Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлэг байлаа. Ингээд энэ асуудлыг хэлэлцэхэд хэн юу гэж хэлснийг уншигч таньд хүргэе.
“Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт асууж, тодрууллаа.
Су.Батболд:
-Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал аль шатандаа явж байна вэ. Зургаан жилийн хугацаанд ярьж байна. Солонгосын чиглэлийн нислэгийг Korean air, Хятадын чиглэлийн нислэгийг Air Chinа зэрэг компаниуд хийхээр тусгасан байна гэдгийг тодруулахад, түүний асуултад Б.Ганбат гишүүн “1990 оноос хойш хүнд байдал байсныг хүн болгоно мэднэ. Тиймээс Үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг нэр томъёог гаргаж, МИАТ компаниа дэмжиж, өмчийн хэлбэрт оруулахгүй бол болохгүй гэж ажлын хэсэг үзсэн. Олон улсын менежментийг оруулсан ч амжилт үзүүлээгүй. Гэхдээ түүнийг одоо оруулах бололцоо бүрдсэн” гэсэн юм.
А.Гансүх:
-2012 оны 37-р тогтоолоор “МИАТ” компанийг хувьчилж, 51-ээс доошгүй хувийг төр хариуцна гэж заасан байгаа. Ер нь бол гадаадын менежментийн багтай холбоотой хоёр тохиолдол байдаг. Гадаадын сонирхлын зөрчилгүй багт менежментийг сайжруулах чиглэлээр Засгийн газар зарчим барьж ирсэн. Дээрх хоёр чиглэлд “МИАТ”-ын хамгийн ашигтай чиглэл. Сөүл гэхэд МИАТ-ын нийт орлогын 40 хувийг бүрдүүлдэг.Хэрвээ ямар нэгэн хувьчлал явагдвал хамгийн багаар бодоход 51 хувь нь төрдөө байна шүү гэдэг зарчмыг тусгаж өгсөн. Яг хувьчлалтай холбоотой асуудал хаврын чуулганаар хэлэлцэгдэж орохоор төлөвлөсөн. Энэ үеэр МИАТ-ын хувьчлалын асуудал илүү их тодорхой яригдаж, төрийн өмчид хэдэн хувь байх вэ гэдэг нь тодорхой болох байх. Гадаадын менежментийн асуудал хоёр удаа яригдсан байдаг. Ирландын баг ирж ажиллаад нэлээд үр дүнгүй ажиллаад явсан. 2011 онд Засгийн газар тогтоол гаргаад гадаадын сонирхлын зөрчилгүй багт менежментийг шилжүүлэх нь зүйтэй гэж гарсан. Энэ тогтоол хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн байгаа гэв.
Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч н.Батзаяа “Үнэлгээний хороо тендерийн материалыг арваннэгдүгээр сарын 7-нд хүлээж авсан. Тендерт Японы хоёр компани орж ирсэн. Санхүүгийн санал үнэлэгдэж байгаа. Үнэлгээ хоёрдугаар сарын 20-нд дуусна. Ингээд Жайкагийн худалдан авах журмын дагуу санхүүгийн саналыг хүргэнэ. Үнийн санал төсөвт өртгөөс давсан. Өөрөөр хэлбэл 17 тэрбум иенээр давсан төсөв ирсэн байгаа” гэсэн тайлбар өгсөн юм.
А.Тлейхан:
-Нислэгийн хамгийн чухал асуудал бол аюулгүй ажиллагаа байдаг. Бодлогын бичигт хэрхэн тусгасан байна вэ. Мөн бүс нутгийн иргэдэд үйлчилж буй компаниудад ямар нэг хөнгөлөлт үзүүлэх үү гэдгийг тодрууллаа.
А.Гансүх:
-Энэхүү бодлогод аюулгүй ажиллагаа гэдгийг тусгай зүйл болгож оруулсан. Иргэний нисэхийн олон улсад хэрэглэдэг чиглэлүүдийг барьж ажиллана. Мөн үндэсний хөтөлбөртэй болж, тухай бүрт нь шинэчилж байна. Далайд гарцгүй орны иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хүргэхийн тулд татварын бодлогоор дэмжих, нөхөн олговор олгох зэргийг бодлогын бичигт тусгасан гэлээ.
Харин Д.Батцогт гишүүн “Шинэ маягийн луйврын асуудал ахиад яригдах гэж байна. Хувьчлах асуудлыг татая гэж ажлын хэсэг дээр санал гаргасан шүү дээ. 49/51-ийн цаана МИАТ-ыг хувьчлах, хэдэн хүнд өгөх гэсэн зүйл явж байна. Тиймээс хувьчлах асуудлаа бодлогын бичгээсээ татвал, дэмжээд явах боломжтой” гэсэн саналыг илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Энэ бодлогын бичигт заасан цөөхөн хэдэн заалтыг эс тооцвол МИАТ-ыг хэдэн хүнд хувааж өгөх гэсэн санаатай бодлого боловсруулсан байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ.
Г.Баярсайхан:
-Энэ бодлогыг дэмжих ёстой. Иргэний агаарын тээврийн компаниуд ашигтай ажиллаж байгаа ч менежмент нь буруу байгаа юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын тээврийн компаниуд яагаад алдагдалтай ажиллаж байна вэ?
А.Гансүх:
-МИАТ-ын алдагдалтай ажиллаж байгаа нь удирдлага менежментийн муу байсан. Сүүлийн 10 жилд найман захирал солигдсон. Ердөө л улстөрийн зорилготой томилгоо байсан. Нөгөө талаар МИАТ ашигтай ажиллахаас илүү нийгмийн захиалгыг биелүүлж байна. Жишээлбэл, Европын холбооны нислэг алдагдалтай байдаг. Зогсоож болдоггүй. Яагаад гэвэл стратегийн хувьд энэ чиглэлийн нислэг алдаатай байсан ч үргэлжлүүлж байх, зогсоож болохгүй гэсэн зарчим баримталдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Европтой харилцах агаарын урсгалаа тасалж болохгүй гэдэг зарчим. Өнөөдрийн байдлаар Европын чиглэлийн нислэг МИАТ компанид 15 орчим тэрбум төгрөгийн алдагдал үүсгээд байгаа ч зогсоох боломжгүй.
Мөн монополь шатахууны нийлүүлэлт алдагдлын нэг шалтгаан. Дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр үнэтэй шатахууныг МИАТ компани хэрэглэж байна. Жишээлбэл, Ази номхон далайн орнуудад нэг тонн онгоцны шатахуун1017, Европын холбооны улсад 1038, Хойд Америкт 1045, Ойрхи Дорнодод 1004, Өмнөд болон Төв америкт 1048, Бээжинд 1094, Сөүлд 1076, Москвад 1330, Улаанбаатарт 1750 доллараар тус тус худалдаалагдаж байна. Дэлхийд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаа нь МИАТ-ын үр ашигтай ажиллахад саад болж байгаа. Монополь компани нь хилээр оруулж ирээд, дахин жижиглэнгээр худалдаалдаг нь өндөр үнэтэй худалдаж авахад нөлөөлдөг. Мөн төрийн ямар нэг дэмжлэг байдаггүй, санхүүгийн дэмжлэг хийгдээгүй зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгаа нь алдагдалд хүргэж байна. Дээрээс нь үргүй зардал их байдаг. Тодруулбал, МИАТ-д ажилладаг гадаадад байгаа төлөөлөгчийн газрын шаардлагагүй байгаа 13 хүнийг ажлаас нь халахад 660 сая төгрөг хэмнэж байна. Тогтоосон цалингаас илүү цалинг тогтоосон хэмжээнд нь оруулахад жилдээ 2,4 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм. Ийм байдал олон жилийн хугацаанд явж ирсэн нь алдагдалд хүргэсэн. Мөн хувийн хэвшлийн компаниуд ч мөн шатахууны монополь байдлаас болж алдагдалд ороод байгаа.
Ингээд гишүүдийн асуулт дууссан. Үүнтэй зэрэгцэн ажлын цаг дууссан тул чуулганаар хэлэлцэж байгаа энэ асуудлыг маргааш өглөө үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )