Хүнсний ногооны 110 лангуу бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу одоогоор нийслэлийн 6 дүүргийн 28 цэгт 247 лангуу барихаас 110 лангуу нь бэлэн болжээ. Тодруулбал, дүүрэг бүрт 4-6 лангуу барьж, ногоочдоос шууд хэрэглэгчийн гарт төмс, хүнсний ногоогоо нийлүүлэх аж. ҮХААЯ-наас мэдэгдэж буйгаар одоогийн байдлаар 3.2 мянган тонн төмс хүнсний ногоог түүвэрлэн хураасан бөгөөд энэ сарын дундуур ургац хууралт жигдэрвэл үнэ нь цаашид буурсаар байх юм байна. Мөн нийслэлд байгуулагдаж буй дээрх лангуунуудыг салбарын яамнаас санхүүжүүлэн бариулж буй тул бусад худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа төмс, хүнсний ногооноос хямд үнэтэй байх боломж бүрджээ. Ногоочдын зүгээс ашигласан тог, гарсан хог хаягдлын мөнгөө л өөрсдөөсөө гаргах юм. Шинэ ургацын төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 20 хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа ч хэрвээ цаг агаар цаашид дулаан байвал ногоочид ногоогоо борлуулсаар байх ажээ. Түүнчлэн шинэ ургацын төмс хүнсний ногоог хэрэглэгчдэд их хэмжээгээр борлуулах үүднээс есдүгээр сарын дундуур “Алтан намар” уламжлалт үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар салбарын яам бэлтгэл ажилдаа оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top