З.Алтай: Шведийн вант улс рүү өмнө нь “Үүргэвчтэй аялал”-аар явж байгаагүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

 

25-р суваг телевизийн захирал, УИХ-ын гишүүн асан З.Алтай өчигдөр Шведэд элчин сайдаар суух “виза”-аа УИХ-ын гишүүдээр батлуулсан. Тэгвэл элчин сайдаар суух шийдвэр гараад удаагүй байхад нь бид түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.

-          Үүргэвчээ үүрээд аялдаг хүн одоо албан ажлаар Шведэд суух боллоо. Ажил үүргийнхээ хувьд юунд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна вэ?

-          Иргэн З.Алтай гэж нөхөр гадаадын 50-60 орноор аялж, нэвтрүүлэг хийн өөрийн улс оронтой харьцуулж, авах гээхийн ухаанаар ард олондоо үзүүлж байсан. Одоо бол энэ томилгоо төрийг , Монгол улсыг төлөөлж байна гэсэн албан томилгоо.  Шведийн вант улс рүү өмнө нь “Үүргэвчтэй аялал”-аар явж байгаагүй.  Гэхдээ очиж үзэх юмсан гэж бодож байсан.  Хүн ам, эдийн засгийн өсөлт, техникийн дэвшил, нийгмийн халамжийн салбар, уул уурхай, газар тариалан гээд олон салбарт дэлхийд тэргүүлэгч технологийг хэрэглэж байгаа газар ш дээ.  Өнөөдөр манайд уул уурхай ид хөгжиж байна. Газар тариалан ч үндсэндээ хөл дээрээ тогтчихлоо. Гэтэл өнөөгийн байгаа хэмжээндээ юмыг болж байна гэж харах юм уу? Дэлхийн хамгийн шилдэг техник, технологи, аргачлал нь юу вэ гэдэг  know how технологийг өнөөдөр хөгжиж байгаа энэ салбаруудтай холбож өгөх нь хамгийн чухал байна.

Би урьд нь иргэний журмаар олон орноор аялж байсан.  Ялангуяа гадаадад ажиллаж, амьдарч хэдэн төгрөг олох гэсэн Монголчуудын бэрхшээл, зовлон жаргалыг дэндүү сайн мэднэ.  Тийм учраас гадаад харилцааг эдийн засагжуулж харах вэ гэдгээс гадна тэнд ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын эрх ашиг гэдэг зүйл хамгийн чухал байна.  Болж бүтэхгүй асуудал гарвал хүн элчин сайдын яам руугаа л ханддаг.  Бид тэдэнд туслах ёстой.  ЭСЯ-ыг иргэдээ тосож үйлчилдэг газар гэж ойлгоорой гэж сая УИХ-ын гишүүд хэлж байна.  Төрийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ, гэр орноосоо хол байгаа хүмүүсийн омог түшиг болж, тусалж, зөвлөгөө өгөх газар нь  ЭСЯ байхад анхаарна.   

-          Шведэд манай элчин сайдын яам байгуулагдаад хичнээн хугацаа өнгөрч байгаа вэ?

-          Шведэд манай элчин сайдын яам байгуулагдаад гурван жил болсон байна.  Скандиновын орнууд, Норвеги,Дани, Финланд, Эстони Балтын бүс нутгийг хамаарч ажиллана гэсэн үг.  

-          Швед уул уурхайн орлого манайх шиг тараагаад дуусгадаг юм болов уу? Тэр талаар ер нь судалсан уу?

-          Швед манайхаас гурав дахин бага газар нутагтай мөртлөө жоохон тэр байгалийн баялагаа яаж хамгийн хүртээмжтэйгээр ард олондоо хүртээх, үндэсний баялагийн сан байгуулаад тараагаад зогсохгүй, бий болсон санг хэрхэн аривжуулах, хөгжилд хэрхэн зарцуулах вэ гэсэн бодлогоороо дэлхийд номер нэг болчихоод байна. Өнөөдөр Швед дэлхийн хамгийн баян улсын тоонд ордог.  Нийгмийн халамжийн хувьд социалзм руу орчихлоо гэдэг зүйл яригддаг.  Газар тариалангаа хөгжүүлээд экологийн цэвэр бүтээгдэхүүнээ идээд явж байна. Энэнээс эхлээд авах юм их байна даа. Тэгэхээр Шведээс авах санааг нь авч, Монгол хөрсөнд буулгах хэрэгтэй зүйлсийг нь ажиглаад, ажил болгоно. Тэрнээс зүгээр гурван жил тэгс ингэс хийж амраад ирье гэсэн сэтгэлгээгээр төрөөс томилолт авч, татвар төлөгчдийн мөнгийг ашиглаж болохгүй.  

-          Ажиллах сонирхол их байнаа даа? Таньд,

-          Дэлхийн жишгийг судлаад эх орондоо хэрэгжүүлэх сонирхол байна.  Үүнийг хийнэ ш дээ. Ямар байнга зүгээр суугаад байх биш. Өөрийгөө хариуцлагатай ажиллаж чадах болов уу л гэж бодож байна ш дээ.

-          Тодруулга өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top