Сонгуулийн чимээ ойртох тусам намууд бэл бэнчингээ тооцож, УИХ-д сонгогдохыг горилогсод мөнгөө тоолоод завгүй сууна. Зарим нь хаанаас хэдэн төгрөг хусах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болоод байна. АН хэзээнээсээ дэнчингийн мөнгөөр санхүүжилтийнхээ нэлээд хэсгийг хаадаг болохоор ирэх сонгуульд урьдынхаас бараг нэг дахин өсгөөд мөрөөдөгч бүрээс 50 сая төгрөг татаж байгаа ажээ. Дэнчингийн мөнгөгүй бол хичнээн өндөр мэдлэг, чадвар, улс төрчийн сайн имижтэй байгаад нэмэргүй. Энэ тухай АН-ын гишүүн, БСШУ-ны дэд сайд Куланда их л гомдонгуй ярьж байсан. Түүнд үзээд өгье ч гэсэн ийм хэмжээний мөнгө байхгүй гэнэ. Түүнээс биш япон, англи, орос хэлтэй, улс төрийн халуун тогоонд 20-иод жил чанагдсанаараа одоогийн пацаануудаас хавьгүй илүү улс төрч гэдгийг хүмүүс андахгүй байх. Саяхнаас АН-ынхан дэнчингийн мөнгөө энэ оны 12 сарын 1-ээс өмнө хоёр хуваан тушаах шийдвэр гаргахад Куланда нэг иймэрхүү янзтай угтаж байв. Ингэж муухай царайлах нь арга ч үгүй биз. Түүний дэргэд бараг хэн ч биш гэмээр хүмүүс, тухайлбал Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Тэргүүн шадар сайдын зөвлөх Н.Хүрэлсүх мэтийн хүмүүс дэнчингийн мөнгө өгөөд маадгар гэгч алхаж яваа сурагтай. Улс төрд хөл тавихад иймэрхүү хор шар хөдөлгөсөн юм зөндөө л болдог хойно доо. Гэвч хэн, яах гэж улс төр рүү зүтгэдэг нь сонин бөгөөд бас аймаар байгаа юм. Улс төрөөр хувийн бизнес хийх сонирхол өсч байна гэж зарим судлаачид дүгнэдэг аж. Тиймээс хамгийн түрүүнд шахуу УИХ-ын гишүүдээс ихэнх нь мөнгөө тушаачихсан гэнэ. Тэд мөнгөний амтыг шинэковуудаасаа илүү сайн мэдрээд байгаа тул уургын морь шиг ухасхийсэн болов уу. Мөн гэр бүлээрээ улс төрд орохыг хүсэгчид ч цөөнгүй бололтой. Монголын ураны ордуудыг Оростой хуваах уу, Японтой хамтрах уу гээд ацан шалаад ороод байгаа “Мон-Атом” төрийн өмчит компаний захирал Р.Бадамдамдин хүү Б.Баттүвшингийн хамтаар УИХ-д хүч үзэх гээд мөнгөө өгсөн байх юм. Хэрвээ аав хүү хоёр хоёулаа сонгогдвол УИХ-д гэр бүлийн гэсэн тодотголтой бяцхан бүлэглэл үүснэ. Магадгүй ашиг сонирхлын зөрчилдөөн ч тасрахгүй байж мэднэ. Аав нь уранаас ашиг унагах гэж зүтгэхэд хүү нь дагаад л гүйж таараа. Одоо УИХ-д Зүүн хойд Ази гэсэн фракц байгаа бөгөөд үүний идэвхтэй гишүүдийн нэг нь Р.Бадамдамдин юм. Тэр урьд нь УИХ-ын гишүүн байж үзсэн хашир толгой. Түүний адил бас УИХ-ын гишүүн асан буриад С.Билэгсайхан, сүүлийн үед нэлээд хэл амнад өртөөд яваа “Ажнай”-н Бат-Эрдэнэ ч дэнчингийн мөнгөний 50 хувийг намдаа тушаажээ. Талийгаач Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо, өнгөрсөн сонгуульд Баянзүрх дүүрэг үзэлцээд МАН-ын Ц.Батбаярт хулхидуулсан гэх Ж.Батзандан, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, гарьд Б.Гантогтох, “Монос”-ын Эрдэнэчимэг зэрэг улс төрийн мөнгөний үнэр авсан шинэ хүмүүс дэнчинд цөөнгүй орж ирлээ. АН сонгууль бүрийн өмнө ингэж ил тодоор хэн хэдэн төгрөгийн дэнчин тавихыг зарладаг бол МАН-ынхан хэсэгтээ л чимээгүй явдаг уламжлалтай. АН-ын хувьд хүмүүст арай нээлттэй ханддаг бол МАН хаалттай байдаг гэсэн үг. Хаалттай юм болгоны ард луйвар булхай л бугшиж байдаг. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар МАН удахгүй сонгуулийн ротаци маягийн ажил зохион байгуулж УИХ-д нэр дэвшихээр горьдогсодоо тодруулах эхний шатны арга хэмжээ авах юм гэнэ. Энэ үеэрээ санхүүжилтийн буюу дэнчингийн мөнгийг зарлан, хурааж эхлэх бололтой. Энэ мөнгө нь АН-ын 50 сая төгрөгөөс багагүй байх ажээ. Ер нь МАН бол эрт дээр үеэсээ бэл бэнчин сайтай байлаа. АН-ынхан 1996 оны сонгуулиар хоосон гуяа ганзагалж, хэн надад хэдэн төгрөг хандивлах бол гээд нааш харсан болгон руу гүйлдэж байхад МАН-аас нэр дэвшигчид бараг л мөнгөөр гулигуулж байсан юм. 2000 оны сонгуульд АН харин арай гайгүй мөнгөтэй орсон. Дэнчингийн мөнгөө ч өсгөсөн байлаа. Гадаад дотоодын хандивлагчид ч чамгүй их байсан гэдэг. 2004 онд ч бас ялгаагүй, МАН-тай мөнгөөрөө өрсөлдөх хэмжээнд хүрчихсэн түхийж байв. 2008 онд энэ хоёр намын аль аль нь ёстой жинхэнэ мөнгөөр бороо оруулах шиг болсон доо. МАН-ыг нөгөөдүүл нь мөнгөөр зодож санал худалдан авлаа гээд л байсан. Үнэндээ улаан цагаандаа гарч бэлэн мөнгө тарааж байгаад баригдаж шуугиан тарьж байсан Чойжилсүрэн шиг бэл бэнчингээ гайхуулан түгээлт хийсэн хүн цөөнгүй байсан гэдэг. Арай илүү мөнгө тарааж, их хэмжээний луйвар хийсэн нь МАН байсан тул иргэдийн үймээн самуун дэгдэж намын байр нь шатаж, таван хүн амиа алдахад хүрсэн юм. МАН-д гадаадаас ч санхүүжилд орж ирж байсан гэнэ лээ. Намынхаа байрыг шатсаны дараа 17 тэрбум төгрөг босгож шинэ байр бариулж чадлаа. Энэ мөнгөний талыг нь банкны зээлээр олсон гэж ярьдаг нь бас эргэлзээтэй. Ер нь намуудын санхүүжилт улсын нууцаас ч илүү чанд нууц зүйл. Хэн ч үнэн бодитой мөнгөн дүн, тооцоог хэлдэггүй. Хэлсэн ч их хэмжээгээр дарсан тоо мэдээлдэг юм. Тэгэхээр намуудын дэнчингийн мөнгө юу ч биш байгаа биз дээ. Хүмүүст ийм л хэмжээний санхүүжилтийг төрийн санхүүжилтээс тусгайд нь дэнчингээр босгож байгаа гэсэн ойлголтыг төрүүлэх төдий юм зохион байгуулдаг аж. Цаана нь харин далд санхүүжилтээр хэдэн тэрбумыг цуглуулж сонгуульд цацдагийг хязгаарлах хэрэгтэй байгаа юм. 2008 оны сонгуулийн дараахан АН-аас АНУ руу нэгэн нууц захидал илгээгдсэн гэсэн яриа бий. Тэрхүү нууц захидалд “Хандив өгсөн та бүхэнд баярлалаа. Бид та нарын захиасыг харамсалтай нь одоогоор биелүүлж амжаагүй байна” гэсэн утгатай үг цохиж явсан тухай нэгэн эх сурвал өгүүлж байсныг санахад илүүдэхгүй байх. МАН-ыг мөн ялгаагүй Орос, Хятадын томоохон компаниудаас том мөнгө босгосон гэдэг. Тиймээс хяналтыг улам хүчтэй байхаар хуульчлах хэрэгтэй байна. Ер нь сонгогчдын санал татах, худалдан авах бохир ажил хэлбэр төрхөө өөрчилж байгаа нь илэрхий харагдах боллоо. Аймаг орон нутагт тусламж, дэмжлэг, өрхийн аж ахуйг өөд татах гэх мэтээр компани, хувь хүмүүсээс мөнгө цутгаж эхэлжээ. УИХ-ын гишүүд тэрбум төгрөгөөрөө байшин барилга, шальтай шальгүй байгууламжийг засварласан, цэцэрлэгт хүрээлэн хийсэн гээд л баяр хөөртэйгөөр тууз хайчлан ёслол үйлдэж яваа нь санал худалдан авалт биш гэж үү.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )