Ерөнхий шүүгч Ц.Зориг БНХАУ-д айлчиллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 26

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жоу Чяны урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийжээ.

 Айлчлалын үеэр шүүхийн үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийн ололтыг хэрхэн ашиглаж буйтай танилцан шүүх хурлын явцыг дуу, дүрс бичлэгийн хэлбэрт буулган хадгалах ажиллагаатай холбоотой туршлага судлахаар харилцан тохиролцсон байна. Мөн харилцан мэдээлэл солилцох, шүүн таслах болон шүүхийн захиргааны ажлын талаар туршлага судлах, Монголын шүүгчдийг БНХАУ-д сургалтад хамруулах талаар санал солилцож, тохиролцоонд хүрчээ. Дээд шүүхүүдийн хамтын ажиллагааны хүрээнд 2006-2011 онд Монгол Улсын талаас 120 гаруй шүүгч БНХАУ-д мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд цаашид энэ сургалтыг үргэлжлүүлэхээр болжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд шүүхээс гадна Бээжин хотын Дээд шүүх, Далянь хотын давж заалдах шатны шүүхүүдээр орж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.

Хоёр улсын Дээд шүүхүүд олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд 2006 оноос хойшхи хугацаанд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч манай улсад хоёр удаа, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч БНХАУ-д хоёр удаа тус тус айлчилсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top