Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргаж, улмаар хэрэгжиж эхлээд дөрвөн өдөр болж байна. Нийслэлийн хэмжээний зам засварын ажлыг эрчимжүүлж байгаатай холбогдуулан авч байгаа энэ арга хэмжээний үр дүнд замын түгжрэл буурсан сайн талтай ч, саар зүйл тэр дундаа мөнгө угаах үйлдэл зэрэгцэн гарч байна гэх зүйлийг Том оврын автобус эрхлэгчдийн холбооноос мэдэгдлээ.
Тус холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнгийн хэлж буйгаар “Цахилгаан тээвэр” компанийн удирдлага цаг үеийн байдлыг ашиглан нийслэлийн зарим нэг нөхөдтэй хамтран мөнгө угааж байгаа гэв. Тодруулбал, дугаарын хязгаарлалтын сургаар “троллейбус ашигтай, үнэгүй явна. Иргэдийнхээ төлөө явна” гэсэн сайхан сурталчилгаа хийж нийслэлийн төсвөөс зардлаа илүү шийдүүлж мөнгө угааж байгаа гэлээ. Өчигдөр 7.30 цагаас троллейбусны шугам тасрахад өнөөх үнэгүй гэсэн троллейбуснууд зогссон аж.
Ер нь бол “Цахилгаан тээвэр” компанийн захирал н.Жаргалсайхан дуобус, момбус үйлдвэрлэнэ гэж улсаас их хэмжээний мөнгө аваад байдаг. Гэсэн мөртлөө өнөөдөр дугаарын хязгаарлалтыг далимдуулан өдөртөө 2-3 саяын орлоготой байдаг троллейбусныхан 10 сая төгрөгийг нийслэлээс авч байна. Уг нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, чанарыг ганц троллейбус үнэгүй яваад сайжруулахгүй. Гол нь иргэдэд хүртээмжтэй, өрсөлдөөний хуулийг зөрчихгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах гарц байгаа. Тодруулбал, өнөөдөр олон автобус нэг шугаманд давхцаж явж байгаа. Үүнийг болиулаад дамждаг болгочих хэрэгтэй. Иргэд хотын захаас төв рүү ажилдаа ирэхдээ түгжрэлгүй замаар 1-2 минутын зайтай зорчих автобусаар дамжаад богино хугацаанд ирэх боломж байна. Энэ нь газар дээрх метро зураглал юм.Манай холбооноос энэ зураглалыг техник, эдийн засгийн тооцоог нь хийчихсэн. Мэдээж олон дамжаад ирэхээр өнөөдрийн тарифаар иргэд үйлчлүүлж чадахгүй. Тэгэхээр эхний ээлжинд үнэ төлбөргүй явуулна. Дараа нь цахим хэлбэрт шилжихээр нь маш бага тарифаар үйлчлүүлсэн хүн бүхэн мөнгө төлдөг болчихвол түгжрэл, нийтийн тээвэр орлогын төлөө хөөцөлдөхгүй, эдийн засгийн асар их үр ашиг гарч ирнэ гэлээ. Түүнчлэн өнөөдөр дугаарын хязгаарлалтын зэрэгцээ хүн суудаггүй, чиглэл нь цөөхөн троллейбусыг замын бөглөө болгож асуудлыг шийдэх бус, өөр боломжуудаа ашиглах ёстой гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )