С.Баярыг үгүйлэн санах шалтгаан нэгээр тогтохгүй..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Америк руу эмчилгээнд явсан гэх С.Баяр эрхмийг монголын улстөр сайн, саарын аль алинаар нь  үгүйлэн санаж байна. Ямартаа л Х.Болорчулуун хэмээх шинэхэн улстөрч Оюутолгойн гэрээний хуудууг зөвхөн С.Баярцогтод хаяглах бус, тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд асан С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой хэмээн хэвлэлд ярьжээ. Түүний хэлж буйгаар Ерөнхий сайд асан С.Баяр заавал гэрээг үзэглэнэ гэж намын гишүүдээ дарамталж байгаад гэрээ байгуулсан гэнэ. Үнэндээ яг тэгж дарамталж байгааг нь нүдээрээ харж, чихээрээ сонсоогүй учир юу хэлэх вэ. Ингэж шуудхан хэлж байхыг бодоход Х.Болорчулуун мэдээд байгаа юм байлгүй. Тиймээс ч “С.Баяр бол үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан хүн. Тиймдээ ч өнөөдөр гадаадад амьдарч байгаа.” гэж хэлээ болов уу.

Энд Х.Болорчулууны үгийн үнэн худлыг дэнслэх гэсэнгүй. Харин С.Баяр эх нутагтаа эргэн ирлээ гэхэд их асуудлууд хүлээж байгаагийн нэг нь л гэж харагдаж байна. Ер нь бол С.Баяр Оюутолгойн гэрээг хөдөлгөсөн субьектүүдийн толгой дээр сууж байсан эрхэм гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай бичиж байгаа. Харин но-г нь үүрч, буруутаад сүйд болно гэдэг  юу л бол. АН төрийн эрхэнд олуулаа байгаа үед түүнийг энэ гэрээтэй холбоотой асуудлаар унагах болов уу гэдэг нь тодорхой бус. Ямар ч байсан С.Баярыг монголын улстөрд эргэн ирнэ гэх хүлээлт өнгөрөгч УИХ-ын сонгуулиас өмнө бол  нэлээн идэвхтэй байсан. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой болчихоод байсан ч, С.Баяр МАН-аас явах цаг нь одоо мөн үү? гэх асуултад тийм гээд шууд хариулчихад эртдээд байсан. Харин хүч сул гэгддэг С.Батболд, хэт дэврүүн гэх тодотголт У.Хүрэлсүх нар МАН-ыгаа арванхоёр онд өвдөг шороодуулснаар С.Баярын дараа дараагийн гарцууд бүдгэрээд ирсэн юм.

Гэхдээ нөгөө талаас харвал МАН ялагдахаас ч өмнө С.Баяр өөрийнхөө ухсан нүхэнд унасан дүр зураг харагдана. Учир нь өнгөрөгч оны тавдугаар сард Р.Фрийдландын албатуудад зодуулсан гэх мэдээлэл гарсны дараа С.Баяр Америкийг зорьсон. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн, гарсан удаа байж болох ч, хэвлэлийнхэнд байгаа мэдээллээр бол тэр Монголд ирээгүй, Европын орнуудаар аялхын сацуу шинэ хүний аав болсон гэх мэдээлэл бий. За энэ ч яахав, хүний хувийн асуудал.

Харин тэр чухам яагаад эргэн ирж болохгүй вэ гэдэг асуудал дээр тулаад яривал дөнгөж өчигдөр анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа АМГ-ын экс дарга Д.Батхуяг нарын хэрэгт түүний оролцоо байсан гэх мэдээлэл бий. С.Баярыг Д.Батхуягт шууд нөлөөлсөн гэх мэдээлэл байдаг. Гэхдээ мэдээллүүдийг харьцуулаад харахаар анхаарал татах зүйл бишгүйдээ бий. Ямартаа л Айвенхоу майнзын охин компанид нүүрсний ордуудыг өгөх анхны шийдвэрүүд  Н.Энхбаярын нөлөөлөлтэйгөөр үзэглэгдсэн гэхээр үргэлжлэл болсон ажиллагаанууд С.Баярын даалгавартайгаар явагдсан юмуу даа.

