Гоц халдварт боом өвчний халдвартай адууны мах зарагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 27

Өчигдрөөс эхлэн Увс аймгийн Тэс суманд 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, энэ сарын 24-ны өглөө тус сумын иргэн Ц гэгч иргэн өндөр халуурч бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд гоц халдварт боом өвчний халдвар авсан нь тогтоогдсон байна. Учир нь тэрбээр эмнэлэгт хүргэгдэхээсээ хэд хоногийн өмнө адуугаа төхөөрч махыг нь аймгийн төв буюу Улаангомд аваачин зарж борлуулснаас гадна заримыг нь хиамны цехэд тушаасан байна. Харин өөрөө адууны шир өвчиж байгаад боомын халдвар авсан бололтой. Түүний биеийн байдал одоо хүнд байгаа бөгөөд цаг алдаж эмнэлэгт хандсан нь  эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг тус аймгийн эмч нар хэлж байгаа юм. Энэхүү хэргийн улмаас тус аймгийн Цагдаагийн хэлтэс боомын халдвартай байж болох адууны махыг худалдаж авсан, цааш жижиглэн борлуулсан иргэд болон хиамны цехийг шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн тус суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийн хүрээнд золбин нохдыг устгаж, салаа туурайтай малыг вакцинжуулж эхэлсэн бөгөөд тухайн адууг нядалсан газраас адууны цус, ялгадасны дээж авч, аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top