Газар дээр хүнд туслах он жил хайрла, Улаан сахиус минь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Хүнд туслах, ядарсныг өрөвдөх нинжин сэтгэлийг бурхан түүнд харамгүй заяажээ. "Өлссөн нохдод хоол өгөхдөө би Хачин их баярладаг. Өлөгчин гичий цадаад явахдаа Сайны ерөөл уншдаг"... хэмээн дотоод сэтгэлээ уудалсан их хүмүн бол яруу найрагч О.Дашбалбар агсан. Эл шүлэг нь түүний туурвисан сүүлчийн бүтээл байсан гэдэг. 

 ХҮНД ТУСЛАХ АГШИН ХАЙРЛА /ЗЭЭ ХҮҮ Ш.ДАШДОРЖИД/

Өлссөн нохдод хоол өгөхдөө би
Хачин их баярладаг.
Өлөгчин гичий цадаад явахдаа
Сайны ерөөл уншдаг.
Өнчин хүүхдэд хэдэн төгрөг өгөхдөө би
Хачин их баярладаг
Өр өвтгөсөн нялх амьтад нүдний нулимс гаргадаг.
Хүнд туслах агшин бүрийг
Алдахгүйг хичээдэг
Хүйтэн шөнө үнээ малыг өрөвддөг.
Эргэн тойронд минь юу ч боллоо гэсэн
Нинжин сэтгэлээ алдахгүй би
Энэ хорвоогийн амьтан бүхэнд
Хайр энэрэл хүсдэг би
Талд шогшиж яваа гуринхалсан чоныг
Хачин их өрөвддөг би
Тагтад урамдах бугыг ч
Хачин их өрөвддөг би!
Намрын бүрэнхийд даарсан
Цэцгүүдийг өрөвддөг би
Намайг хүн болгосон
Амьдралыг дээдэлдэг би
Манант хорвоогоос буцсан аав, ижийгээ
Хачин их санадаг би
Мартаж чадахгүй өдөржин шөнөжин зовдог би
Хүнд туслаагүй өдрүүд минь
Надад бараан санагддаг.
Хүйтний туйл, хоосон цөл шиг санагддаг.
Аяа, бурхан минь
Хүнд туслах ганц агшин ч болов хайрла
Алтан өдрүүд хайрлавал
Амьтны тусыг бүтээнэ би
Ганц өдөр, ганц өдөр
Ганц агшин, ганц агшин, ганц агшин
Газар дээр хүнд туслах он жил хайрла,
Улаан сахиус минь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top