Д.Ганхуяг: Дарамт болохгүй & З.Энхболд: Яалаа гэж, дарамт болох нь тодорхой

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын нэгдсэн нээлттэй хуралдаанд Засгийн газраас Оюу толгойн асуудлаар хийсэн мэдээллийг сонсож, зарим зүйлийг тодруулж асуун өөрийн байр суурийг илэрхийллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Нэмэлт хөрөнгө болгон яг хэдэн тэрбум доллар босгох гээд байгаа юм бэ?

 “Эрдэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг: 6,6 орчим тэрбум доллар. Нэмэгдээд байгаа нь хоёр тэрбум гаруй юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Түүнийхээ 4 тэрбум гаруйг нь Рио Тинто авна гэсэн байна. Энэ  юу гэсэн үг вэ? Рио Тинто оруулсан хөрөнгөө нэмэлт хөрөнгө босголоо гэж авчихаад Монголын 34 хувьд ногдох хөрөнгөд хүү бодуулаад сууж байх юм уу?

“Эрдэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг: Одоо босгох гэж буй 4 тэрбум дээр яриад байгаа юм байна. Зургаан тэрбум гаруй доллар босгоод өнөөг хүртэл оруулсан 4 тэрбум доллараа буцаагаад авна гэж байгаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: 34 хувьдаа хүү төлөх нь шударга бус л даа. Гэхдээ надтай уулзахдаа буцааж хөрөнгө оруулсан мөнгөө авах тухай яриагүй. Давос явсан хойгуур л тийм зүйл ярьсан гээд байгаа. Ингэвэл мөнгө угаагаад аваад явсантай адил болно шүү дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: За тийм асуудал болохгүй гэж ойлголоо. Батбаяр сайд

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Сая ажлын хэсгүүд уулзсан юм. Тэгээд өгсөн зүйлд “Банкаар 6 тэрбум доллар босгоё. Дөрвийг нь Рио Тинто буцааж авна” гэж бичсэн байна. Үлдсэн 2 тэрбум долларыг хөрөнгө оруулалтад ашиглана. Нийтдээ хөрөнгө оруулалтын эх үүсвэр 7,1 тэрбум хэрэгтэй. Түүнээсээ 2 тэрбумыг хасаад цаана нь дахиад 5,1 тэрбум доллар хэрэгтэй гэж бас бичээд албан ёсоор өгчээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Зардал өссөн гээд байгаа. 4 тэрбум 425 сая долларыг анхны хөрөнгө оруулалт гэсэн байна. 2012 оны гүйцэтгэлээр 6 тэрбум 467 сая доллар болж, 47 хувиар өссөн гэжээ. Энэ хугацаанд үйлдвэрийн удирдлага менежментийн төлбөр гээд 3 хувиа авсан байгаа. Анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгийг 47 хувиар өсгөж үргүй зардал гаргачихаад удирдлагынхаа шагнал, зардлыг аваад сууж байна. Энэ нь Монголын талд зардал болж ирж байгаа биз дээ? Үүнийг ярьсан уу?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Энэ тал дээр гэрээнд тусгасан зүйл байхгүй. Менежментийн төлбөрийг өмнө нь Ivanhoe Mines компани зарцуулж байсан, одоо Оюу толгой компани авч зарцуулах юм. Ямар компанид шилжүүлэх юм бэ, гэрээгээ аваад ирээч гэсэн боловч өнөөг хүртэл үзүүлээгүй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Би тодорхой зүйл асуусан. Энэ нь Монголын талд ногдох 34 хувьд дарамт болох уу?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Гүйцэтгэх удирдлагад нь манайх байхгүй учраас дарамт болохгүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гүйцэтгэх удирдлагад нь Монголын тал байхгүй учраас дарамт болохгүй гэсэн үг үү?

УИХ-ын дарга З.Энхболд: Яалаа гэж, компанийн зардал учраас дарамт болох нь тодорхой шүү дээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Ойлгомжтой шүү дээ, гэрээ нь тийм юм чинь. Менежментийн төлбөр зөвхөн нөгөө талдаа л гарна. Ажлын хэсгийн хүмүүсээс асууя. Байгуулсан гэрээгээ унш л даа. Манайд өр, зардал болоод л үлдэнэ. Энэ нь ойлгомжтой, тийм л гэрээ байгуулсан шүү дээ. Монголын талд 100 хувийн ачаалал болж үлдэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хоёр дахь асуудал нь бид хугацааны талаар их ярилцдаг байсан, харин сая хөндөгдсөнгүй. Монголын талын 34 хувь нь энгийн хувьцаа гэж ойлгож байна. Зээл төлж дуусаагүй байхад энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр манайх 34 хувийн зээлээ хүүтэй нь төлөх юм бол 2019 онд дуусахаар байсан. Гэтэл нэмэлтээр дахиад 7, 14, 24 тэрбум гээд авах юм бол нөгөө зээлээ төлөөд ногдол ашиг хуваах хугацаа нь 2019 он биш 2033 он болж хойшилно гэж ойлгож байна. Энэ үнэн үү? Монголын талд ирэх ногдол ашиг тэр нэмэлт зээлийн төлбөртэй хэрхэн уялдаж байна вэ?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Энэхүү төсвийн нэмэлт хөрөнгө оруулалт нь 14.4 тэрбум доллар байгаа тохиолдолд 2019 оноос ногдол ашгаа авах ёстой. Одоо хөрөнгө оруулагч талын хувьд энэ тоо 24.4 тэрбум доллар болж өөрчлөгдсөн учир багаар бодоход долоон жилээр хойшлох юм. Ингэснээр таны хэлснээр 2033 он болж хойшлогдсон гэсэн үг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Сая Сэдваанчиг дарга хэлсэн. Түүнээс Монголд ногдох өрийг өнөөдрөөр тасалбар болгоод харахад хоёр тэрбум доллар, найман хувийн хүү байна гэж ойлгосон. Зөв үү?  

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Сэдваанчиг бид хоёр ярилцаж байгаад дутуу орхисон. Аливаа компани эхлээд дүрмийн сангаа батлаад, зээл аваад явдаг. Тэгэхээр дүрмийн сан нь 1.6 тэрбум доллар. Үүний 900 орчим сая доллар нь нөгөө талынх, манайх 800 орчим сая доллар. Энэ бол хөрөнгө оруулалт. Бодитой оруулсан 900 сая доллар бол нөгөө талаас оруулсан, харин манай 700-800 сая доллар, түүний хүү хоёр тооцогдоод явж байгаа гэж ойлгож болно. Үлдсэн 3.4, дахин нэмэгдэх бүхэн бол хүүтэй зээл.

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Анхны хөрөнгө оруулалт хэзээ дуусах вэ? Хөрөнгө оруулагчийн сонинд өгсөн ярилцлагыг харж байхад анхны баяжмал гарснаар дуусах юм шиг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тууз хайчилсан шүү дээ. Энэ арга хэмжээгээр дуусгавар болж буй гэсэн үг үү? 

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Баяжмалын үйлдвэр баригдсанаар анхны хөрөнгө оруулалт дууссан байх ёстой. Баяжмалын үйлдвэрийн барилгын ажил дууссан. Одоо туршилтын ажиллагаа явуулж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Одоо манай 34 хувьд бид хэдэн долларын ачаалал авч байгаа нь тодорхой болсон гэсэн үг үү?

“Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг: Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан тооцоогоор бол хувьцааны санхүүжилт хоёр тэрбум, хүү нь 705 сая доллар болоод байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Өнөөдрөөр харахад 34 хувьтай Монголын ирээдүйд төлөх мөнгө 705 сая доллар гэсэн үг үү?

“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар шүү дээ. Дээрээс нь жил бүр хүү бодогдоно.

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ингээд бүгдээрээ нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй байгаа юм. Анхны хөрөнгө оруулалтын гэрээг ТЭЗҮ-д суурилж хийсэн. Гэтэл өнөөдөр сонсоод байхад ТЭЗҮ өөрчлөгдсөн байна. Иймээс энэ өөрчлөлтийг Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлсэн үү?  

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: ТЭЗҮ-ийн асуудлыг хуульд ч, гэрээнд ч тэгж заасан. Аль нэг зардал нь өөрчлөгдсөн тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад явах ёстой. Энэ шаардлагыг бидний зүгээс жил бүр тавьсан. Одоогийн байдлаар Эрдэс баялгийн зөвлөлөөр батлагдсан зүйл байхгүй. Нэг удаа ойлгомжгүй зүйл очоод буцсан байсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Оюу толгой компани нь нийт талбайнхаа 70-80 хувийг эзэмшиж байна гэсэн. Харин Монгол Улс энэ талбайн 34 хувийг эзэмшиж байна. Нөгөө талд байгаа 20-30 хувь нь Entree Gold компанид байна гэж ойлгосон. Та сая хариулахдаа “Хуулийн дүгнэлт гаргаж байгаа. Хууль зөрчсөн зүйл байна. Энэ Entree Gold нь ямар ч асуудалгүйгээр талбай, бүх зүйлтэйгээ Оюу толгойд шилжинэ, тэгээд тэр нь 100 хувь болно, харин үүний 34 хувь нь хуулийн дагуу Монголын талд ногдоно гэж ойлгосон. Зөв үү?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Ойлголт нэг байна. Харин хэрэгжилт, үр дүн өнөөдрийн байдлаар тэс өөр болоод байна. Юу гэвэл Ivanhoe Mines, Оюу толгойl компаниас хэлснээр Entree Gold талбай болон талбайд буй нөөцийг эзэмшиж байгаа юм. Лиценз нь ийм байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт нөөцийн 34 хувь байх ёстой бол 70-80 хувийнх нь 34 хувь болоод байгаа юм. Үүнээс ямар асуудал үүсэх вэ гэхээр Entree Gold компанийн хайгуулын лицензийг Оюу толгой компанид ашиглалтын лиценз болгон шилжүүлнэ гэж энэхүү гэрээн заасан. Лицензийг шилжүүлэх явцдаа тухайн үеийн кадастр, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тэр 20, 30 хувь нь өөр компанид очихоор болсон байгаа. Энэ нь хууль зөрчсөн асуудал. Хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх гэж найдаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Оюу толгой компанийн эзэмшиж буй нийт талбайг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь Монголын мэдэлд байгаа гэж ойлголоо. Гэтэл хажууд нь лиценз эзэмшигч Entree Gold компанийн талбайн 70-80 хувийнх нь 34 хувийг эзэмших болоод байгаа юм байна. Нэг ийм ойлгомжгүй асуудал байгаа юм. Үүнийг хууль зүйн талаас нь та бүхэн хөндөн тавьж, ярилцаж шийднэ гэж ойлгож байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:  Шийднэ гэж ойлгож байгаа. Нөгөө талаас Айванхоу майнз компаниас газрыг 100 хувь Оюутолгойд шилжүүлж өгнө гэсэн бичиг хийж өгсөн юм байна лээ. Манайхан л жаахан будлиулсан асуудал гарсан. Үүнийг шийдвэрлэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Дараачийн асуулт.  BHP хоёр хувийн роялти гэж байгаа шүү дээ. Энэ ерөөсөө ойлгогдохгүй байна. Юу гараад ирсэн юм бэ? Тэгээд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээ энэ асуудлыг тусгаагүй гэж ойлгож байгаа. Тиймээс энэ хоёр хувийн татвар байхгүй. Энэ бол Монголын талд буюу хөрөнгө оруулагч талд ямар нэгэн дарамт болж ирэхгүй. Тийм зүйлийг Монголын тал хүлээж авахгүй байх гэж ойлгож байна, зөв үү?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:  Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар тэгж ойлгох ёстой. Гэрээг батлахаас өмнө яригдаж байсан. Гэрээнд тусгагдаагүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ яаж гарч ирсэн бэ, товчхон хэлээч.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:  Оюу толгой лицензийг BHP-ээс Айванхоу анх худалдан авсан юм шиг байгаа юм. Тэр үедээ л хоорондоо ашгийнхаа хувь, роялти өгнө гэсэн аман хэлэлцээ байсан юм билээ. Одоо түүнийгээ гаргаж тавиад буй бололтой. Нөгөө талаас хөрөнгө манай баялаг. Одоо Оюу толгой компанийн баялаг болчихсон. Гэрээнд тусгагдаагүй зүйлийг хүлээж авахгүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ойлголоо. Голден загс зөвлөх компанитай холбоотой асуудал дээр хуулийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэж бодож байна. Хилийн цаана Оюу толгой юу барьсан юм бэ? Түүний зардал нэлээн гарсан байгаа гэж Сэдваанчиг дарга ярьсан.

“Эрдэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Сэдваанчиг: Яг хилийн цаана ямар хөрөнгө оруулалт хийгээд юу барьсныг газар дээр нь очиж үзэхээр ажлын хэсгээс хүмүүс явсан.  Өнөө маргаашгүй хүрээд ирнэ. Тэр үед нь энэ асуудлыг ТУЗ-өөр ярина. Ер нь өнөө хүртэл авсан мэдээллээр бол баяжмалаа түр хадгалах агуулах тэнд барьсан гэсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хилийн цаана баяжмалаа хадгална гэсэн үг үү? Түүндээ агуулах барьсан гэсэн ойлголт уу?

Тэгэхээр одоо миний хэлэх гэсэн санаа бол таван бүлэг асуудал байгаа. Олон жил ярьсан. Манай ард иргэд байнга хөндөн гаргаж тавьж ирсэн. Төр засгийн зүгээс ч гэсэн энэ дээр ямар асуудал байна гэж нэлээн хүлээцтэй хандаж ирсэн. Өмнө нь нэг хэсэг хүний санаа зовсон асуудал мэт байсан. Одоо Оюу толгойн асуудлуудыг Монголын төр засаг гартаа барьж авч байгаа нь их чухал юм. Таван бүлэг арван таван асуудал байна. Эдгээрийг дараа нь Ганхуяг сайд өөр дээрээ аваад тэр хувь нийлүүлэгчдэд өгөх ёстой шүү. Энэ бол Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт өгч байгаа чиглэл. 

Нэгдүгээр асуудал. Монгол Улс Оюу толгой дээр хууль ёсныхоо байр суурийг эзэлье. Одоо бид гадуур нь байгаа юм шиг яриад 34 хувьтай гээд байдаг. Ямар хувь хаана байгааг мэдэхгүй байдалтай байгаа юм. Оюу толгой Монголын нутаг дээр босч бүтээн байгуулалт хийгдлээ. Одоо хууль ёсны байр сууриа эзэлье.

Энэ дотор гурван асуудал байгаа юм. Тэр гүйцэтгэх удирдлагын багт оръё. Монголчуудыг оруулах асуудлыг одоо тавих хэрэгтэй. Хамгийн гол асуудал шийддэг анхаарал татсан хэлтсүүд байгаа. Санхүүгийн хэлтсийн  удирдлагад монгол хүн орох ёстой. Бараа бүтээгдэхүүн худалдан авалт, борлуулалтын хэлтэс, гэрээ эрх зүй, төслийн үйлчилгээний газар гээд монгол хүн боломжтой бүх удирдлагад оролцох хэрэгтэй. Энэ асуудлаа бид тавих цаг болсон. Хоёр дахь асуудал бол санхүүгийн үйл ажиллагааны хяналт, оролцоо, ил тод байдал ерөөсөө байхгүй байгаа. УИХ-ын гишүүд, Засгийн газар шаардаад юм гарч ирдэггүй, үзүүлдэггүй хэдэн сар болдог. Ийм байдалтай байгаа. Монгол Улс бол хуультай улс. Нягтлан болох бүртгэлийн, санхүүгийн хуультай. Хууль хэрэгжих ёстой. Бид Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг бүтцийг бий болгож оролцох ёстой.

Гуравдугаарт дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцооны асуудал. Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авдаг. Энэ асуудлыг сонинд зарлах төдийгөөр үлдээчихээд байгаа юм. Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоо байх ёстой. Ерөөсөө хөрөнгө оруулалтын ашгаас гадна ажил үйлчилгээ гүйцэтгээд, бараа нийлүүлээд тэнд Монголын олон арван мянган аж ахуйн нэгж бий болох ёстой. Монгол хүмүүс ажлын байртай болох ёстой. Цалинтай болох ёстой. Ийм гурван асуудал байгаа юм.

Хамгийн гол нь зарлал гаргаад бараа нийлүүлж, үйлчилгээ үзүүлэхээр  шалгарсан аж ахуйн нэгжүүдийг ил тодоор зарлах хэрэгтэй. Хэдэн долларын ажил үйлчилгээ нийлүүлэх юм,  ямар шалгуураар шалгарсан юм, гадаадынх уу, дотоодынх уу гэдгийг ил болгох хэрэгтэй. Үүнийг байнга мэдээлдэг байя.

Сая УИХ-ын гишүүдийн тавьсан асуудлуудыг бид шийдэх хэрэгтэй. ТУЗ-д нь яг төрийг төлөөлж тодорхой хариуцлага хүлээсэн хүмүүсийг оруулъя гэдэг  асуудлыг  ярих цаг болсон.

Хоёр дахь багц зүйл бол менежментийн болон нөөцийн төлбөртэй холбоотой асуудал. Үүн  дээр нэг сонин зүйл гарч ирээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын мөнгөний гурван хувийг төлж байгаа. Тууз хайчилснаас хойш зургаан хувь болсон гэж би ойлгож байна. Тэгэхээр бусад олон улсын нийтлэг жишгээс харахаар 2,5 дахин өндөр байна. Та бүхэн ингэж хэллээ шүү дээ. Оюу толгойг удирдаж байгаа дарга нар дэлхийн жишгээс 2,5 дахин өндөр зардал гаргаж Монгол Улсад ажиллаж байна. Үүнийг бид хүлээж авахгүй. Энэ асуудлыг ярья.

Үйлдвэрийн удирдаж буй дарга нар нь нийт орж байгаа хөрөнгийн 6 хувийг зарцуулж байдаг. Баялгийн эзэн Монгол улс нөөцийн төлбөрийн 5 хувийг л авч байгаа. Ийм байж болох уу? Эдгээр асуудлыг хооронд нь уяж тавих ёстой гэж бодож байна. Дээр нь үйлдвэрийн удирдлага хариуцлага алдаад зардал нэмэгдсэн. Манай аудитын шалгалтаар тэрбум долларын асуудал үүсчихсэн байгаа. Хариуцлага гэж байдаг юм байгаа биз дээ. Энэ асуудлыг бид цаашид яаж шийдэх юм бэ?

Гурав дахь багц асуудал. Төслийн санхүүжилттэй холбоотой өнөөдөр бидний ярьсан олон зүйл байгаа. Сая Ерөнхий сайд танилцуулсан. 5,1 тэрбум бүх зүйлээ оруулаад тооцсон гэсэн. Гэтэл 7,1 тэрбум доллар болчихлоо. 40 хувиар өслөө. Төслийн үйл ажиллагаа үргэлжлээд дуусахад 14,6 тэрбум доллар гарна гэж тооцож байсан чинь одоо манай хөрөнгө оруулагчдын саналаар 24,4 тэрбум доллар төлж байж нийт бүтээн байгуулалт явах нь гэж харагдаад байна шүү дээ. Нөгөө төлөвлөж байснаас 9,8 тэрбум ам доллараар илүү гараад байна. Тэгэхээр үүн дээр бид маш их анхаарах ёстой.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анхны хөрөнгө оруулалт дуусч баяжмалаа гаргаад үйлдвэр ажиллахаар орж ирж буй мөнгөний урсгалаар нэмж хөрөнгө оруулалт хийгээд өргөжөөд явна гэж ойлгосон. Түүнээс биш хаа нэгэн газраас компани, эсвэл банк авчраад тэднээс 7 тэрбум ам доллар ч юм уу, тийм их хэмжээний зээл аваад дундаас нь гаргасан зардлаа аваад явна гэсэн ойлголт байгаагүй. Тэгэхээр энэ асуудлыг бид бүхэн бодох ёстой. Рио Тинто гэдэг ганц аж ахуй нэгжтэй хөрөнгө оруулалт ярьж байсан бол өнөөдөр дэлхийн 20 гаруй банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид руу хандаж, хэнээс нь хэдэн долларын зээл авсныг мэдэх болж байна. Ямар банкны өмнө үүрэгтэй болсон гэдгээ Монгол Улс араас нь хөөж гүйцэж хариуцлага тооцох асуудал ярина гэж байхгүй шүү. Хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд ийм маягаар Монголыг чадна гэж бодож байж магадгүй. Та бүхэн ингэж болохгүй гэдгийг өнөөдрөөс бид хэлэх ёстой. Үүн дээр бид нэгдмэл байр суурьтай байгаа гэж та бүхэн ойлго.

Дөрөв дэх том асуудал бол Оюу толгойн ордыг тойрсон шийдвэрлэх шаардлагатай таван зүйл байгаа юм. Нэгд Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлж байх ёстой. Энэ төслийн бүх санхүү, бараа ажил үйлчилгээний төлбөр Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжих хэрэгтэй. Бээжинд ч юм уу хаа нэгэн газар суучихаад ханган нийлүүлэлтийн асуудлыг шийдэж байж болохгүй. Тэгээд ч  гэрээнд нь шаардлагатай бол банк санхүүгийн байгууллагад данс нээнэ гээд заачихсан байна. Одоо энэ гэрээний дагуу дансаа нээгээд энэ үйлчилгээгээ эхэл. Монголчууд, банк санхүүгийн байгууллагууд, энд байгаа олон улсын байгууллагууд үйлчлүүлээд л бүгд хууль баримтлаад явж болоод л байна. Яахаараа Рио Тинто гэдэг компани, энэ Оюутолгой үүний гадаа үлддэг юм бэ? Тэгээд дээрээс нь ашиг олох юм бол эргүүлээд Монгол Улсад хөрөнгө оруулалт хий л дээ Монгол Улс хөрөнгө оруулалтын өндөр боломжтой орон. Гэтэл энэ төслийнхөн яахаараа мөнгөө аваад зугтах гээд байдаг юм. Бид тэгтлээ итгэл алдсан улс биш. Тэгэхээр манай банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх асуудлыг тавих ёстой зүйл.

Хоёрт бүтээгдэхүүнээ зөөнө гэж байгаа. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрээс гардаг баяжмал шиг зөөх төмөр зам байхгүй, авто зам ч байхгүй. Одоо тэр авто замаа яаралтай барь, тэгээд бүтээгдэхүүнээ зөө гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь тэр эрчим хүчний хангамж байна. Ерөнхий сайд нэг байр суурьтай байх ёстой гэж хэлсэн. Тэгэхгүй хоёр өөр юм яривал дундуур нь цохилдуулаад байгаа юм. Миний ойлгож байгаагаар Таван толгой дээрээ л цахилгаан станцаа барья. Үүнд Оюу толгой компани оролцвол оролцог. Гэхдээ 51 хувиас дээш биш.

Тэгэхээр таван толгой дээр барьсан цахилгаан станцаас цахилгаанаа авна биз. Хот суурин босгохоороо хүчин чадал нь тохирсон дулааны станцаа барьж болно шүү дээ. Иймд энэ боломжуудаа бид ойлгомжтой ярьж нэг байр суурьтай байх ёстой.

Өөр нэг асуудал байгаа. Бид гэрээ байгуулж байхад нэг зүйлийг маш тодорхой ярьж байсан. Явцын дүнд зэсээ боловсруулна гэж. Мөн Эрдэнэт үйлдвэрт лаборатори байдаг. Зэсийн баяжмалыг судалдаг, тэр дотор нь хэр хэмжээний зэс, алт байгаа юм гээд. Ийм хөндлөнгийн лаборатори байх ёстой. Оюу толгойн мэдлийн биш шүү дээ. Оюутолгойн үйлдвэрийн төслийн талбайд хяналт тавих ёстой. Газар дороос юу юу гарч ирсэн, хичнээн хэмжээтэйг авч явсан гээд. Дараа нь баахан хардлага сэрдлэг, яриа болдог биз дээ.

Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрээ барих техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ одоо ярилцах цаг болсон. Зэсийн баяжмал гараад эхэлчихлээ. Гэрээнд энэ талаар тодорхой цаг хугацаа тавьсан байгаа.

Тавь дахь багц асуудал. Орон нутгийн иргэд, ажилчид, байгаль орчинтой холбоотой нэг асуудал бий. Иргэд түүнийг олон дахин тавьсаар байгаад хөрөнгө оруулагч талтайгаа ч ойлголцож байгаа гэж үзэж бодож байна. Ханбогд сумыг түшиглээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуул. Соёл амралтын цогцолбор байгуул. Ингэснээр гэр бүлүүд нь очиж ажиллах боломжтой болно. Сургуульд нь багшилж, эмнэлэгт ажиллана. Олон үйлчилгээ бий болно. Одоо төслөө, зургаа гаргаад энэ үйл ажиллагаагаа эхэл. Хэдийд эхлэх юм, хичнээн хүний ортой эмнэлэг, хэдэн хүүхдийн сургууль барих юм, бидэнд энэ бол их тодорхой байна гэдгээ хэл.

Бас нэг хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол усны хангамж. Ер нь цаашдаа гүний биш гадаргын усыг ашиглах хэрэгтэй. Өөрөөр тэнд усны асуудлыг шийдэх боломжгүй. Говийн байдал үнэхээр хүнд болсон. Ус тойрсон зүйл чинь бүдэг бадаг яваад байгаа. Усны нөөц хичнээн байна. Менежмент нь ямар байх юм. Үйлдвэрийн хог хаягдлуудыг одоо л ярих ёстой. Тоосжилтын асуудал гарна. Түүний эрсдэл, шинжилгээ, үр дагавар, авах арга хэмжээнүүд их тодорхой байх ёстой. Байгаль орчин, ус, бусад зүйлтэй холбоотой асуудлаа бид одооноос тодруулж, хоёр талаасаа ярилцах шаардлагатай.

Энэ чинь Монгол Улсын газар нутаг дээр байгаа үйлдвэр. Монголын ард түмний эрх ашгийг хөндөж байгаа зүйл гэдгийг хэлмээр байгаа юм. Дээр нь үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртөх хүн ам гэж байдаг. Тэр дотор малчид, эмзэг бүлгийн иргэд орохоос гадна бэлчээр ус, мал амьтан гээд олон зүйл байгаа. Үүнийг бас бид харах, ярих хэрэгтэй. Яг нэг төрлийн, нэг мэргэжлийн ажил хийж байгаа бол ижил цалин авах учиртай. Гадаадын хүн хүрч ирээд унаа, байр сууцны мөнгө авдаг. Ийм  нэмэгдлийн тухай яриагүй байна. Үндсэн цалингийн тухай ярьж байна. Энэ асуудлыг тавих хэрэгтэй гэж би бодож байна.

 Өмнийн говийн хөгжлийн зөвлөл гэж байдаг. Зөвлөл одоо ажиллах цаг нь болсон гэж би бодож байна. Саяын хөндөгдөж байгаа асуудлууд дээр энэ хөгжлийн зөвлөлийг оруулаад бас нэг механизм болгож ашиглах хэрэгтэй.

Өнөөдөр бид нэгдмэл ойлголтод хүрэх гэсэн юм. Энэ хуралдааныг нээлттэй хийж байгаа нь ийм учиртай юм. Өмнө нь бид хаалттай хуралдаж ярьсан. Тодорхой асуудлуудаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд бүгд оролцоод нэгдмэл ойлголттой больё, тал талаасаа байр сууриа нэгтгээд ярилцъя гэсэн юм.

Монгол нээлттэй улс учраас иргэд маань нэгдмэл ойлголттой болох ёстой. Монголын төр засаг энэ асуудлыг халуун гэж халгалгүйгээр гартаа барьж авч байна. Нэгдмэл байр суурьтай ажиллах болж байна. 1996 онд Оюу толгойн илэрц анх тогтоогдсон шүү дээ. Түүнээс хойш хэдэн жил болсныг та бүхэн мэдэх байх. 2003 оны 12 дугаар сард Оюу толгойн ордын ашиглалтын лицензийг шилжүүлсэн байгаа. Түүнээс хойш гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдаад бас иргэдийн зүгээс, УИХ-ын зүгээс асуудал тавьсаар байгаад гурван асуудал шийдвэрлэгдсэн. Тэгэхээр бидний яриад байгаа зүйлүүд огт шийдвэрлэгддэггүй юм уу, аль эсвэл нэг тал нь хүлээж авдаггүй асуудал биш. Үнэхээр бид хуулийн дагуу, эрх ашгийн дагуу зөв илэрхийлж тавих юм бол асуудлууд шийдвэрлэгдээд явдаг юм гэдгийг хэлэх ёстой. Дээр нь Оюутолгой гэрээг байгуулахад Аюулгүйн зөвлөл хуралдаж байгаад нэмж гурван зүйлийг маш тодорхой тохирсон. түүнийг би анх удаа энд хэлье гэж бодож байна.

Нэг дэх зүйл нь Монгол Улсад хоёр татварын орчин байж болохгүй. Өмнө нь Оюу толгой, Монголын бусад аж ахуйн нэгжүүд өөр татварын орчинтой байсан шүү дээ. Энэ гэрээнд нэг татварын орчин тусч орсныг бүгдээрээ мэдэх байх гэж бодож байна.

Хоёр дахь зүйл бид баяжмалд боловсруулалт хийнэ. Цаашид зэсээ хайлуулна. Үүнийг заавал тусгана гэж байж оруулсан. Гурав дахь асуудал нь стратегийн хөрөнгө оруулагч өөрчлөгдөхгүй. Нэг үгээр хэлбэл, Рио Тинто. Энэ байр суурь, олон улсад нэр хүндтэй, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгогдож байгаа хөрөнгө оруулагч өөрчлөгдөхгүй гэсэн санаа шийдвэрт тусч орсон. Одоо энэ зүйлүүд ерөнхийдөө хэрэгжээд цаашаа явах ёстой.

Нэг дүгнэлт хэлэх гэсэн юм. Оюу толгой бол Монгол Улсын бүтээн байгуулалт. Оюутолгой бол манай улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түнш гэж үзэж байгаа. ДНБ яаж өсч байгааг та бүхэн мэднэ. Цаашид төсвийн орлого өснө. Тэгэхээр бид нэг завин дээр сууж байгаа. Бид хэдийгээр асуудал тавьж байгаа ч бас ойлголцож байгаа. Бид голын цаана гарах ёстой. Үнэхээр нарийн мэргэжил, өвөрмөц техник, технологи шаардсан том бүтээн байгуулалт манай говьд боссон. Үүнийг бид үнэлэх ёстой. Гэхдээ бидэнд ярих асуудал байна. Хамгийн гол нь бид гэрээнийхээ хэрэгжилтийг хянана. Гүйцэтгэлийг хангуулна. Асуудал байвал ярилцана. Шийдвэрлэнэ.

Ашигт малтмалын бизнес тод ул мөр үлдээдэг. Нийгмийн сэтгэл зүйд ч маш тод ул мөр үлдээж байгаа юм. Нэг бол хэрүүл, зөрчил үлдээдэг. Эвлээд хамтраад шийдээд явах юм бол хөгжил дэвшил үлдээдэг. Тэгэхээр бид хөгжил дэвшил, бүтээн байгуулалт үлдээе. Түүнээс биш хүний сэтгэлд, ард түмнийхээ сэтгэлд, газар дээрээ ч шарх сорви үлдээмээргүй байна. Бид үүнийг эхнээс нь ярьж байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

Оюу толгой бол Эрдэнэттэй адилхан Монголд том соёл авчирна гэж би хувьдаа ойлгож байгаа. Эрдэнэт үйлдвэр бол Монголд их том соёл авчирсан. Үйлдвэрийн соёл, уул уурхайн соёл, түүгээр дамжсан олон мянган ажилчин, инженер, техникийн ажилтан гээд асар том соёлыг авчирсан. Одоо Оюу толгой хуулийг яаж хэрэгжүүлдэг, ажиллаж байгаа улс орныхоо хуулийг яаж хүндэтгэдэг, яаж ил тод, хяналттай ажилладаг гэдгээ харуулах учиртай. Нөгөө олон улсын нэр хүндтэй, хариуцлагатай, ил тод уул уурхай Монголд яаж ажилладаг юм, гадаадын том компаниуд тэнд очоод яаж ажилладаг юм гэдгийг  харуулах ёстой. Би ийм соёлыг Оюу толгой, манай хөрөнгө оруулагчид Монголд үлдээх ёстой гэж боддог.

Хариуцлагатай уул уурхай гуравхан зүйлийг шаарддаг. Нэгдүгээрт, оролцогчдын эрх нь тэгш, тогтвортой, харилцан хамгаалагдсан байх ёстой. Хоёрдугаарт, олон нийт, иргэдийн хяналттай, ил тод байх ёстой. Гуравдугаарт, байгаль орчинд учрах нөлөөлөл нь тооцогдсон, авах арга хэмжээ нь тодорхой болсон байх ёстой. Үүнийг хөрөнгө оруулагчдадаа тавих ёстой.

Ер нь дэлхийд ашигт малтмалын бизнес өөрчлөгдөж байгаа. Бид гэрээгээ байгуулаад, хөрөнгө оруулалтаа хийгээд ажиллаж байгаа. Тавих асуудал гарна гэдгийг ойлголцох хэрэгтэй гэж бодож байна. Өөр нэг зүйл бол ашигт малтмалаас үнэтэй, Оюу толгойгоос үнэтэй ололтууд Монголд бий.

Улс орны тусгаар тогтносон, бие даасан байдал, хууль ёс, ил тод байдал заавал үйлчлэх ёстой. Зарим гишүүн хэлж байсан. Монгол Улс хуультай орон. Монгол ёс журамтай улс. Монгол Улс бол төр, засагтай улс. Зүгээр нэг баялгийг нь ороод дээрэмдээд аваад явчихдаг, тэгээд нөгөөдүүл нь дуугүй сууж байдаг, аль эсвэл эрх барьж байгаа хэсэг хүнтэй нь хуйвалдаад баялгийг нь цөлмөөд гараад явдаг тийм улс биш шүү. Хэрэв ийм улс гэж эхнээсээ бодсон бол эндүүрэл. Монгол Улс бол нээлттэй, ардчилсан, ард түмэн нь эрхээ шаардсан, төр нь ард түмнийхээ шаардлага, хүсэл зоригийг биелүүлэхийн төлөө ажилладаг улс. Тэр нь хуулийн дагуу хэрэгждэг, тийм л улс. Монгол Улс эртний төр ёсны уламжлалтай улс. Бид чинь төр, хууль ёс гэдгийг дэлхийд тогтоож явсан улс. Ийм оронд хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Үүнийг ойлгох ёстой. Биднийг өөр газар нутагтай, өөр улс оронтой харьцуулж ярих шаардлагагүй.

Манай зарим хөрөнгө оруулагчийн амнаас тийм үг унасан байсан. Би хувьдаа түүнийг хүлээж авах шаардлагагүй гэж бодож байгаа. Рио Тинтогийн удирдах зөвлөл, шийдвэр гаргадаг гол нөхдийг Монголд урьж ирүүлэх хэрэгтэй. Бид Засгийн газар дээр ярьсан. Ганхуяг сайд тэднийг урьж байгаа. Тэр Рио Тинтогийн яг энэ асуудлыг хариуцсан хүн нь Монголд ирнэ биз. Үнэхээр Рио Тинто гэдэг тэр том компанид Оюу толгой гэдэг хөрөнгө оруулалт чухал юм бол энд ирээд ярилцъя. Бид ярилцахыг л хүсч байна. Тэгээд ярилцаад асуудлаа шийдвэрлэе.

Бидний зовлон дээр тоглох хэрэггүй. Монгол Улс өөрөө зовлонтой улс. Хадны завсар хавчуулсан халиуны зулзага гэдэг шиг. Бид гуравдагч хөршийн, гуравдагч талын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх ёстой гэж үздэг. Ийм  хөрөнгө оруулалт Монгол Улсын эрх ашигтай нийцдэг. Гэхдээ бидний энэ хүслийг бас дураараа ашиглах хэрэгсэл болгож хувиргаж болохгүй.

Энэ хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн явцад Монгол Улс чөмөгжих ёстой. Монгол Улс төмөр замаа бариад авах ёстой. Монгол Улс цахилгаан, эрчим хүчнийхээ асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй. Монгол Улс бензин шатахууныхаа асуудлыг бүрэн шийдэх ёстой. Бидэнд ингээд босоод авах боломж байгаа юм. Тийм учраас бид энэ хөрөнгө оруулалтад асар их ач холбогдол өгдөг.

Говьд нэг хэсэг хүн хөрөнгө оруулаад, уурхай бариад байдаг. Лондон хавьцаа мөнгө нь босоод, хөрөнгө оруулагчид нь суугаад байдаг. Монголын улс төрчид Улаанбаатарт хоорондоо зөрчилдөөд байдаг байсан. Улаанбаатарт нэг ч ашигт малтмалгүй мөртлөө энд л ашигт малтмалын тухай ярьсаар байдаг. Одоо энд шинэ механизм тогтооё. Монгол Улсын Засгийн газрын ам бол Уул уурхайн сайд Ганхуяг таных. Энэ Оюутолгой дээр таны л амаар байр суурь цаашдаа илэрхийлэгдэж байх болно. Аж ахуйн хувьд бол тэр  Сэдваанчиг гээд дарга сууж байна. Аж ахуйн тал дээр бол Сэдваанчиг дарга аа, та бүрэн хариуцлага хүлээнэ. Монголд та ямар өр авчрах, хэдэн жилийн ямар ачаа үүрүүлэх нь таны асуудал шүү. Дээрээс нь “Эрдэнэс Монгол”. Тэр Билгүүн, танай захирал бий юү. Ирээгүй юм уу. “Эрдэнэс Монгол” бас аж ахуйн талаас хариуцах бүтэц нь байгаа. Энэ бүтцүүдээ хэдүүлээ ажилд оруулъя.

Ашигт малтмалын шинэ хуулиа боловсруулж байгаа. Нэлээд боловсруулалт шаардлагатай юм шиг байна. Оюу толгойгоос авах сургамж гэж байгаа, Ганхуяг сайд аа, одоо энэ сургамжаа авсан шиг аваад хуульдаа оруул л даа. Яах гэж бид Ашигт малтмалын хуулиа өөрчлөх гэж, яах гэж Хөрөнгө оруулалтын хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Одоо тэдгээртээ бичиж оруул л даа.

Дэлхий нийтээр нэг буруу ойлголт яваад байсан. Монгол Улс хууль зөрчөөд байгаа юм шиг. Монгол Улс гэрээгээ зөрчөөд байгаа юм шиг. Монгол Улс гэрээ зөрчсөн ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Манай ард иргэдээс 34 хувийг нэмэгдүүлье, гишүүдийн зүгээс нэмэгдүүлэх ёстой гэж асуудал тавьдаг. Гэхдээ би хувьдаа наана нь ярих ийм олон асуудал бий гэж бодож байна.

Тэр хувийн тухай асуудлыг дараагийн парламент, Засгийн газар ярьж болно. Одоо ингээд харах юм бол Монгол Улсын талаас шалтгаалах зүйл байхгүй. Харин хууль зөрчиж байгаа, зөрчсөн байж магадгүй зүйлүүд манай хөрөнгө оруулагчдаас гарч байна. Хэрэв энэ үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох, янз бүрийн юм болох юм бол хөрөнгө оруулагч, тэр жаран хэдэн хувийг оруулж байгаа нөхөдтэй холбоотой байна шүү. Тэгэхээр хариуцлагаа хэдүүлээ нийлж үүрдэг байя. Манай зүгээс хүмүүс асуудал тавихаар Монголын байр суурь болгож гадагшаа зарлаж нэр хүндийг нь унагахаа болих хэрэгтэй. Бид чинь нэр төрөө боддог ард түмэн. Тийм учраас Монголын талаас одоо шалтгаалж, нэг үгээр хэлбэл Монголын төр, засаг хоорондоо хагаралдаж бусдын идэш болохоо больсон. Асуудлыг монголчуудыг хагаралдуулж шийдэх гэдэг оролдлого явахгүй. Өнөөдрийн бидний энэ хуралдаан ч харуулж өгч байгаа. Үүгээрээ энэ хуралдаан маш их ач холбогдолтой. Ер нь цааш цаашдын УИХ, Засгийн газарт ч гэсэн сургамж болох ёстой л гэж ойлгож байна.

Саяын ярьсан зүйлүүдийг хувь нийлүүлэгчдийн хурал дээр яриад хууль, гэрээг хэрэгжүүлэх, хариуцлага, ил тод байдлын асуудлыг хэлэлцээд, харилцан ойлголцлын ч юм уу Санамж бичиг бий болгосон нь дээр байх. Яавал бид хариуцлага тооцох юм. Ямар үед зөвлөл нь хурдан ирж хуралдах юм. Ямар үед үйлдвэрлэлийн зардлыг зогсоох ёстой юм. Одоо бол бид түлхэгдээд л яваад байна шүү дээ. Нэг, хоёр сарынх нь төсвийг баталж өгөөд л. Гуравдугаар сараас та нарыг 2013 оныг дуустал төсөв баталж өг гэж шаардана шүү дээ. Тэгвэл хаана очоод тэр босго нь дуусч байгаа, хаана улаан шугам нь дуусч байгаа юм бэ гэдгээ тодорхойлж ав л даа. Улаан шугам дууссан тохиолдолд ямар механизм ажиллах юм. Хувь нийлүүлэгчид хэдийд хуралдах юм. Ганхуяг сайд хэдийд оролцох юм. Ц.Сэдваанчиг дарга хэдийд оролцох юм. Хэдийд Засгийн газрын зүгээс оролцох юм. Хэдийд УИХ-ын гишүүд, бүтэц оролцох юм. Энэ бүхнийг маш их тодорхой болгож авмаар байна. Ингэж чадах юм бол бид явна.

Төгсгөлд нь хэлэхэд монголчуудын хувьд, Монгол Улсын хувьд ялангуяа уул уурхай, Оюу толгойн асуудлаар нэг бодлого, нэг байр суурьтай байгаа. Үүнийгээ нэг амаар илэрхийлдэг болно гэдгийг сая хэлсэн. Дээр нь хамгийн гол юм одоо мэргэжлийн сайн баг бүрдүүлэх хэрэгтэй. Ц.Сэдваанчиг дарга аа, гишүүд сая хэлсэн. Тэр санхүүжилт, хууль зүйн бие даасан, зөвлөдөг бүтэц бүрдүүлнэ. Тэгэхийн тулд, мөн сайн хүн авчирч ажиллуулахад санхүүжилт хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Төсвөөсөө шийдчих хэрэгтэй. Тэрбум тэрбум ам.доллараар алдагдал гаргаж байснаас яг мэргэжлийн үүднээс дүгнэлт гаргадаг, хөндлөнгийн нүдээр гэрээнийх нь заалтыг үзээд дүгнэлт гаргаад ирдэг, ийм л бүтэц бидэнд хэрэгтэй. Үүнийг бид бий болгох хэрэгтэй байгаа юм. Оюу толгой гэхээр Рио Тинто гэдэг олон улсын энэ том компани дэлхийд байгаа хамгийн сайн хуульч, хамгийн сайн санхүүгийн улсууд, хамгийн сайн, магадгүй цаанаа энэ олон буруу сайн зүйлийг хийж чаддаг нөхдүүдийг хөлсөлнө. Монголчууд өөдөөс нь ганц сайд, хоёр сайд, нэг газрын дарга уулзаж байж болохгүй. Тэгэхээр манай баг мэргэжлийн сайн баг байх ёстой. Үүнд мөнгө ч гаргах хэрэгтэй. Анхаарал ч тавих ёстой.

 Ингээд УИХ-ын гишүүд тэвчээртэй сууж, Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоод, Оюутолгойн асуудлаар бид нэг байр суурьтай боллоо. Энэ тухайгаа ард иргэддээ ч мэдээлж нэгдмэл ойлголттой болъё. Хамтран ярилцсан явдалд туйлын их баяртай байна. Дараа ч тодорхой зарим нэг асуудлыг хамтарч ярилцах шаардлага гарах байх гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top