Чалко, Тавантолгойд цэвэрлэгээ хийж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ 45 сард хийх 48 шинэчлэлийн төлөвлөгөө мөн Монгол орноо хөгжлийн дараагийн шатанд гаргах шинэчлэлийн бодлогоо Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.

Төрийн байгууллагын ажил өглөө 8 цагт ордог болсон, Засгийн газраас зохион байгуулж байгаа аливаа ажил товлосон цагтаа эхэлж байгааг  хамгийн түрүүнд дуулгаад Засгийн газар эхний ээжинд барилгын зөвшөөрөл, гадаад худалдаа, эд хөрөнгө, компанийн бүртгэл, эрчим хүч, татвар гэсэн зургаан чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахаа Ч.Сайханбилэг сайд хэллээ. Барилгын зөвшөөрөл авахын тулд 19 шат дамжлага туулдаг. Зөвшөөрлийнхөө араас 208 өдөр “гүйж”, 121 гарын үсэг цуглуулдаг. Ийм хугацаанд зөвшөөрлөө авлаа гэвэл том амжилт. Энэ их хүнд суртлыг цөөлж, Шинэчлэлийн Засгийн газар 34 үе шаттай, 13 процедуртай болгож, 208 хоног зарцуулдаг байсныг 59 болгосон. Мөн олонхийг нь цахим нэг цонхны үйлчилгээгээр авдаг болно.Гадаад худалдаанд олон хоног зарцуулдаг, хүнд суртал хөгжсөн салбар бол гааль. Гаалийн бүрдүүлэлт хийхэд 8 төрлийн баримт бичиг шаардагддаг байсныг 2-4 болгон цөөрүүлсэн. Мөн гааль, мэргэжлийн хяналтынхан чемодан, чингэлэг болгоныг ухаж төнхдөгөө болино гэсэн.

Нийтийн ордны үйлчилгээний төв байгуулж энэ төвөөс 30 үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ. Иргэнд үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 3-4 минут байна гэдгийг сайд хэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, Хяналтын ерөнхий газар байгуулна. Энэ байгууллага нь хянаж шалгахаас илүүтэйгээр зөвлөх туслах, сургах үйлчилгээ явуулах бөгөөд аюулгүй орчинтой монгол хүний төлөө энэ байгууллагынхан ажиллах юм.

Төрийн албыг нийтийн алба болгосноор иргэний хүсэлтийн хариуг 7 хоногийн дотор өгөх ёстой. Хариу өгөөгүй тохиолдолд “Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг” гэдэг зарчим үйчилнэ. Найм дахь хоногоос таны тавьсан хүсэлт шийдэгдлээ гэсэн үг. Харин иргэний хүсэлтэд хайнга хандсан албан хаагчид төр хариуцлага тооцно.

Яаралтай тусламжийн  шинэчлэлийг хийж эхлүүлээд байна. 101, 102, 103, 105 гэсэн дугаарыг нэг болгож 112 гэсэн дугаарыг санал болгож байгаа. Холбогдсон хүнийг хаанаас ярьсан байршлыг тогтоож 10-12 минутын дараа   дуудлага өгсөн газарт очсон байхаар төлөвлөж байгаа бөгөөд энэ  төслийг энэ онд багтаан хийхээр зорьж байна. Энэчлэн 45 шинэчлэлийг хийнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ярилаа. Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өөр ямар агентлагийг татан буулгаж өөрчлөх гэж байгаа вэ. Төрийн албаны зөвлөлийг татан буулгана гэсэн яриа гараад байгаа?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах хэдий ч Хяналтын ерөнхий газар үргэжлүүлэн ажиллана. Ажилтнуудыг нь шинэ чиглэлээр сургаж бэлтгэнэ. 100 хувь хяналт, шалгалт хийдэг байсан энэ байгууллагын тогтолцоо өөрчлөгдөж, иргэдээ эрсдэлээс сэргийлсэн, аюулаас хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Энэ чиглэлийн сургалт зөвлөгөө өгөх нь тэдний үүрэг байна. Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг ч мөн ийм чиглэлтэй болгож өөрчлөхөөр Нийтийн албаны тухай хуулийн төсөлд тусгасан байгаа.   

-Засгийн газрын бүтэц данхайлаа гэж шүүмжилж байна.Та ямар тайлбар хэлэх вэ?

-Засгийн газрын бүтэц данхайгаагүй. Хуучин 13 яам, 43 агентлаг ажиллаж байсан, одоо 16 яам, 27 агентлаг ажиллаж, 438 ажлын байраар цөөрсөн. Төрийн албан хаагчдын тоог нэг ч хүн нэмэгдүүлэхгүй гэсэн амлалтдаа бид хүрсэн. Төрийн байгууллага 33 мянган албан хаагчаар нэмэгдлээ гэж зарим улстөрч хэлсэн. Энэ бол огт үндэслэлгүй тоо.

-Чингис бондын хүүн дээр Монгол банк менежмент хийж байгаа гэсэн. Дотоодын ямар ямар компаниудтай хамтарч байгаа вэ. Тодорхой мэдээлэл өгөөч?

-Чингис бондын асуудлаар Н.Батбаяр сайд тусгайлан  мэдээлэл хийнэ. Засгийн газар хүү төлсөн зүйл байхгүй гэдгийг тодорхой хэлье.

 -Эрдэнэс Тавантолгой болон Чалко компанийн хооронд хийгдсэн гэрээний талаар мэдээлэл авмаар байна?

-Чалкотой байгуулсан гэрээг үзэхээр үнэхээр гайхдаг. Хувийн ашиг сонирхол орсон гэсэн дүр зураг харагдаад байгаа. Нүүрсний үнэ 110 доллар байхад 70, 70 доллар байх юм бол 53 доллараар  өгнө гэсэн гэрээ байгаа юм. Ингэхээр Тавантолгой ажиллаад байх нь манай улсад ашигтай юм уу гэдэг асуудал ч хөндөгдөхөөр байна. Ер нь бол энэ гэрээг цуцлах нь Монгол Улсын эрх ашиг гэж харагдаж байгаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд нэг тийш нь болгож шийднэ.

-Ерөнхий сайдын өрөөнд нууцаар бичлэг хийсэн гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсан. Нууцын зэрэглэлтэй асуудал яригдсан тохиолдолд ингэж цацагдвал яах болж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар анхаарч ажиллаж байна уу?

-Төмөр замын талаарх уулзалт Ерөнхий сайдын өрөөнд болж, бичлэг хийсэн асуудал огт байхгүй.

-Шинэчлэлийн Засгийн газар эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд төсөв хөрөнгө хэр зарцуулах вэ, энэ өөрчлөлт шинэчлэл нь иргэнд яаж нөлөөлөх вэ?

-Өнөөдөр танилцуулсан энэ ажлуудын зарим нь шийдэгдсэн, зарим нь шийдвэр гарах шатандаа ажил хэрэг болоод явж байгаа. 45 ажлаа бид бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд хийж амжуулна гэсэн зорилттой байгаа. Өмнөх Засгийн газруудаас ялгаатай нь манай Засгийн газрын хөрөнгийн боломж дээрдсэн. Өвлийн энэ саруудад бичиг цаасаа бэлтгэж аваад, хавраас хүрз жоотуу хангинуулах бололцоотой болж байна. 1.5 сая долларын бондыг босгоно гэхэд хувийн хэвшлийнхэн итгэхгүй байсан. Хэрэв энэ бүтээгүй бол бид энэ олон төсөл ярьж, хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллах төсөл, хөтөлбөрөө танилцуулах байсан уу. Тухайлбал, яаралтай тусламжийн төсөл гэхэд 23 сая доллар шаардлагатай. Гэхдээ энэ мөнгийг босгох боломжтой. Урт хугацааны зээлд хамруулж, хөнгөлөлтэй зээлээр шийдэх бололцоо нь Засгийн газарт байгаа.

-Аливаа өөрчлөлт шинэчлэлт хийхэд дунд шатандаа очоод гацчихдаг тохиолдол байдаг. Та нарын энэ шинэчлэлийг дунд болон анхан шатанд ойлгож хүлээж авч чадах уу?

-Мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бидний энэ зүйлийг ойлгохгүй бол бид хэчнээн сайхан ажил яриад хэрэгжихгүй. Тиймээс сургалт судалгаа хийнэ. Асуудал болгон бэрхшээлтэй. 100 хувь алга ташуулж гардаг шийдвэр гэж байхгүй. 100 хувь алга ташуулдаг Засгийн газар ч хол явахгүй. 10-хан хувийн дэмжлэг авч байгаа ч улс орныхоо төлөө хийхээс өөр аргагүй сэдэв ч байгаа. Шинэчлэлийн Засгийн газар хэдэн хувь нь алга ташихаас үл хамааран хөгжлийн ажлуудаа хийнэ. Дунд, доод шатандаа очихоор асуудал өөр байдаг. Зөвшөөрлийн шинэчлэлийн асуудлыг эхлүүлэхдээ дунд шатны албан хаагчдаас гарын үсэг зурдаг асуудлуудаа аваад ир гэхэд 300-г өгч байгаа юм. Хэдэн долоо хоног хамт ажиллаад ийм баримтаа аваад ир гэхэд өнөө 300 чинь 1165 болоод өсөж байгаа юм. Энэ бол дунд, анхан шатан дахь чимээгүй болоод чимээтэй эсэргүүцлийн хэлбэр. Энэ давааг бид хамтдаа давах ёстой. Тийм учраас сайд нар мэдээлэл өгч, нээлттэй ярилцлага хийж, хэлэлцүүлж байгаа нь та бүхнийг нийгэмд өөрчлөлтийн уур амьсгалыг тарааж өгөөч гэж байгаа юм. Машины дугаар авах, орон байраа зарчихаад шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гадаад паспорт авах гэж байгаа эсвэл төрийн албан хаагчид өргөдөл гаргасан тохиолдолд таны  энэ асуудлууд өдөртөө шийдэгдчихдэг болбол хэчнээн цаг хэмнэх вэ. Түргэн тусламж дуудлаа, 12 минутын дараа очдог болчихвол энэ нь шинэчлэлийн үр дүн. Ийм зүйлийн төлөө л бид явж байгаа.

-Халаа сэлгээ хийж байна гэсэн шүүмжлэлийг Ардын намын зүгээс байнга тавьж байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Төрийн албан хаагчидтай холбоотой энэ асуудлыг сонгууль болгоны дараа ярьдаг. Төрийн албан хаагчдыг халлаа гэж байгаа хүмүүс өөрсдөө гүйцэтгэх засаглалд байхдаа хамгийн олон хүн халсан байдаг юм. УИХ-ын чуулганы хуралдаанд би ийм олон жишээ хэлсэн. Энэ асуудлаар хоосон улстөрждөгөө болимоор байна. Энэ хийрхлээ зогсоомоор байна. Хууль зүйн орчноо зөв болгомоор байна. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын албан тушаалыг улстөрийнх болгож болно шүү дээ. Яагаад гэвэл, сонгууль болгоны дараа эдгээр албан тушаалыг хашиж байгаа хүмүүс ямар нэг шалтгаанаар заавал өөрчлөгддөг. Энэ тухай УИХ дээр ярьж хууль зүйн орчныг нь өөрчлөх тухай ярибал өөр хэрэг. Ингэж ойрын зайн улс төр хийдгээ орхих хэрэгтэй.

-Аймгийн төвүүдийг автозамтай холбох ажил энэ хавраас хийгдэж эхэлнэ. Зам тавих, барилга барих зэрэг ажлуудын ард заавал хээл хахууль, авлига, мөнгө дагаж байдаг. Энэ тал дээр яаж хяналт тавих гэж байна?

-Автозам, төмөр зам, орон сууцны хөтөлбөрүүд хэрэгжинэ. Энд зам барилгын компаниуд хүрэлцэх үү гэсэн асуудал гарч байгаа. Шууд гэрээ байгуулах ажлууд гарахыг ч үгүйсгэхгүй. Ерөнхий сайд зам барилгын компаниудын удирдлагуудтай уулзахдаа “Хэрвээ аль нэг төрийн албан хаагч очоод мөнгө төгрөг нэхвэл шууд хэлээрэй, Шинэчлэлийн Засгийн газар ийм бусармаг зүйл хийхгүй” гэдгийг хэлсэн.

-Кабелийн телевизүүдийг хаана гэсэн шийдвэр гарахад гайхсан. Энэ шийдвэрийг том телевизүүдийн лобби гэж хардах хүмүүс ч байна. Энэ асуудлаа бүр больчихож болдоггүй юм уу?

-Кабелийн телевизтэй холбоотой асуудал бол Харилцаа холбооны зохицуулах хорооны ажил. Тэднийх өөрсдөө стандартаа хянадаг. Бидэнд ирсэн мэдээллээр бол зарим телевиз ганцхан өрөөнд үйл ажиллагаа явуулдаг, телевиз, студи гэхэд хэцүү ийм телевизүүд ажиллаад байна. Тийм учраас тодорхой хугацаа өгөөд стандартаа хангаж ажиллахыг үүрэг болгож, хугацаатай үүрэг өглөө гэдэг мэдээллийг Засгийн газарт өгсөн. Дугуй нь хагарсан, хаалга нь онгойдогүй автобусаар хүнд үйлчилж болохгүйтэй адил үйлчилгээ үзүүлж байгаа ямар ч байгууллага стандарт хангаж ажиллах ёстой.

-Хувийн бизнесийг хаана, хорино, хязгаарлана гэж Ардчилсан Засгийн газар их ярьж байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байна?

-Шинэчлэлийн Засгийн газар хувийн хэвшлийг хааж боох гэж байна гэсэн яриа бол сөрөг хүчний гаргаж буй үйлдэл. Өнөөдөр танилцуулсан, хийхээр төлөвлөсөн энэ ажлууд маань бүгд хувийн хэвшлийг дэмжихийн тулд хийгдэж байгаа юм. Компани бүртгүүлэхээс эхлээд л татвар төлөх, гадаад худалаа эрхлэх, зөвшөөрөл авах гэхчлэн бүгд хувийн хэвшлийг дэмжсэн бодлого гаргаж байгаа. Гэхдээ чөлөөт зах зээлийн дүрмээр явж байгаа. Тиймээс бүх салбар дүрэмтэй байх ёстой. Жолооч болгон манайх ардчилсан улс гээд өөр өөрийн дураар явбал яах вэ. Нэгдсэн дүрэм байх ёстой. Үүнтэй адил бүх салбарт дүрэм журам байж, энэ нь өөрөө ардчиллын үндсэн зарчим болно. Замбараагүй байсан асуудлуудаа цэгцлэх, тоглолтын дүрэмтэй болгох гэхээр л хянах гэлээ, боох гэж байна гэдэг. Энэ бол цэвэр улстөр. Мэдээж, шийдвэрүүд нь буруу байвал засаж залруулж болно.

-Сайтуудын сэтгэгдлийг хаана гэсэн шийдвэрийн талаар тодруулмаар байна?

-Сайтын сэтгэгдлийн хувьд шүүмжилсэн сэтгэгдлийг хянах гэсэн асуудал анхнаасаа байгаагүй. Телевизээр гарч байгаа нэвтрүүлэг бүхэн эзэнтэй, сонины нийтлэл, мэдээ болгон эзэнтэй. Цахим ертөнц мөн л өөрийн редакцтай. Ийм мөртлөө сэтгэгдэл рүү орохоор ямар ч эзэнгүй. Өнгөрсөн жил уншигчдын сэтгэгдэлд шүүлтүүр тавь гэж хэлж, анхааруулсан. Улаан цайм гутаан доромжилж байгаа, гэмт хэргийн чанартай, өдөөн хатгасан сэтгэгдлүүд өнөөдөр ч байж л байна. Энэ үүрэг хэрэгжээгүй, иймээс  л төр оролцъё гэсэн. Сайтын ассоциац, 33 сайтын эзэд цуглаад бидэнтэй уулзсан. Энэ хяналтаа сайт өөрөө хийе гэсэн, бид дэмжсэн. Засгийн газар хөрөнгө санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлье гэсэн.

-Төрийн банкинд 30 тэрбум төгрөг шийдэж өгсөн. 6 хувийн хүүтэй орон сууцны зээл хүссэн хүмүүсийн асуудлыг танай Засгийн газар шийдэх үү. Төрийн банкны хувьчлал юу болсон бэ?

-Төрийн банкны асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Удахгүй  Засгийн газарт танилцуулна. 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийн бодлого зорилтдоо хүрч чадаагүй. Хүү багасгасан, орон сууцны үнэ өссөн. Буруу бодлого байсан учраас Шинэчлэлийн Засгийн газар иргэдийг орон сууцжуулах өөр бодлого эхлүүлэхээр ажлын хэсгийн түвшинд яригдаж байгаа. Эхний ээлжинд зээлийн болзлоо хангачихсан 705 хүнийхээ асуудлыг шийдэж байх зуур араас нь том бодлого залгана. Үлдсэн 2000 хүн шинэ бодлогод хамрагдаад явна. Ер нь энд нэг зүйлийг хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газраас ирсэн олон бохир ажлыг цэвэрлэж байгаа. Зургаан хувийн зээл, хадгаламж зээлийн хоршооны асуудал, Чалко, Тавантолгойн асуудал гээд олон цэвэрлэгээ хийж байна. Цэвэрлэхээс аргагүй. Ингэхгүй бол цааш явахад хэцүү байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top