ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангийн шинэ барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. Уг барилга нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, IV цахилгаан станцын урд байрлаж буй бөгөөд цагдан хоригдогсдын эрхийг хангах олон улсын стандартад нийцсэн гэх үнэлгээг авсан байна. Ганц худаг дахь урьдчилан хорих төвийг одоогоос 43 жилийн өмнө буюу 1968 оны долдугаар сарын 29-нд ашиглалтад авч байсан юм. Энэ удаан хугацаанд нийт 300 хоригдогчийг хүлээн авах чадалтай хоёр давхар барилга, нэгдсэн эмнэлэг, цэргийн байр нийлсэн уг төвд л урьдчилан саатуулах арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Мөн тэнд агаар, гэрэлгүй чийгтэй өрөө, эвдэрч муудсан хана туурганы дунд 700-гаад хоригдогсдоор даац хэтрүүлэн хүний эрхийн ноцтой зөрчил үүсч байдаг. Ганц худагийн ашиглах хугацаа дуусч, хэрээс хэтэрсний дараахан л шинэ төв барих зайлшгүй шаардлага байгааг хүлээн зөвшөөрснөөр 2007 оны наймдугаар сараас одоогийн барилгын ажлыг эхлүүлсэн юм. Өчигдөр ашиглалтад орж буй уг барлга нь А, Б, В, Г, Д блок гэсэн таван корпус бүхий нийт 18800 метр2 ашигтай талбайтай, 394 өрөөнд 1000 сэжигтэн этгээдийг ганцаарлан болон хоёр, дөрвөөр нь байршуулах хүчин чадалтай аж. Судалгааны дүнгээр жилд мянга орчим иргэн саатуулагдаж, зарим нь гурван жил хүртэлх хугацаанд цагдан хорих төвд хоригддог бол шинэ төв нь даац хэтрүүлэхгүй байх нөхцлийг бүрэн бүрдүүлсэн тухай ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ярьж байв. Мөн уг төвд сахилгын тусгаарлах байр 14, өлсгөлөн зарлагсдын тусгаарлах 10 байрыг байгуулж, нийт 428 төмөр сараалжин хаалганд хязгаарлагч, 350 цонхонд төмөр сараалжин хаалт хийжээ. Цагдан хорих төвийн шинэ барилгатай танилцаж явахад хоригдогсдын камер, уулзалтын өрөө зэрэг Ганц худагийнхаас мэдэгдэхүйц томорсон нь харагдаж байв. Саатуулах өрөөний тоо гурав дахин нэмэгдсэний зэрэгцээ нэг хүнд ноогдох талбай нь мөн 1.2 м2 байснаас 2.5 м2 болсон аж. Орчин үеийн стандартад нийцсэн гэдгийг нэн тэргүүнд хүний эрхийг хангах боломж нөхцөл хэр бүрэлдсэнээр тодорхойлох учиртай. Хоригдож буй иргэдийн эрхийг зөрчиж буй асуудал байнга сөхөгдөж, шүүмжлэлд өртсөөр өнөөдрийг хүргэсэн. Олон улсаар баталгаажуулагдсан хүний Эрүүдэн шүүлтээс ангид байх эрх манай урьдчилан хорих төвд ноцтой зөрчигдөж, түүнд хяналт тавих ямар ч боломжгүй байгааг хүний эрхийн байгууллагууд баталдаг байв. Харин шинэ төвийн байцаалт, мэдүүлгийн өрөө нь “кинон дээр гардаг шиг” гэдгээр шилэн ханаар тусгаарлагдсан хоёр тасалгаатай, иж бүрэн камержуулсан, дуу дүрс хураагуураар бүрэн тоноглогдсон байв. Төвийн нээлтэд хүрэлцэн ирсэн ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Цагдан хорих шинэ байрны тохижилтыг ажихад өмнө нь гарч байсан ноцтой зөрчлүүд эрс багасах, зарим нэг нь арилахуйц дэвшилтэд хүрсэн нь сайшаалтай байна” гэж үнэлсэн юм. Мөн гэрэлтүүлэг, агааржуулалтыг сайжруулснаар хоригдогчид чийгээс улбаалсан өвчнөөр өвдөх болон хууч сэдрэх тохиолдол эрс багасна гэж байв. Мөн 120 хоригдогч зэрэг эмчлүүлж болохуйц дөрвөн давхар эмнэлгийн байрыг тусад нь барьсан бөгөөд шаардлагатай техник хэрэгслээр бүрэн тоноглогдоод байгааг их эмч нь баталж байв. Энэ эмнэлэгт анхан шатны буюу бага хэмжээний мэс засал хийх, эх барих зэрэг хүндрэлтэй тохиолдлуудыг даваад гарчих боломж бүрдсэн аж. Гэр бүлийнхэн болон өмгөөлөгчтэйгөө уулзах уулзалтын өрөөг хэд дахин нэмжээ. Нэгэн зэрэг 36 хоригдогч ар гэрийнхэнтэйгээ, 12 хоригдогч өмгөөлөгчтэйгөө ганцаарчилсан уулзалт хийж болохоор тохижуулсан байв. Мөн дээр нь ажилтан, албан хаагчдын контор, шүүх хуралдааны танхим, тус тусын гал тогоо, хүнс хадгалах зоорь, ариутгалын болон угаалгын хэсэг, 30 автомашины гарааш, нийт 500 телекдамер зэрэг цагдан хорих төвд шаардагдах бүх зүйлийг багтаасан аж. Шинэ төвийн барилгын зардалд улсаас 10 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байсан ч 5.5 тэрбумд багтаан гүйцэтгэж дууссан тухай ШШГЕГ-ын дарга, хурандаа М.Ганхүү ярьж байв. Тэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, өөрөөр хэлбэл, засан хүмүүжүүлэх газраас мэргэжил эзэмшсэн ялтнуудын хүчээр төсвийн мөнгийг хэмнэж чадсан гэлээ. Эцэс нь, хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж буй иргэдийн хоригдох нөхцөл орчинг олон улсын жишигт хүргэснээр хүний эрхийг хангах чухал алхам болж буйг дурдах хэрэгтэй. Шинэ төвийн өөр нэг онцлууштай зүйл нь тухайн бүсийг “Тамхигүй орчин” болгосон явдал байв. Өөрөөр хэлбэл, тус төвийн хашаанаас дотогш нэг ч хоригдогч, ажилтан тамхи татахгүй, зөрчвөл хариуцлага тооцуулж байх зэргээр эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх алхам хийжээ. Ганц худагт саатуулагдаж буй иргэдийг Цагдан хорих шинэ төвд нүүлгэн шилжүүлэх ажил өнөөдрөөс тусгай журам, хуваарийн дагуу эхлэх юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )