УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны есдүгээр сарын 17-ны Даваа гарагийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэний эхнийх нь Ажлын хэсэг байгуулах тухай асуудал байлаа.
Энэ нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангайн Цэнхэр, Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг байгуулах тухай асуудал байв. Тухайн нутгийн иргэд уул уурхайн компаниуд байгаль орчинг нь доройтуулж байгаа талаар УИХ-ын даргад удаа дараа гомдол ирүүлсэн учраас энэ асуудлыг хэлэлцэж байгаа аж
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан М.Зоригт гишүүн асуулт тавихдаа ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Яг ийм нөхцөл байдалтай газар Монголд хэдэн зуугаараа байгаа. Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд Зотолхан уулыг тусгай хамгаалалтанд авах талаар байнга ярьдаг. Энэ мэт асуудал орж ирэх тоолонд ажлын хэсэг байгуулаад байх уу, эсвэл тодорхой шалгуур үзүүлэлт байна уу?” гэж асуув.
Байнгын хорооны дарга Г.Баярсайхан энэ асуултад хариулахдаа:
-Байнгын хорооны эрхлэх ажил үүргийн хүрээнд хяналт шалгалтын ажил багтдагийн хувьд тус хорооноос ажлын олон хэсэг гарч шалгалт хийж ирсэн байдаг. Шаардлагатай бол асуудлыг том, жижиг гэж ялгалгүйгээр Ажлын хэсэг байгуулна гэлээ.
Мөн О.Баасанхүү гишүүн “Урт нэртэй хуулийн хэрэгжилтээс улбаалан ийм ажлын хэсэг байгуулах гэж байна гэж ойлгож байна” гээд УИХ-ын зангаргаар ажлын хэсгээ өргөтгөж, Засгийн газрын байгууллагууд, тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Уул уурхайн яамд, Мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн хүмүүсийг оруулж ажиллуулах саналтай байгаагаа хэлэв.
Байнгын хорооны дарга Г.Баярсайхан уг саналыг дэмжээд тус Байнгын хорооноос гол, усны хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох яамд, газрын мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах нь зүйтэй гэлээ.
Ингээд Ажлын хэсгийг Байнгын хорооны даргын санал болгосноор О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, Х.Болорчулуун нарын дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Байнгын хороон дарга өөрөө ахлах, мөн тус Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх Дэд хэсгийг БОНХЯ, Уул уурхайн яам, МХЕГ-ын холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулахаар болж, хуулийн хэрэгжилттэй танилцсан тухайгаа Байнгын хороонд 10 дугаар сард тайлагнахаар боллоо.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Ургац хураалтын талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол гаргах эсэх тухай асуудал байсан юм. Тус байнгын хорооны есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэл ажил, үр тарианы агуулах савны хүрэлцээ, хангамж, цаг үеийн байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсож, тайлбар тодруулга авсан бөгөөд энэхүү тогтоолоор ургац хураалтын явцыг эрчимжүүлэх ажлын хүрээнд авах арга хэмжээнүүдийг 3 заалтаар томъёолсон байсныг гишүүд нэг бүрээр нь хэлэлцэн, нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Эцэст нь тухайн асуудлаар тогтооол гаргах нь зүйтэй, гэхдээ уг тогтоолынхоо агуулгыг сайжруулж “Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол байдлаар чамбайруулан томьёолж, дотоодын хэрэгцээнээс илүү гарсан улаан буудайг борлуулах асуудлыг зөвхөн судлах бус, судалж шийдвэрлэх, чухам ямар сортын улаан буудай гаргах, улаан буудайнаас гадна тосны ургамал-рапс гадагш гаргахтай холбоотой заалт нэмэх зэрэг гишүүдийн гаргасан саналыг бичгээр авч нэгтгэсний дараа тогтоолоо баталгаажуулахаар болов.
Сэтгэгдэл ( 0 )