Ш.Сайхансамбуугийн эхнэр хүний амь настай холбоотой хэргээр шалгагдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Энэ сарын 23-ны өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсаны улмаас эрдэнэт хүний амь нас үрэгдэж, 300 гаруй түрээслэгч хохирсон хэрэг олны анхааралд байна. Хохирсон түрээслэгчдийн зүгээс ийм нөхцөл байдал үүссэнийг зохион байгуулалттай гэж хардаж буйгаа хэвлэлээр илэрхийлж буй. Тэгвэл хууль хяналтын байгууллагын зүгээс уг хэрэгт холбогдуулан тус захын 10 гаруй хүнийг шалгаж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн эхнэр н.Оюунсогоог шалгаж эхэлжээ. Тэрээр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн эзний статустай учир ийнхүү хуулийн дагуу шалгагдаж байгаа юм байна. Тодруулбал, тус захад гал түймэр гарч хүний амь нас хохирч, түрээслэгчид хохирол үзээд байгаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүйгээс болсон гэж үзэн н.Оюунсогоод Эрүүгийн хуулийн 138.2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Мөн түүнээс гадна гал гарсан өдөр жижүүрт гарч байсан нэг манаач, хоёр цахилгаанчин, захын менежер, зохион байгуулагч зэрэг 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top