Хар багаасаа барааг нь харж, өвс бэлчээр тэгшхэн хөндий хонхрыг нь түшиж тэмээ малаа хариулж өссөн нутгийн нэгэн өндрийг бид Хайрхан гэх. Жинхэнэ нэр нь Залаа. Хажуунаас харахад богтос чөмөгний залаархуу хэлбэртэй, чанх хойноос нь бол ембүүтэй төстэй хөөрхөн хар уул л даа. Хавь ойрд нь түүнээс өөр өндөрлөг байхгүй, говьдоо бол өдөрчийн газраас зэрэглээ цахилуулан өндөлзсөн уран гоёмсог хайрхан. Хайрханы хонхорт мал их идээшлэгтэй тогтох. “Миний хүү Хайрханы хонхор руу өнгийгөөрэй. Хэдэн тэмээ тэнд байгаа вий” гэж ээж минь хэлэх. Арван хэдтэй жаалхүү миний эрлийг энэ хонхор олон удаа мухарлаж байжээ. Харин Хайрханы өмнө хол саахалт орчимд ганц өнчин бор толгой байх бөгөөд мал хуй түүгээр нэг их очоод байдаггүй нь сонин. Сайн ажиглавал өвөр бэлдээ хондтой байсан бололтой, хэдийнээ хулшраад халанхай бор шороо хацрын сорви шиг болсон байдагсан. Бодвол айл буулгүй хичнээн он улирсныг хэн ч үл мэднэ. Мэддэг хүмүүс нь аль хэдийнэ нөгөө ертөнцөд явчихсан гэх. Энэ нутагтаа очиж, хүүхэд багынхаа мөрийг гишгэж, ухаа овооныхоо тоглоомон дээр хэсэг саатаж, уяран суулаа. Юу эс бодохов. Тээр өмнө Хөх хурууны хэдэн толгод усан зэрэглээн дунд ар араасаа бөмбөрөн цогино. Газрынх нь өнгө хөх сааралдуу болоод л Хөх хуруу нэрийг эцэг дээдсээс минь хайрласан байж таарна. Ногооны униар хөөнгө татаад, тэмээ мал налайн идээшлэх нь өнтэй зуныг илтгэнэ. Бага байхдаа энэ хавьд мөн ч олон өдөр тэмээгээ хариулж, хамар цоргисон агь таанын үнэрт нь умбаж явжээ. Хөх хурууны баруун дэнж дээр хоёр гэр цайвалзах нь Иш бандгайнх байж таарна. Морины хөлс сэврэн салхин дээрээс үнэртэх нь таатай. Мордоод тийш ергүүллээ. Хоёр хөгшин сүйд болж уулзав. Өтлөх тийшээ хандаж л гэнэ. Эцэгтэйгээ улам адилхан болж л гэнэ. Уулзалгүй хориод жил болсон юм байна. Миний багад энэ Хөх хуруунаас гардаггүй, цөөхөн сайхан малтай, хөөрхөн бор гэртэй, хэдэн сэрвэлзсэн морьдтой тийм л айл байдагсан, тэр янзаараа. Иш бандгай ярьж байна. “За хө, чи хүн аятай нутгаараа нэг ирдэг чинь сайн байна. Хот орон газар овоо яваа дуулддаг. Бид хоёр та нарын сургийг дуулж суудаг улс шүү дээ. Биднийгээ, нутгаа мартаж болохгүй. Юмжид бид хоёр яахав ээ, хүүхдийн буянаар болж байнаа. Энэ зүүн гэр хүүгийнх. Дээр үеийнх шиг нэгдлийн олон малд дарагдана гэх биш. Энэ хэдийгээ бөөцийлөөд жаргаж суунаа, хүү минь. Чи чинь зохиол мохиол бичдэг хүн болсон гэх шив. Тэр жил багийн өдөрлөг дээр очоод ирсэн том хүү маань айл бүхэнд чамайг номоо өгч байна гээд тэр харагдаж байгаа зузаан номыг аваад ирсэн, бид хоёр хоймроо залчихсан. Бид хоёрын нүд үзэх биш, орсон гарсан багачуулаар хааяа дуудуулдаг юм. Шүлэг мүлэг гэж мэдэх биш, сонсож суухад сайхан юм билээ. Чи хө, нутгийнхаа нэр усыг овоо тогтоосон юмаа, болж дээ хүү минь. Аавтай чинь би ганзага нийлж явсан хүн. Адуу малын арилжаа наймаа, аян жин тээх гээд алийг хэлж барахав”. Өвгөний яриа өрнүүлэх завсар Юмжид эмээ ингэний мэлтэлзсэн нэрмэл гаргаж тавилаа. Иш бандгай хэлж байна.
-Энэ рашааныг хэр хүртдэг билээ дээ, хүү?
-Муухан даа. Хааяа балгана аа.
-Тааруулж зоогловол зүгээр идээ шүү дээ. Одооны хүүхдүүд хэтрүүлээд, золигтоод байдаг сурагтай. Энэ тэлвийзээр сонсож суухад болчимгүй юм мөн их дуулдах юмаа. Чи ч хотын хүн мэдэлгүй яахав. Ооч, ооч хүү минь. Цагийн сайны монгол архи биенд зүгээр.
-Би унаатай яваа болохоор дэмий биз дээ.
-Ваа золиг, ахын чинь муу номхон хээр байх ч билээ. Чамайг аваачаад хаячихаа мэдэх байлгүй. Уухаа л тааруул гэх үес Юмжид эмээ тэндээс:
-За яахнав, хүүг архиар шахаад өөрөө л гудрах гэж тэр. Хань татаж байгаа ухаантай юм байх даа, оочоод унтаад өгнө. Жаал ярьж сууг. Оройтмоор бол хоноод явахгүй юу гэж байлаа. Хоёр бууралтай ийн ярилцаж сууснаа мөнөөх айл буухаа байсан өнчин хондын тухай Иш бандгайгаас асуумаар санагдаад явчихав. Өвгөн жаахан халамцчихаж, ярьж байнаа. “Юм хум бичдэг хүнд сонин байж мэдэх юм шүү. Бандгай нь ярьж өгье. Аль улирсан цагийн явдал юм гэнэ лээ. Миний эцэг ярьж байснаар бодоход лавтай нөгөө хувьсгалын өмнөх явдал байж таарна. Тэр бор толгойг цээрлээд хэлэхгүй байсаар нэр нь хүртэл мартагдсан гэдэг. Тэнд нэг айл нутагладаг байж гэнэ. Өө золиг, нэр нь бас орж ирдэггүй шүү! За тэр яахав, ер нь дөчөөд насны эр, эм хоёр байсан болов уу. Нөхөр нь ан хийнэ. Манай энүүгээр чинь зээр гөрөөс элбэг, чи мэдэлгүй дээ. Их Цанхид аргаль хүртэл байдаг байсан. Мань эр түүнээс хааяа нударчихдаг байжээ. Тэр цагт ямар хорио цээр, хууль мууль гэж байсан биш. Харин хө, эрчүүд болгон буу шийдэм гэдэггүй, аль тааралдсанаа хороодоггүй, их учир жудагтай байсан юм гэнэ лээ. Би чинь оготны хамраас ч цус гаргаж үзээгүй амьтан, нарийн юмыг юугаа мэдэхэв. За тэгээд нөгөө нөхөр нэг өдөр анд морджээ. Бүр Хайрхан руу гарч дээ. Тэнд ганц хар үнэг байдаг, түүнийг хааяа нэг хүн үзсэнээс биш, буу шагайдаггүй байжээ. Одооны хэлээр бол дархлагдсан амьтан юм биз дээ. Нөгөө золиг чинь түүнийг өдөржин хөөсөөр, мөрдсөөр Хайрханыг гурав тойрч байж нухсан юм гэдэг. Мөнгөн сортой сугсалзсан хар үнэг байж гэнэ. Цовдлоод л гэрийнхээ гадна өлгөчихөж. Намаршаад сөл тасарч байсан цаг юм гэдэг. Тэр шөнө хонь мал нь үргээд сүйд болж гэнэ. Хоточ нохой нь хуцаж боргож байснаа гаслаад явчихаж. Мань эр дээлээ ханцуйлаад буугаа бариад гартал улаан нүүрэнд нь чоно асчихаж. Буудахын завдалгүй багалзууры нь тас хазчихсан юм гэнэ лээ. Тэр бүү хэл, тооноор нь үсэрч ороод эхнэрийг нь бас барьчихаж. Ингээд тэр айл орвонгоороо сүйрсэн юм гэдэг. Өвгөчүүл худал хэлэхгүй. Энэ үнэн явдал юм гэнэ лээ. Тэр хавийн өвс ногоо гарц сайтай, сайхан гэж юу хэлэхэв, шүлс гоожмоор. Галт хар үнэгний хараал хүрч, лус савдаг хилэгнэж галзуу чононд хамаг малаа, амь