйгээр босоогоор нь өвөлжүүлдэг. Том болон зарим төрлийн бэсрэг алимыг заавал дулаан хучиж, ургуулах шаардлагатай учраас хөдөлмөр, хугацаа шаардаад байдаг талтай.
-Алимны суулгац манай улсад хаанаас ирдэг юм бэ?
-Манай уур амьсгалтай төстэй Сибир, ОХУ-аас гаралтай алим, чавга, интоорын сортуудыг Дарханы хүрээлэнд туршаад манай оронд ургуулах боломжтойг нотлон аж ахуй нэгжид цөөхөн тоогоор зардаг юм. Энэ эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хүчин чадлаас хамаараад суулгац үйлдвэрлэж байгаа хэмжээ маш бага байдаг. Сүүлийн үед аж ахуй нэгжүүдийн санхүүгийн чадвар сайжраад өөрсдөө ОХУ-аас эх орондоо ургах боломжтой суулгацыг авчран нэлээд том талбайд ургуулж буй газрууд нэмэгдэж байгаа.
-Алимыг ямар хөрсөнд тариалах хэрэгтэй вэ? Ургаж байх явцад ямар арчилгаа шаарддаг вэ?
-Таримал ургамал учраас тарихаас эхлээд ургах хүртэл байнгын мэргэжлийн арчилгаа түлхүү шаарддаг. Хамгийн гол нь усалгаа, дулаан л их чухал шүү дээ. Иймд манай орны эрс тэс уур амьсгал тариалалт хязгаарлах гол хүчин зүйл болдог.
-Манай улсад алим тариалж байгаа хэлбэр хоршооллын түвшинд байдаг уу. Компанийн хэмжээнд тариалдаг уу?
-Бүхий л хэлбэрээр тарьж байгаа даа. Зарим иргэд 1-2 га талбайд тариалж байхад аж ахуй нэгж 3-5 га-д тариалж байх жишээтэй. Харин чацарганыг 500 га талбайд, 100 га-д ч тариалж байна.
-Монголын нөхцөлд алимаар хэдийд эх орныхоо хэрэгцээг хангах боломжтой вэ. Энэ тухай гаргасан судалгаа бий юу?
-Бид чацаргана болоод бусад жимсийг 2016 он хүртэл 20 мянган га талбайд тариалж, нийт физиологийн хэрэгцээний 20 орчим хувийг дотоодоосоо хангах зорилго тавиад ажиллаж байна. Харин манай оронд ургах боломжгүй, дулаанд дуртай усан үзэм, гадил жимсийг импортоор чанарын шаардлага хангасныг нь авч хэрэглэх нь зайлшгүй юм. Эх орондоо ургах боломжтой жимсний тариалалтыг нэмэгдүүлж, ажиллаж байгаа.
-Алим манай орны дөрвөн аймгийн хэдхэн газарт л тариалагддаг гэлээ. Бусад аймаг, бүсэд тариалж болох уу?
-Бололгүй яахав. Хамгийн гол нь хөрөнгө санхүү, мэргэжлийн боловсон хүчин, орчин бүрдүүлэхэд ургах боломжтой шүү дээ.
-Иргэд сонирхлоороо хашаандаа жимсний бут суулгах болжээ. Тэгвэл нэг алимны суулгацын зах зээл дэх үнэ нь хэд байдаг юм бэ?
-Залгаж бэлдэхдээ дор хаяж таван жилийн хугацаа хэрэгтэй байдаг гэлээ шүү дээ. Тэгэхээр чацарганы суулгацтай харьцуулахад харьцангуй өндөр үнэтэй. Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэн 7000-8000 төгрөгөөр зардаг.
-Манай улс жимснийхээ хэрэгцээг Хятадаас хангаад удлаа. Энэ тухай салбарын мэргэжилтний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Хятад алим тариалалтаараа дэлхийд тэргүүлдэг улс шүү дээ. Дэлхийд хураагдаж байгаа нийт алимны 50-иас илүү хувийг зөвхөн Хятад хурааж, олон оронд экпортолдог. Иймд манай улс чанартайг авчирч хэрэглэвэл болохгүй зүйл байхгүй.
- Өнөөдөр гадаа шуудайлчихсан байгаа алимыг Монгол мөн эсэхийг хаана шалгаж, хянах ёстой вэ?
-Үүнийг мэргэжлийн хяналтын газрын таримал ургамал шалгах байцаагчид шалгаж гарал үүслийг тогтоох учиртай.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 3 )
Бас нэг зүйл хэлэхэд Нутагшсан алимаа залгаж үржүүлэхгүй бол гадаадаас суулгац авна гэвэл худлаа болоод байна. ирээд нэг жил ургаад өвөл нь хөлдөөд ”Умаахум” болно. тэгж хөрөнгөө барахаар залгах нь илүү үр дүнтэй байна. бид 200-хан модтой болсон. 200,0 сая модтой болцгооё л доо . монголчуудаа . өөрийн хөрсөн дээр тариад, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглээд, эрүүл амьдарцгаая. гадаадын хортой алим идсээр нэг мэдэхэд хорт хавдраар уван цуван ”Явцгаагаад” байх уу? Хамтарч Монголоо гэсэн сэтгэлтэй Буянтай хүн байна уу?
Зөв зүйтэй бичжээ. Монголд уртаашаа 4-5тн алим хурааж байгаа. бүгд устаад дуусаж байна. харин Ховдын Булганд залгаад үржүүлж байгаа 3 хүн байна. хөрөнгийн эх үүсвэр олдохгүй байгаагаас хөгжихгүй байна. банкны зээл авна гэхээр 8 жилийн дараа ургацаа хураах тул хүү, зээлэндээ яг ” нам үхэж” байна. иймээс хамтран БУянтай хүн байна уу.? 100-га-д тариалаад жилд 4-5 тэрбум төгрөг олоод 70-80 жил үр удмаараа ашиглах хүн байвал ”Нутгийн удирдлага” сэтгүүлийн 2015 оны№ 06- г уншаад холбогдоорой.
Энэ хүн зөв ярьж байна. Алим,чавга залгаж ургуулдаг учраас хүч хөдөлмөр их зардаг. Иймээс үнэ өндөртэй болдог. Харин хувь хүмүүс хашаандаа тарьж эхэлсэн нь сай шаалтай.. Бид энэ төрлийн том жимсний суулгацыг ОХУ-ын Буриадаас оруулсаар 3 жил блож байна. Овоо ургаад л байна. одоо жимсээ авах л үлдээд байна. Сэлэнгэд ранетка,давжаа алим болон улаан үхрийн нүд, тошлой, жимолость, интоор жимсээ өгөөд эхэлчихсэн. Буриад манайхтай адил цаг агаартай зүгээр л жимсээ аваад байна. ХААЯ болон төрөөс нь бодлого хэрэгжүүлмээр санагддаг.