Аж ахуйн нэгжүүдээ кластерын тогтолцоонд шилжүүлэх нь зөв гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк хамтран “Мах, ноос, ноолуур, чацарганы үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын кластерыг хөгжүүлэх нөхцөл байдлын үнэлгээ” сэдэвт судалгааны эцсийн тайлангийн нээлттэй хэлэлцүүлэг “Иргэний танхим”-д өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нээж хэлэхдээ “ Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж ирлээ. Түүнчлэн Төсвийн тухай хууль энэ оноос эхлэн хэрэгжиж, орон нутаг төсвөө өөрсдөө иргэдийнхээ оролцоотойгоор төлөвлөх, зарцуулах шинэ зарчимд шилжиж байна. Энэ үед орон нутаг бүсийн болон тухайн салбарын төлөвлөлттэй өөрийн төсөв, төлөвлөгөөг уялдуулах шаардлага бий. Эл шаардлагыг хангахад кластерын арга чухал үүрэгтэй байх болно” хэмээн тэмдэглэв.

Хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Цэдэндамба кластерын хөгжлийн талаарх судалгааны танилцуулга хийж, оролцогчид саналаа хэллээ. Дараа нь салбараа төлөөлөн Монголын Чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Насанжаргал, Махны холбооны гүйцэтгэх захирал М.Жадамбаа, Ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу, Аялал жуулчлалын холбооны өмнөөс “Нью турс” компанийн захирал Р.Халтар нар саналаа хэлж, кластерын тодорхой хэв шинжүүд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд одоо ч байгааг дурдаад энэ зарчмаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

 Кластерыг өнөөдөр дэлхийн олон оронд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх, улмаар тухайн улсын экспортын чадавхийг нэмэгдүүлж хөгжлийг хурдасгах гол арга хэрэгсэл гэж үзэж байна. Үүний зэрэгцээ бүс нутгуудыг хөгжүүлэх болон ядуурлыг бууруулах хүчирхэг хөшүүрэг юм. Кластер нэг талаас төрийн, нөгөө талаас хувийн хэвшлийнхний санаачилга давамгайлсан хоёр хэлбэртэй байх бөгөөд хөгжиж буй орнуудаас эхний хувилбарыг сонгосон нь илүү амжилтад хүрчээ.

 Кластер нь нэгд үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой хэсгүүдэд шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бий болгоход суурилсан, хоёрт үйлдвэрлэлийн үйл явцад суурилсан, гуравт инновацийн, дөрөвт тээвэр ложистикийн гэсэн хэв шинжтэй байдаг. Эдийн засаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед Монгол улс аж ахуйн нэгжүүдээ кластерын тогтолцоонд шилжүүлж, тууштай дэмжих нь нэн цагаа олсон арга хэмжээ гэж оролцогчид дүгнэж байв.

 Кластерын зарчмаар ажилласнаар үйлдвэрлэл, үйлчилгээний зардал буурч ашигт ажиллагааны түвшин ихээхэн дээшилдэг. Мөн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх таатай орчин бүрддэг, гадаад, дотоод зах зээлд гарах боломж сайжирдаг, Засгийн газар, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагын гурвалсан холбоо үүсдэг гээд сайн тал их аж.

 Амжилтад хүрэхэд кластерын сүлжээнд оролцогчид юу хийхээ мэддэг, хүний нөөцийн болон төрийн бодлого тууштай, ойлголцол, зөвшилцөлд хүрч чаддаг, манлайлагчтай байх явдал чухал юм байна.

Хэлэлцүүлгийг хааж Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Роберт Шоэллхаммэр нар үг хэлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top