биеэ сүйдлүүлчихсэн нэгийм улирсан домог шиг юм байдаг юмаа. За нэг баримжаа нь иймэрхүү шив дээ. Түүнээс хойш тэр хавьд айл нутаглахаа больсон юм гэнэ лээ. Догшин газар гэж байдаг, бас алж болдоггүй ан гэж байдаг. Их учиртай үг. одоо ч тэгээд хэн хамаагүй, хаана хамаагүй, юуг ч хамаагүй нударцгаадаг болж дээ. Хайрханы хавьд одоо хэдэн хар сүүлт байдаг байсан, одоо үс ч байхгүй болсон. За ийм шив дээ, энэ өвгөн худлаа залж байна гэж битгий бодоорой. Би аль багад сонссоноо ярилаа. Хүү минь наадхаасаа уу л даа”. Иш бандгайн яриа дуусахад надад нэг хөгийн мөртөө эвгүй юм бодогдоод явчихав. Аймагт байхдаа нэг нөхөр маань “Хоёул анд явъя. Чи мотоцикль сайн барьдаг, би сайн бууддаг, за битгий хомуун зан гаргаад бай, турж үхэх гэж байж. Хилийн мах ч ховордлоо, алив түргэл” гэж шавдуулсаар яг энэ Хайрханы дэргэд хүрээд ирвээ. Хайрханы зүүн хойд хажууд хэдэн зээр биднийг үзмэгц чанх хойшоо цахилж өгвөө. Мань хүний баярласан гэж яана, “За хө атгаад байгаарай. Хойд хяр хүргэлгүй гүйцээд явбал өвөрт орлоо гэсэн үг. Хоёрыг туучихъя, алив явсхийгээч” гэж бачимдан хашгирах үес юу болсныг бүү мэд. Муу мотоцикль учир зүггүй мурчигнаад, яахын ч завгүй дугуй хадаад явчихав. Мань хүн миний толгой дээгүүр даваад тээр тэнд унаж байна. Би мотоцикльдоо дарагдаад тэлчилж байлаа. Нөхрийн нүүр гэж улаан нялга. Муу буу нь амаараа шороо гудраад тэнд хэвтэнэ. Мань эр хараал тавьсаар намайг татаж авав. Ямар ч бартаагүй газар шүү дээ. Нөгөө хэдэн зээрийн тана нь гялалзаад хойд гүвээн дээгүүр давж харагдав. Амьд үлдсэндээ баярлаад хоёул буцаж билээ. Догшин газар гэж байдаг ажээ. Тэр эрт үеийн эр, эм хоёр орон гэрээрээ сүйрдэг шиг бид хоёр ч гэсэн амиа Хайрханд өргөчих дөхсөн юм шүү. Хурдны зүү ная өнгөрч байсан санагддаг юм. Нутгийн заяа түшээ биз ээ. Хайрхан минь намайг нэг хашраагаад явуулсан бололтой юм даг аа! Ийн бодмоглож суутал Иш бандгай өөдөөс нэг харснаа “Өө хүү минь, өнжөөд яв. Чи хө хөөрхөн халчихсан бололтой, юмыг яаж мэдэхэв, нүүрэндээ үстэй адгуус! Хөгшөөн, хоолны ая бодно байгаа. Морийг чинь би тавиад ирье. Энэ жилийн ногоо гэдэг хөлөөр тушиж байгаа. Хүү минь миний л мэдэх хориод жил ийм дэлгэр зуншлага үзсэнгүй” гэсээр өвгөн түмэн насан хээт ширдгэн дээрээ бахим мойног хуруугаараа нужигнатал дараад босож үүд рүү алхав. Нутгийн буурлаар морио тавиулна гэдэг алдас болно хэмээн бодоод араас нь гялсхийн бостол Юмжид эмээгийн тогоотой сүү рүү золтой л ойччихсонгүй, багана түшин тогтдог байгаа. Ингэний цэнхэр ч зальтай бөгөөд хатуухан хайрхан шүү! Даанч нэг нүүр өөд хараад байсан юм. Өвгөн намайг андуурсангүй ээ.
Э.Хархүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )