Ардчилсан нийгмийн гол зарчим нь бүх мэдээлэл ил байна, заримыг нь хязгаарлаж болно гэдэг бол манайд бүх мэдээлэл нууц байна, заримыг нь мэдээлж болно гэсэн зарчим үйлчлээд байна гэж иргэний нийгмийн байгууллагынхан шүүмжилж байна. Тэгвэл иргэд төрөөс ямар мэдээллийг ямар хэлбэрээр ямар хугацаанд ил тод авч байх ёстой вэ? Төр иргэддээ мэдээллээр хэрхэн үйлчлэх ёстой вэ? Ямар мэдээллийг нууц гэх вэ? Эдгээр асуултын хариу болсон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ажиллаж байгаа юм. Харин хууль батлахын өмнө хуулийн төсөлд санал авах зорилгоор тус байнгын хорооноос өчигдөр нээлттэй сонсгол зохион байгууллаа. Глоб интернэшнл, Эмэгтэй удирдагч сан зэрэг иргэний нийгмийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож дээр хуулийн төсөлд өгөх саналаа нээлттэй сонсголд танилцуулсан юм. Глоб интернэйшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, нууцын сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгаа учраас бүх мэдээллээ ил тод болгочихволл төр шалдан болчихно гэж айгаад байгаа. Үүнээсээ болж хуулийн төслийг бараг 10-аад жил дуншихад хүргэлээ гэж байлаа. Мөн хуулийн төсөлд мэдээлэл гэдэг тодорхойлолт, мэдээллийн үнэлгээ, мэдээлэл авах хугацаа, хууль зөрчвөл ногдуулах хариуцлага, мэдээллийг хэн өгч байх, нууцад үл хамаарах мэдээлэл зэрэг олон зүйлийг нарийвчлан тодорхой зааж өгөх хэрэгтэй гэсэн саналуудыг сонсголд оролцогчид хэлж байна. Нээлттэй сонсголд УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон Э.Бат-Үүл, Э.Мөнх-Очир, Х.Тэмүүжин, Су.Батболд нарын гишүүд оролцож, хуулийн төсөлд өгч байгаа саналтай нь холбогдуулан төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөс асуулт асууж мөн өөрсдийн саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, мэдээлэл өгөх үүргийг төрийн байгууллагад шууд ногдуулчихвал өөрийгөө сурталчлах боломж олгодог, иргэд мэдээллийг идэвхтэй хайдаггүй, төрийн нууцыг алдсан тохиолдолд яах вэ гээд мэдээлэл өгөх стандарттай болох, иргэдийг яаж идэвхжүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй гэж байлаа. Үүний хариуд сонсголд оролцогчид иргэд идэвхтэй мэдээлэл хайх ямар боломж байгааг төр сурталчилж ойлгуулах ёстой, харин нууцаа хадгалах нь төрийн л үүрэг гэсэн саналыг хэлж байсан юм. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авахэрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар бэлтгэж байгаад иргэний нийгмийн байгууллагууд талархаж байгаагаа хэлж байсан. Харин УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир энэ хуулийг яаран батлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байлаа. Тэрбээр, энэ хуулиас өмнө Нууцын тухай хуулийг ярих нь чухал. Ямар мэдээлэл нь нууц юм бэ, ямар нь нууц биш юм бэ гэдгийг эхэлж тодорхой болгосон тохиолдолд мэдээллийн ил тод байдал гэдэг тодорхой болно. Ингэхгүй бол нууц мэдээлэл задруулсан хэргээр яллагдаад л явж байна. Гэтэл тэр нь нууц байсан юмуу, үгүй юу. Би энэ Нууцын тухай хууль дээр ажиллана. Намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэх бодолтой байгаа гэлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )