“Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы хуралдааны эцсийн асуудал байлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж Б.Ганбат гишүүн танилцуулага хийсэн юм. Тогтоолын төсөлд МИАТ ХК-ийг Үндэсний агаарын тээврийн статустай болгох, түүний 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгахаар тусгасан юм. Эл төсөлтэй холбогдуулж Су.Батболд гишүүн асуулт тавилаа. Тэрбээр “Олон улсын нисэх онгоцны буудлын төсөл хэр зэрэг явж байгаа вэ. Энэ төсөл үлгэрийн далай болоод дуусах юм шиг байна. А.Гансүх та Зам тээврийн сайдаар томилогдсоноос хойш энэ төслийн үйл ажиллагааг урагшуулахаар ямар арга хэмжээ авав. Одоо ямар шатанд байгааг хэлж өгөөч гэж хүсэж байна. Манай гол гарц агаар. Нэг өдрийн өмнө ч болов уу олон улсын нисэх буудлаа босгомоор байгаа юм. Үүнийг зургаа дахь жилдээ ярьж байна. Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл, Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин гэсэн хоёрдагч тээвэрлэлтийг оруулахгүй байх, бусад тээвэрлэгчдийг орон нутаг, олон улсын бүсэг нутагт шугамд хуваарилах зарчмыг баримтална гэж бичсэн байна. Ингэж төрийн бодлогод сууж болдог юм болов уу. МИАТ хавчуурганд нь нэг, хоёр нислэг хийнэ гэж ойлгож байна. Дээр нь МИАТ шиг үнэтэй компани байхгүй. Үнийг бууруулсан зүйл байгаа юу” гэлээ. Түүний асуултад Б.Ганбат гишүүн “1990 оноос хойш хүнд байдал байсныг хүн болгоно мэднэ. Тиймээс Үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг нэр томъёог гаргаж, МИАТ комданиа дэмжиж, өмчийн хэлбэрт оруулахгүй бол болохгүй гэж ажлын хэсэг үзсэн. Олон улсын менежментийг оруулсан ч амжилт үзүүлээгүй. Гэхдээ түүнийг одоо оруулах бололцоо бүрдсэн” гэсэн юм. Нэмж А.Гансүх сайд “Хэрвээ ямар нэгэн хувьчлал явагдвал хамгийн багаар бодоход 51 хувь нь төрдөө байна шүү гэдэг зарчмыг тусгаж өгсөн. Яг хувьчлалтай холбоотой асуудал хаврын чуулганаар хэлэлцэгдэж орохоор төлөвлөсөн. Энэ үеэр МИАТ-ын хувьчлалын асуудал илүү их тодорхой яригдаж, төрийн өмчид хэдэн хувь байх вэ гэдэг нь тодорхой болох байх. Гадаадын менежментийн асуудал хоёр удаа яригдсан байдаг. Ирландын баг ирж ажиллаад нэлээд үр дүнгүй ажиллаад явсан. 2011 онд Засгийн газар тогтоол гаргаад гадаадын сонирхлын зөрчилгүй багт менежментийг шилжүүлэх нь зүйтэй гэж гарсан. Энэ тогтоол хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн байгаа”гэв. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Батзаяа “Үнэлгээний хороо тендерийн матеариалыг арваннэгдүгээр сарын 7-нд хүлээж авсан. Тендерт Японы хоёр компани орж ирсэн. Санхүүгийн санал үнэлэгдэж байгаа. Үнэлгээ хоёрдугаар сарын 20-нд дуусна. Ингээд Жайкогийн худалдан авах журмын дагуу санхүүгийн саналыг хүргэнэ. Үнийн санал төсөвт өртгөөс давсан. Өөрөөр хэлбэл 17 тэрбум иенээр давсан төсөв ирсэн байгаа” гэсэн юм. Харин Д.Батцогт гишүүн “Шинэ маягийн луйврын асуудал ахиад яригдах гэж байна. Хувьчлах асуудлыг татая гэж ярьсан шүү дээ” хэмээн нэлээд бухимдалтайгаар энэ асуудалд хандаж байлаа. Одоогоор тогтоолын төслийг хэлэлцсээр байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )