Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч АДМИРАЛ СЭМУЭЛ Ж.ЛОКЛЭЙРИЙГ хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 16

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ манай улсад 11 дэх удаагаа зохиогдож байгаа “Хааны эрэлд” сургуулийн үйл ажиллагаанд оролцохоор ирсэн Номхон далай дахь АНУ-ын Цэргийн командлагч Адмирал Сэмуэл Ж.Локлэйрийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 13.00 цагт Төрийн ордны уулзалтын өргөөнд хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалт ярианы эхэнд сайд Д.Бат-Эрдэнэ Монгол оронд тавтай морилохыг хүсээд Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, мэргэжлийн боловсон хүчний сургаж, бэлтгэх зэргээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг цохон тэмдэглээд "Хааны эрэлд" олон улсын энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуульд өндөр ач холбогдол өгөн бүс нутгийн хэмжээний энхийг дэмжих ажиллагааны томоохон сургууль болгон өргөжүүлэхэд АНУ-ын Номхон далай дахь цэргийн хүчний командлалын зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийллээ. Үүнээс гадна Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын “Хэрэглээ, харилцан үйлчлэлийн гэрээ”-нд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай гарын үсэг зурж, баталгаажуулсан явдал нь цаашид хоёр улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. Хариуд нь Адмирал Сэмуэл Ж.Локлэйр цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өөрийн командлалын зүгээс бололцоотой бүхнийг хийх, өөрийн хариуцлагын бүс нутагт болж буй үйл ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн “Хэрэглээ, харилцан үйлчлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсандаа сэтгэл нэн ханамжтай байгаагаа тэмдэглээд, энэхүү гэрээний онцлог нь дуусах хугацаа тавиагүйгээрээ онцлогтойг дурьдаад, энэ нь манай хоёр улсын батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа зогсолтгүйгээр урагшлах нэг хөшүүрэг болж байгааг цохон тэмдэглэв. Тэрээр өөрийн үгийн төгсгөлд Батлан хамгаалахын сайдыг тохиромжтой цагтаа Хавайд айлчлахыг урилаа. Хоёр тал батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцсондоо баяртай байгаагаа илэрхийлснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top