Энэ долоо хоногт таван уулзварын шинэчлэлийн ажил дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 20

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс энэ долоо хоногт таван уулзварын зам барилгын ажил дуусна гэдгийг өнөөдөр болсон “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр онцоллоо. Эдгээрээс хамгийн түрүүлж ХӨСҮТ-ийн баруун урд байрлах “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх лхагва гараг буюу энэ сарын 21-ний 11.40 цагт албан ёсоор нээхээр боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд болон Засгийн газар, бусад албаны хүмүүс оролцоно.

Харин дараа нь Гурвалжингийн гүүрний урд байрлах Ажилчны гудамжны, Х хорооллын, Тасганы овооны, Бөхийн өргөөний уулзварууд дарааллан ашиглалтад орох юм. Одоогоор эдгээр уулзварт өргөтгөл, дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа орж, асфальт бетон хучилтаа тодорхой графикийн дагуу хийж байгаа. Мөн хучилт дууссан уулзваруудад гэрлэн дохио суурилуулах, авто замын тэмдэг тэмдэглэгээ хийх, явган зорчигчийн зам тавих, орчны бусад тохижилтын ажлуудыг хийж байна.

Ийнхүү таван уулзварын шинэчлэлийг дуусгаснаар 33 уулзварын 11 нь ашиглалтад орно гэсэн үг.

Үүнээс гадна I хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудах замтай шууд холбосон шинэ уулзвар гаргаж, өргөтгөх, III, IV хорооллын эцсийн, Циркийн, ТЭЦ-ийн, 25 дугаар эмийн сангийн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх, хөдөлгөөний ачаалал ихтэй тодорхой чиглэлүүдэд шинээр зам барих хэд хэдэн ажил хийгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top