Улс төрийн намууд сонгуулийн хуулийг шинэчлэх тухай цуврал яриа өрнүүлж эхлээд байна. Саяхан ИЗ-НН-аас энэ уулзалт ярилцлагыг удирдан явуулав. Түрүүнд нь МАН-ын дарга нар ийм уулзалт хийгээд “Юм амлахаа болъё” гэдэг дээр санал нийлцгээсэн. Харин энэ удаагийн уулзалт яриа сонгуулийг ямар системээр хийх вэ гэж санаа зовинон яваагаа учирлацгаав. АН-ын дарга Н.Алтанхуяг пропорциональ хувилбарыг санал болгосноо ярианыхаа төгсгөлд “Ер нь холимог системээр явуулсан ч яахав” гэлээ. Түүний хувьд аль нэг дээр нь хатуу тогтож чадаагүй яваа бололтой. Можаритор системд харшилтай тухайгаа байн байн хэлж, ийм систем манай намыг жинхэнэ доош нь хийсэн гэх маягтай гомдлын үг унагаж байв. МАН-ын байр суурийг Д.Лүндээжанцан тайлбарлахдаа можариторыг магтан дуулж “Дэлхийн улс орнуудаас ихэнх нь ийм системээр сонгуулиа явуулж байна. Муу юм алга” гэлээ. Харамсалтай нь түүний яриад байгаа энэ систем хамгийн их гажуудал дагуулдаг. Тэр бүгдийг хашир хуульч Д.Лүндээжанцан одоо болтол олж хараагүй, мэдээгүй гэвэл итгэхэд хэцүү. Можаритор системээр сонгууль явуулахад адаглаад сонгогчдын санал УИХ-д бүрэн хэмжээгээр төвлөрч очиж чаддаггүй. Сонгуулийн дүн ч ихээхэн савалгаанд ордог муу талтай. Үүнийг өнгөрсөн сонгуулиудаас бэлхнээ харж болно. Сонгогчдын 10 хувийн санал хэлбэлзэхэд л намуудын УИХ дахь суудал 60 хувиар савалгаатдаг. Үүнийг МАН-ынхан зохиомлоор маш овжин ашиглаж ирсэнийг судлаачид нэгэнт нотлоод байгаа юм. Өөрөөр хэлбэл МАН ирэх сонгуульд яаж луйвар хийхээ л бодоод, тархиа гашилгаад байгаагаас биш хуулиа хүнд ойрхон, шударга ёсонд нийцтэйгээр сайжруулахыг огт хүсэхгүй байгаа бололтой. БНН-ын дарга Б.Жаргалсайхан харин үүнийг нь дахин илчлээд өглөө. Тэрбээр “Манайх пропорционалийг дэмжиж байгаа. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн үр дүнг ажлын хэсэг гарган дахин нягталж үзэх хэрэгтэй. Алдаагаа сайн судлахгүйгээр шинэ хууль гаргаад нэмэргүй. Та нар луйвараа л хийнэ шүү дээ” гэж байв. ҮШН бас л пропорциональ системээр сонгууль явуулахыг санал болгожээ. ИЗ-НН ч ийм саналтай байна. Ер нь МАН-аас бусад нь мөнгөний сонгууль болгож хувиргахад маш хялбар можаритор системээс татгалзаж байгаа аж. Гэхдээ тэдгээр намууд УИХ-ын гишүүдийн нэрээр тойрог бүрд хуваарилагдсан нэг тэрбум төгрөгийн ид шидийг төдийлөн тоохгүй байна. Энэ мөнгө ирэх сонгуулийн санал худалдан авах нэг том хэрэгсэл болж байгааг иргэдээс нууж үлдэхийг хичээж байгаа нь илт байна. УИХ-ын гишүүн болгон өнөөх нэг тэрбум төгрөгөөрөө хийсэн ажлаа сонгогчдод гайхуулан өөрсдийн РR-ыг аль хэдийнээ хийгээд эхэлчихсэн байгаа. Санал худалдан авахыг таслан зогсооно гэсэн амлалтууд нь ийнхүү захаасаа замрахаад яваа тул намуудын дээрх уулзалт яриа хоосон зүйл төдийгүй, санал хэрхэн худалдан авахаа нууцаар тохиролцож буй зүйл мэт ажээ.
О.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )