Хорио тавигдтал сургууль, цэцэрлэг хичээллэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Шүлхий өвчин гарсан Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай суманд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдтал сургууль, цэцэрлэгийг нь ажиллуулахгүй байхаар тус аймгийн Онцгой комисс шийдвэрлэлээ. Улаанхус суманд өвчин эрт намжиж, олон мал өвчлөөгүй харин Цэнгэл, Буянт суманд мал өвчлөөгүй ч шүлхий гарсан сумтай хөрш тул хөл хорио тогтоосон байсан. Тиймээс эдгээр гурван сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэхээр болсон байна. Уг өвчнөөр өвчилсөн 1300 гаруй малыг бүгдийг нь устгаж, өвчний тархалт ч бүх суманд намжсан бөгөөд адуунаас бусад мал сүргийг хоёр дахин вакцинжуулж дуусчээ. Одоо харин нэмж мал өвчлөлгүй 21 хоновол шүлхий эдгэсэн гэж үзэн, таван суманд тогтоосон хөл хориог цуцлах аж. Тус аймгийн төвийн нэгдүгээр сургуулийн ахлах ангийнхны хичээлийн шинэ байр энэ сард ашиглалтад орох ёстой байсан ч шинэ оны заагт хүлээлгэж өгөхөөр болжээ. Тиймээс ахлах ангиуд хичээллэдэг хуучин барилгыг засан, хичээллэхээр болсон байна. Мөн гуравдугаар цэцэрлэгийн барилгад үйл ажиллагаа явуулахыг мэргэжлийн хяналтынхан хориглосон тул хаашаа нүүх нь тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top