Эдийн засгийн хөгжлөө даган дэлхийн цэрэг, зэвсгийн хүчний төвлөрөл Өрнөдөөс Дорно руу шилжиж байгаа гэж олон улсын шинжээчид үзлээ. Өрнөдийнхөн батлан хамгаалахын зардлаа багасгаж байхад Хятад, Энэтхэг, Бразил эсрэгээр улам нэмэгдүүлж байна. Стокгольмын энхийн асуудлыг судлах олон улсын хүрээлэн /SIPRI/ өнгөрсөн долоо хоногт шинэ тайлангаа нийтэллээ. Манай гарагийн улс орнуудын нийт зардал нэг триллон 630 тэрбумд хүрчээ. Хөгжиж буй орнуудад үзүүлдэг тусламж энэ мөнгөний аравны нэгт ч хүрэхгүй бөгөөд урьд нь хэзээ ч ийм их мөнгийг цэрэг армид үрж байгаагүй юм. Хятад, ОХУ, Бразил, Сингапур, Өмнөд Солонгосын цэргийн үйлдвэрүүд өрнөдийнхтэй эн тэнцүү өрсөлдөж эхэлсэн байна. Өмнөд Америкийн цэргийн төсөв хамгийн их буюу 5.8 хувь хүрсэн бөгөөд нефьт олборлогч Алжир, Ангол,Нигери улс бусдыгаа түрүүлжээ. 2006-2010 онд хамгийн их зэвсэг импортолсон улсаар Энэтхэг тодорсон бөгөөд тус улсад манай гарагийн цэргийн зардлын 9 хувь ногддог. Энэтхэг зэвсэг, техникийнхээ 82 хувийг ОХУ-аас авдаг аж. Гэхдээ Энэтхэг дуртайдаа биш харин харилцаа тааруухан хөрш Пакистан, Хятадаас болоод ийм их мөнгийг дайны бэлтгэлд зарцуулдаг аж. Хятад улс 2011 оны цэргийн зардлаа 91.5 тэрбум доллар гэж албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь өнгөрсөн оныхоос 12.7 хувиар их. Гэвч гадаадынхан энэ тоог хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Хятадын цэргийн зардлыг 120 тэрбум долларт хүрсэн гэж үзэж байна. Ийнхүү манай урд хөрш цэрэг, дайны зардлаар дэлхийд хоёрт жагслаа. Тэргүүн байранд мэдээж АНУ байгаа бөгөөд тэд 2010 онд 700 тэрбум долларыг армидаа үрсэн. Энэ нь дэлхийн цэргийн зардлын 43 хувь аж. Америкчууд 2011 онд цэргийн төсвөө 740 тэрбумд хүргэхээр төлөвлөсөн. Хятад улс цэргийн зэвсэг, техникийн нэлээд хэсгийг дотооддоо үйлдвэрлэдэг учраас жинхэнэ зардлаа нуух боломжтой. Тус улс бусдаас хуулбарласнаа хөгжүүлж өртөг багатай үйлдвэрлэдэг учраас АНУ цэргийн төсвийн зургааны нэгээр өөрийн 2.4 сая хүнтэй армийн хамгийн сүүлийн үеийн онгоц, техник, зэр зэвсэгээ бүрэн тоноглож чаджээ. Харин манай хойд хөрш ОХУ цэргийн төсвөөр АНУ, Хятад, Их Британи, Францын дараа дэлхийд тавдугаарт жагсчээ. ОХУ өнгөрсөн жил 2001 оноос хойш анх удаа цэргийн зардлаа бууруулж 59 тэрбум доллар болгосон. Гэхдээ оросууд одоо жилд 65 тэрбум долларыг төсөвлөн армиа бүрэн шинэчилж, зэвсэглэхээр төлөвлөжээ. Тэгээд Их Британи, Франц цэргийн төсвөө багасгаж байгаа тул оросууд удахгүй гуравдугаарт орох магадлалтай. Ийнхүү манай хоёр хөрш зэвсэглэлээр хөөцөлдөж эхэллээ.
Б.Идэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )