Дорноговьд Ураны хайгуул хийлгэхгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Францын “Арева” корпорацийн охин компани болох “Коже говь” компанийг тус суманд ураны хайгуул хийхийг эсэргүүцэн, хайгуул хийлгэхгүй гэдгээ тус сумын иргэд мэдэгдлээ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд олон тооны мал үхэж, төл ургийн гажигтай төрснийг ураны хайгуул хийн, ураны шар нунтаг гаргасны улмаас үүссэн гэж үзэж байгаа гэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ бус Францын энэхүү “Арева” компанийн өмөөрсөн шинжтэй шийдвэр гаргасныг буруушаан, ийнхүү эсэргүүцэж байгаа аж.

Улаанбадрах сумын иргэд өнгөрсөн тавдугаар сард “Арева” корпорацийн “Кожеговь” компанид ураны хайгуул хийх үйл ажиллагаагаа зогсоох, хайгуул хийлгэж буй удирдлагуудтайгаа яаралтай уулзуулах шаардлага хүргүүлсэн байна. Иргэдийн энэхүү шаардлагыг “Коже говь” компанийн удирдлагууд удаа дараа хойшлуулсаар долдугаар сарын 31-нд уулзалт хийхээр болжээ.

Энэхүү уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Цөмийн энергийн газар, мөн Дорноговь аймаг, “Коже говь” компанийн удирдлагууд нутгийн малчид, хөдөлмөрчид оролцсон байна. Уулзалтаар Засгийн газрын төлөөлөн очсон Цөмийн энергийн газрынхан нутгийн иргэдийг орчин үеийн дэвшилт, хөгжлийг ойлгохгүй байгаа мэтээр хэлж, ураны хайгуул хийх ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Харин холбогдох байгууллагууд нь Улаанбадрах суманд очиж, шинжилгээ хийсэн ч ямар ч хоргүй гэдгийг тогтоосон байна. Ургийн гажгаар үхсэн гэх тугал кальцийн дутагдлаас болсон гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top