Тариаланчдын анхааралд

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Энэ сард бороо хур элбэгшихээс гадна намар эрт хүйтэрч, хяруу унаж болзошгүй талаар цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас тариаланчид, ногоочиддоо хандаж, урьдчилан сэргийлэх технологи ашиглаж ургацаа хураахыг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тариалагдсан үр тарианы 80 орчим хувь нь аарцан болцтой, 20 орчим нь сүүн болцоос аарцан болцонд шилжих үедээ орсон байна. Харин төмс хүнсний ногооны хувьд түүвэр болон эрт ургац хураалт үргэлжилсээр байна. Мөн ургац хураалтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэх техникийн бэлтгэл 85 хувьтай явж байгаа юм байна. Тодруулбал, улсын хэмжээнд тариалагдсан нийт үр тариаг хураахад зориулж 1100 комбайн, 570 гаруй ангилан хураагч буюу жатка, 220 орчим үтрэм, 670 гаруй үтрэмийн техник, 120 гаруй төмсний ухагч техникийг бэлдсэн байна. Энэ жилийн хувьд манай улсын хэмжээнд өмнөх жилүүдийнхээсээ харцангуй их ургац хураах төлөвтэй байгааг салбарынхан хэлж байгаа бөгөөд нийтдээ 402 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнийхээ 276 мянган га талбайд үр тариа, 14 мянга орчимд нь төмс, 7000 га талбайд хүнсний ногоо, 10 орчим мянгад малын тэжээл, 1000 гаруй га талбайд чацаргана тариалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top