У Бангуо: Монголын төмөр замын асуудлыг шийдэж болно

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржой уулзахдаа ийн хэллээ. Манай Ерөнхийлөгчийн тухайд  “БХАТИХ-ын Байнгын хорооны дарга олон жилийн дараа манай улсад айлчилж байна. Энэ удаагийн таны айлчлал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж байсан.  У Бангуо “Манай хоёр улс бол өргөн уудам газраар хиллэсэн хөрш, стратегийн түншлэлийн харилцааг эрчимтэй хөгжүүлж байгаа орнууд юм. Монголын тал биднийг халуун дотно хүлээн авч байгаад баярлалаа. Миний айлчлалын зорилго өндөр хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх явдал.

 УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд улс төрийн харилцан итгэлцлэл   маш чухал. Хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, эрх ашгийг тууштай дэмжиж, дотоод асуудалд оролцохгүй байх ёстой. Нийгэм тогтвортой байх нь Хятад, Монголын хувьд ашигтай байна. Өнгөрсөн онд ХКН-ын 18 дугаар их хурал хуралдаж, “Энх тайван, хөгжил хамтдаа хожно. Хятад улс дэлхийн энх тайвны төлөө, хамтын хөгжлийн төлөө байх болно” гэдгээ мэдэгдсэн. Хятад улс их гүрний дээрэнгүй үзэл баримтлахгүй.

 Монгол улсад дэд бүтцийн хөгжил чухал байна. Монгол байгалийн баялгаараа, Хятад улс хөрөнгө, зах зээлээрээ давуу юм. Харилцан ашигтайгаар хамтдаа хөгжих бодлого барьж байгаа тул Монголд дэмжлэг үзүүлэх болно” гээд бүс нутгийн болон олон улсын асуудлаар харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

 “Хоёр орны харилцааны асуудлаар сайхан үг хэлсэнд баярлалаа. ХКН-ын 18 дугаар их хурлын илтгэлүүдийг, тэр тусмаа энх тайвнаар хамтдаа хөгжих тухай асуудлыг маш анхааран сонссон. Тэгээд хоёр орны стратегийн түншлэл, харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлье гэсэн таны саналтай би санал нэг байна.

Монгол Улс Хятад улсын дотоод асуудалд оролцохгүй гэсэн байр суурийг хатуу баримталдаг. Худалдаа, эдийн засгийн асуудлаар Ерөнхий сайдтай та нэлээд сайн ярилцсанд баяртай байна. Таныг эдийн засгийн асуудал хариуцсан шадар сайдаар ажиллаж байсныг сайн бид мэднэ. Хоёр орны хамтын ажиллагаанд шийдэх асуудлууд байгаа. Монгол Улс далайд гарцгүй. Энэ асуудлыг хоёр талаасаа ярилцах санал гарч байгаад баяртай байна. Бидэнд нэг биш хэд хэдэн боомтоор гарах шаардлага байна. Тодруулбал, боомт, дамжин өнгөрөх тариф, хэдий хэмжээний ачаа нэвтрүүлэх боломжийн тухай асуудлууд байна” гэж Ерөнхийлөгч хэллээ.

У Бангуо хариуд нь хэлэхдээ “Монгол гарц олоход амархан байна. Хятадын төмөр замын тээвэр дэлхийд нэгдүгээрт орно. Харин монголын төмөр замын даац, ачаа эргэлт их бага. Бас боомт дээр дугуй солихоос болж, их цаг, мөнгө зарж байна. Далайн боомтын асуудлыг сайн ярих хэрэгтэй” гэв.

 Ерөнхийлөгч хэлэхдээ “Хоёр орны Засгийн газар ярилцаад боомт, дамжин өнгөрөхийн асуудлуудыг эхлээд шийдэх хэрэгтэй байна. Ингэвэл  монголын төмөр замын асуудлыг шийдэж болно. Түүнээс гадна таны хэлсэн “амжилтаа хуваалцъя” гэсэн санааг би их дэмжиж байна. Жишээ нь Хятадын дэлхийд нэгд ордог төмөр замын салбартай амжилтаа хуваалцаж хөгжмөөр байна. Нефть бүтээгдэхүүн байна. Энэ чиглэлээр бидний саналыг сонсож, нааштайгаар хандаж байгаад баяртай байна. Бид Хятадын ойрхон газруудаас нефть бүтээгдэхүүн авах, мөн Дорнодын газрын тосыг нэрж боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох хоёр хувилбараар ярилцах боломж бий. Дэд бүтцийн хувьд Замын Үүдээс Алтанбулаг хүртэл хурдны зам тавих, төмөр замыг хос болгох асуудал дээр хамтран ажиллах боломж байна. Хоёр Засгийн газрын хооронд бас нэг асуудал тохирсон. Түүнийг урагшлуулах хэрэгтэй байна. Энэ бол нүүрсний уурхайнуудыг түшиглэн цахилгаан станцууд барьж, дотоодын хэрэгцээнд ашиглах, дээр нь Хятадад экспортлох тухай юм. Боломж байгааг ойлголцсон, одоо ажил хэрэг болгох талаар ярилцмаар байна. Зээлийг үр дүнтэй ашиглах тухай та хэллээ. Энэ бас их чухал асуудал. Гэхдээ хоёр талын ашиг сонирхлыг харгалзах хэрэгтэй. Ялангуяа үнийн асуудал байна. Манай бүтээгдэхүүн ч дэлхийн зах зээлийн үнээр гарч байх ёстой. Хуулийг хүндэтгэх асуудал байна. Хятад улс авлига, албан тушаалын асуудалд их анхаарч байгаа гэж бодож байна. Монгол Улс ч энэ асуудалд маш их анхаарч байгаа. Энэ чиглэлд хоёр тал харилцан хууль дүрмээ хүндэтгэн ажиллах хэрэгтэй байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top