Цаг агаарын байдал буудайн ургацад хэрхэн нөлөөлж байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам/ҮХААЯ/-аас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долдугаар сард өмнөх жилүүдэд тохиож байгаагүй цаг агаарын үзэгдэл болж тариалангийн бүс нутгуудад зурвас хэлбэрээр мөндөр орсон. Үүнээс болж 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болжээ. Сэлэнгэ аймгийн Түшиг, Сайхан сум, Архангай, Булганы зарим нутгуудад дээрх үзэгдэл тохиосон бөгөөд нийтдээ тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.
Түүнчлэн жил бүр тариаланчдын сэтгэлийг зовоож байдаг асуудал бол буудай хадгалах агуулах юм. Энэ жил ҮХААЯ-наас буудайн борлуулалтын тал дээр анхаарч ажиллахаа хэллээ. Энэ сарын 10-нд Угтаалцайдамд баригдаж байгаа 36 мянган тоннын багтаамжтай элеваторыг хүлээлгэн өгнө. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 146 мянган тоннын багтаамжтай агуулахыг суллаж, ариутгажээ. Гурилын үйлдвэрүүдийн 90 орчим тоннын багтаамжтай агуулах сул чөлөөтэй байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Хэрвээ цаг агаар муудаж, буудай бороонд цохиулсан нөхцөлд шаардлагатай техникүүдийг бэлэн болгох талаар анхаарч байгаагаа мөн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )