Үндэсний цэцэрлэгт хүрээлэн газрын усан оргилууртай боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн хөдөлгөөн, 3 төрлийн гэрлэн чимэглэл, автомат тохиргоотой 17ам метр талбай бүхий газрын усан оргилуурыг нээлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ганхүү нар оролцлоо. Усан оргилуурыг БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд өнгө үзэмж нэмэхээс гадна агаарын чийгшилтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүйн баталгааг хангах зорилгоор байгуулж байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 300 га газрыг хамрах бөгөөд одоо 30 га-г нь тохижуулаад байгаа юм. Нийслэлийг  Эко хот болгохоор хэрэгжүүлж байгаа төсөл хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байна. Цаашид 2,6 км дугуйн замын гэрэлтүүлэг, шинээр хийгдэх явган хүн, гүйлт, цанын 2,4 км хосолсон замыг гэрэлтүүлгийн хамт хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top