Гэтэл АН-ын зүгээс бэлтгэн нийлүүлдэг гэгддэг “Аалзны тор”-ын сүүлийн цувралд Н.Энхбаяр “Айвенхоу Майнз”-тай нэг талд, харин  С.Баяр нар “Рио Тинто”-той нөгөө талд хүч хавсран ирсэн гэх агуулгатай зүйл бий.

Тухайлбал, Ерөнхий сайд С.Баяр Оюутолгой ордыг эргэлтэд оруулахад Р.Фрийдландыг хань болохгүй гэж үзсэн тул “Айвенхоу майнз”-ыг шахах нууц тохиролцоотойгоор Рио Тинто-г оруулж ирсэн гэх. Тэрбээр Оюутолгой төслийн удирдлагыг гартаа оруулахын төлөөх Айвенхоу Майнз,  Рио Тинто хоёрын тэмцэл дундаас ашиг олсон гэгддэг. Талууд хувь эзэмшлийн асуудлаас болж Арбитрын шүүхэд хүртлээ харилцаагаа хүйтрүүлж байсан үе бий. Харин дараа нь Оюутолгой төслийн 2/3 Рио Тинто-гийн мэдэлд очсон бөгөөд манай тал бүр сүүлд нь билэг тэмдэг маягаар дуугарсныг эс тооцвол манай тал Рио-гийн талд үйлчилдэг гэдгээ харуулсан. Сонирхолтой нь өнгөрсөн хавар С.Баярын эзгүйд манай парламент бизнесийн талбарынхны бухимдлыг барсан хуулийн төслийг хуульчлан баталсан нь  “Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль байсан. Бизнес эрхлэгчдийн тухайд монголын улстөрчид сонгуулийг угтан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нэрийдлээр энэ хуулийг баталснаар өмнөд хөршийнхний  бус өрнийн хөрөнгө оруулагчдын дагуулж ирдэг гадаадын дадлага туршлага, дэвшилтэт техник, технологи зэрэг бүхий л зүйлээс татгалзлаа гэдэг мэдээлэл гарсан. Тодорхой хэлбэл, хятадын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжсэн хууль гаргалаа гэж үзсэн.

Харин нөгөө талд өмнийн говийн ордуудыг хятадын төрийн өмчит компанид шилжүүлэхээр санаархсан Н.Энхбаярын түнш тодотголтой Р.Фрийдландын охин компаниудын нэгийг  бодлогоор шахлаа гэхчлэн талцсан мэдээллүүд гарсан юм. Ингэж харахын учрыг ухвал манай хоёр хөрш Монгол дахь өрнөдийн орнуудын томоохон хөрөнгө оруулалт, ялангуяа уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалтад саад хаалт тавих талаар 2009 онд үзэл бодлоо нэгтгэсэн гэх. Харин  манай улсын сүүлийн 20 жил баримталж байгаа гурав дахь хөршийн бодлогод шууд хаалт тавих санааг хэрэгжүүлэхийн төлөөх өрнийн хөрөнгө оруулалтын эсрэг хийрхэлийг маш хүчтэй явуулж эхлэхэд Фрийдланд, Энхбаяр нарын хамтын хүчин зүтгэлээ зориулсан талаар  “Аалзны тор”-д өгүүлсэн байдаг. Гэтэл нөгөө талд Рио Тинто  Монголын Засгийн газар тэрдундаа С.Баяр нартай үгсэн тохирч байгаад Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг өөртөө авах боломж бүхий Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцсан гэх. Тэгэхээр С.Баяр сайн, саар ямар үр дүнг дагуулах  зүйлсийг хийсэн хүн бэ гэдгийг тодорхойлохын тулд олон өнцөг хөөх хэрэгтэй болох нь. Чухамдаа бол  С.Баярыг үгүйлэн санах шалтгаан нэгээр тогтохгүй аж.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top