УИХ-ын гишүүн Су.Батболд: Түр орлон гүйцэтгэгчийн заалтыг илүү боловсронгүй болгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

УИХ-ын гишүүн Су.Батболд Төрийн албаны зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Тэгвэл энэхүү хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцээд өргөтгөсөн ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Улмаар Төрийн албаны зөвлөлийн хуулийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа.

-                     Таны хувьд АН-ын хууль бус томилгоог хазаарлахын тулд энэхүү хуулийн төслийг боловсоруулсан. Тэгтэл АН-ынхан ажлын хэсэгт орно гээд байгаа нь хууль  бус үйл ажиллагаагаа хууль ёсны болгох гээд байна гэсэн хардлага төрүүлж байна?

-                     Төрийн албаны томилгооны үндсэн зарчим баримтлана гэдэг шинэ зүйл биш л дээ. 1995 оны Төрийн албаны тухай хууль ч гэсэн үндсэн зарчмын дагуу хийгдсэн хууль юм. Энэ зарчмыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд баримталдаг. Одоо миний саначилж байгаа хууль бол яг үндсэн зарчмыг тодорхойлоод Төрийн албан хаагч бол яг ийм ийм зарчмаар улстөрөөс ангид байна гэдгийг тодорхойлж өгснөөрөө ач холбогдолтой. Энэ зарчим бол угаасаа ардчилсан нам гэлтгүй төрийн албыг тогтвортой, мэргэшсэн, чадварлаг байлгаж эхлэхийг хүссэн бүхий зарчмууд байгаа. Хоёр дахь гол зарчим бол хуучин томилгоонууд хэтэрхий төвлөрөөд байсан. Төрийн албаны зөвлөл л бүгдийг мэддэг байгаад байна. Гэтэл Төрийн алба бол арваадхан хүний бүрэлдэхүүнтэй жижигхэн байгууллага байгаад байсан. Уг чанартай Төрийн албаны зөвлөл гэдэг бол хараат бус бие даасан ажиллаж, Засгийн газрын томилгоонд дээр хяналт тавьж байдаг байгууллага байх ёстой.  Төрийн албаны зөвлөлийг хэтэрхий төвлөрүүлсэн учраас байнгын Засгийн газраас чиглүүлдэг байгууллага. Тийм учраас зарим нэг томилгоог шилжүүлж байгаа. Салбар зөвлөлд юмуу тодорхой албан тушаалтанд шилжүүлж байгаа. Харин төрийн албаны зөвлөлөөс эрхийг хэрэгжүүлэхдээ хууль бус хэрэгжүүлэх юм бол буцааж эрхийг нь хурааж авдаг. Яг ур чадвараар нь шалгаруулж авдаг тийм тогтолцоо руу орох хэрэгтэй. Гуравт,  нь 2008 оны хуулиар Төрийн албаны зөвлөлийг бүх юм оролцуулахаар хийгдсэн байгаа. Үүнийг зааглаж ялгаад төрийн албаны зөвлөл яг өөрийнхөө хүрээнд олон жилийн томилгоо үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага байхаар зохицуулсан. Ингээд зарим зүйлүүдийг Засгийн газар өөрөө зохицуулагдаг байхаар оруулж ирсэн.

-                     Төрийн албан зөвлөлөөс энэ хуулийн төсөл дээр ямар ямар зарчмын саналуудыг оруулж ирсэн бэ?

-                     Ер нь энэ хууль нь өөрөө Төрийн албаны зөвлөлд маш сайнаар нөлөөлөх хууль гэж үзэж байгаа. Бид шинээр томилогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга гишүүдтэй уулзаж ярилцсан. Тэд маш сайн дэмжиж байгаа. Яагаад гэхээр тэдний үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход чиглэсэн олон заалтууд орсон учраас 100 хувь дэмжиж байгаа.

-                     Энэ хууль батлагдсанаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүсийн эрх бүгд хязгаарлагдана гэсэн үг үү?

-                     Энэ хуулин дотор бас нэг заалт байгаа. Би өргөн барихдаа оруулаагүй юм. Яагаад гэхээр тэр санаа маань анхны хэлэлцүүлгийн явцад орчих болов уу гэж бодож байна. Түр орлон гүйцэтгэгчийн заалтыг илүү боловсронгүй болгох хэрэгтэй байгаа юм. Одоогийн хуулинд энэ бол ерөөсөө байхгүй байгаа. Харин үүнээс цаашаа улстөрийн томилгоо хийгдэхгүй байхаар зохицуулж байгаа. Энэ хууль батлагдах юм бол хэзээ ч улс төрийн томилгоо хийгдэхгүй. Яг төрийн албанд  үнэнчээр ажиллах мэргэжлийн хувьд чадвартай тухайн албанд таарах мэргэжилтэн байх юм. Ер нь өөр улс орнуудын туршлагыг харж байхад хамгийн сайн мэргэжилтэн гэж авдаггүй юм байна лээ. Төрийн албанд хамгийн  сайн математикч, тестийг хамгийн сайн бөглөсөн хүн гэхээсээ илүүтэй шалгалт авахдаа сэтгэл судлаачид оролцсон групп ажиллаад тэр хүн ямар нэг нөлөөнд автахаар байна уу үгүй юу?, авлигад идэгдэх хүн үү үгүй гэдгийг нь шалгадаг. Тэгээд тэр хүн хоёргүй сэтгэлээр тэр албанд ажиллах юм байна, бусдын нөлөөнд автаж өөрийнхөө хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг албан хаагч биш гэдэг дүгнэлтийг л гаргадаг.  

Хоёрдугаарт энд карьерын зарчим баримтлах учиртай. Төрийн албанд орсон бол би үнэнч шударгаар ажиллаад таван жилийн дараа ахлах мэргэжилтэн болоод цалин тэд болно,  10 жилийн дараа хэлтсийн дарга болно, цалин тийм болно гэдгийг мэддэг тэрнийхээ төлөө зүтгэдэг карьерын зарчмыг баримтлах ёстой. Одоогийн томилгоо бол гэнэт юу ч мэдэхгүй залууг намын томилгоо хийгээд хэлтсийн даргаар томилдог.  Гэтэл сургууль төгсөөд мэдлэг туршлага хуримтлуулаад явж байсан залуугийн урдаас гэнэт хэн нэгэн томилогдож байгаа байдал нь төрийн албанд ажиллах итгэл урмыг алга болгож байна. Одоогийн бидний хуулиар карьерын зарчмаар өгсөж явах юм. Анх туслахын албан тушаалаас хамгийн дээд талд нь төрийн нарийн бичгийн дарга болон өгсөх тэрнийг дагаад зэрэг дэв цалин өсч байх зарчмыг хатуу баримтлах учиртай юм.
-УИХ-ын дэгийн тухай хуулийн төслүүд дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Чуулганы хуралдааны дэг гэдэг бол маш нарийн дэг байдаг. Үе, үеийн парламентын олон улсын дэг жаягийг уламжлал энэ тэр нь юундаа байгаа вэ гэдгийг судлах хэрэгтэй. Дөнгөж сая орж ирсэн нэг гишүүн “Өө нэг тэнэг юм байна. Үүнийг тийм болгоно” гэсэн маягаар хандаж болохгүй. Хоёрдугаарт,  хэтэрхий хялбарчилж болохгүй. Гуравдугаарт, УИХ-ын гишүүний бүрэн эрхт байдалд ерөөсөө халдаж болохгүй. УИХ-ын гишүүн гэдэг хүн хууль тогтоохоор зохицуулагддаг боловч нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцдог, сонгогчидтойгоо харилцдаг. Тэдний санал хүсэлтийг сонсож байж шийднэ. Гэтэл зөвхөн чи эндээ тэдэн сарын тэдний өдөр байж байх ёстой гэсэн үзлээр хандаж болохгүй. АН-ын гишүүүдийн санаачилж байгаа хуулийн төслийг хараад байхад хэтэрхий хялбарчилж хандах гээд байна. УИХ-ын дэгийн тухай хуульд нэг асуудлыг хэлэлцэж дуусаад дараагийн асуудлаа хэлэлцдэг. Гэтэл зөвхөн тав дахь өдрийн  11:00 цагт санал хураана гэхээр дөрөв дэх өдөр хэлэлцэж дууссан хуулийг яах юм бэ. Дөрөв дэх өдрийн хуулийг хэлэлцэж дууссан байхад энэ хуулийг хэлэлцэж дуусаагүй дараагийн хуульдаа орно гэж болдохгүй. Ийм байдлаар хандаж болохгүй гэж үзэж байна.

-Тэгэхээр таны хувьд чуулганы ирцийг хэрхэн бүрдүүлэх ёстой гэж үзэж байна вэ?
-Америк, Англид явж байхад парламентын танхимд, өрөөнд, коридорт нь хонхнууд байдаг. Тэгээд санал хураалт болохоос таван минутын өмнө санал хураах гэж байна гээд тэр нь дуугардаг. Тэгээд тухайн гишүүн яг өөрийн биеэр очиж саналаа өгдөг. Ийм юмыг хэрэгжүүлнэ үү гэхээс биш зөвхөн 11:00 цагаас санал хураана гэвэл парламентыг зүгээр механик, робот маягийн үйл ажиллагаатай болгох гэж байна. Хоёрдугаарт, ирцээ заавал тэдэн хувь байлгах ёстой гэж шахдаг нь бас л хэтэрхий механик зүйл. Манайд 39 хувийн ирц бүрдэнэ. Тэгээд тодорхой  квотууд байгаа. Түүгээрээ байх учиртай. Гишүүдийг заавал ч үгүй саналаар шахах ёсгүй. Хэрвээ би саналаа өгмөөргүй, тэр хууль миний таалалд нийцэхгүй бол би саналаа өгөхгүй байх, эсрэг өгөх эрхтэй, дэмжиж өгөх эрхтэй гээд гурван янзын эрх байгаа.  Заавал сууж байж саналаа өгөх ёстой гэсэн байдлаар шахаж байгаа нь энэ парламентын гишүүний бүрэн эрхт халдаж байгаа асуудал. Ийм байдлаар асуудалд хандаж  болохгүй.

-                     Японы парламетад санал хураахдаа гишүүд нь мод бариад дэмжиж байгаа эсвэл эсрэг байгаа гэсэн талдаа тавьж, тоолж саналаа өгдөг юм билээ. Манайд саналыг хураалтыг ямар аргаар шийдвэл зохилтой вэ?

-                     Манайд автоматаар санал хураана гэдэг нь маш буруу зүйл ихэнх орнуудын парламентад автомат санал хураал гэж байдаггүй. Байлаа гэхэд ийм ийм хуулин дээр автомат санал хэрэглэнэ гэсэн байдаг. Санал өгөх эрх гэдэг бол парламентийн гишүүнд олгогдсон маш чухал эрх. Яагаад гэхээр намайг миний сонгогчид тэнд тийм санал өгөөрэй гээд өөрийнхөө эрхийг шилжүүлээд өгсөн би төлөөлөл нь. Тийм учраас миний санал өгөх эрхийг хэн нэг нь булааж авах юм уу, хэн нэг нь авах эрхгүй. Тийм учраас цаашдаа монголын парламент тогтворжоод ирэхээд нэг мөр хэлэлцдэг хуультай болох нь байна. Одоо бол нийгэм шилжилтийн үед болсон болоогүй хууль үйлдвэрлээд гаргаад л байна. Жишээ нь, АНУ төсвөө жил хэлэлцдэг. Тэгэхээр бид нар нэг хуулид нэг өгүүлбэр оруулах гэж нэг хоёр жил хэлэлцэж байгаа байхгүй юу. Бид цаашдаа тийм болох юм бол цаашдаа автомат системийг халах учиртай.

Өөрсдөө л саналаа өгдөг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоогийн автомат систем чинь бие биедээ нөлөөлөх магадлал ихтэй. Солонгосын парламентийн манай автомат системийг харчихаад нэвтрүүлэх гээд боломжгүй гээд больсон юм билээ.

-          Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top