Таксины үнэ тойрсон үзэл бодол: Төр засгийн удирдлагуудыг солих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Такси үйлчилгээний компаниуд тарифаа нэмэх санал гаргаж энэхүү саналыг ШӨХТГ-аас үндэслэлтэй хэмээн үзэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Тээврийн газар, такси компаниуд хэлэлцэн уг шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрт эхний нэг километрийн үнэ нь 1500 төгрөг, дараагийн километрээс эхлэн километр тутамд 1000 төгрөгөөр нэмэгдэхээр болсон. Мөн такси компанаас үнээ нэмж буй шалтгаанаа такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон гэдгээр тайлбарлаж байгаа билээ. Гэсэн ч энэхүү таксины үнийг нэмэх шийдвэр ихэнх иргэдийг бухимдуулж, иргэд энэ асуудлыг таатай хүлээж авахгүй байгаагаа илэрхийллээ. Ингээд энэ асуудалд иргэд хэрхэн хандаж ямар үзэл бодолтой байгааг нь тодрууллаа.

Иргэн: П.Отгонбаяр

-Хүн юу гэж хүнд илүү мөнгө өгөхийг бодох вэ? Мэдээж... Би өглөө бүр "Далай ээж" захаас эх нялхсын төв хүртэл 2000 төгрөгөөр такси барьдаг. Энэ хүртэл 2-3 км болдог.  1 км-т 1500 төгрөг өглөө цаашаа 2 км газар дахин 2000 төгрөг өгнө. Ингээд үзэхээр би 1500 төгрөг илүү өгөх болж байна. Манай улсын ард түмний амьдрал муу байгаа. Ард түмнээ мэддэг төр засаг алга болчихсон байна. Тэгэхээр төр засгийн удирдлагуудыг солих хэрэгтэй, буруу сонгосон сонголтоо эргэж харах хэрэгтэй. Сайн болгоно сайн болгоно гээд байгаа хаана байна сайн болсон юм огт алга. Би эмч хүн, улсад 30 жил ажиллахдаа 3 сая төгрөг хураагаагүй амьдарч байна. Гэтэл надаас дор боловсролтой, боловсролгүй хүмүүс сая сая төгрөг хураагаад сайхан амьдарч байна. Мөн таксины жолооч хэдэн төгрөг олж байна вэ? Эмч хүн хэдэн төгрөг олж байна вэ? Хүн эзэмшсэн мэргэжил, боловсролоороо, оюун ухаан, тархи толгойгоороо амьдардаг бол амьдралын хэмжүүр гэж байх ёстой. Одоо эмч болох хүн олдохгүй байна. Жолооны сургалтанд суугаад такси барья л гэнэ. Гэтэл цаана нь өвчтэй олон олон хүн байгаа.

Иргэн: Ж.Энхээ

-Таксинд сууж байгаа хүн өөрөө сонголтоо хийж яваа болохоор таксины үнийг нэмж болох байх. Учир нь мөнгөгүй хүн таксинд сууна гэж байгүй. Таксины үнэ 1000 болсон ч адилхан 600 байсан ч ялгаагүй байна. Бололцоотой хүмүүс л такси барьдаг. Тиймээс энэхүү шийдвэр нь зөв байх. Миний хувьд нийтийн тээврээр үйлчлүүлдэг болохоор нөлөөлөх зүйл байхгүй. Такси бол мөнгөтэй л хүний унаа.

Иргэн: Д.Лхамжав

-Эмээ нь таксинд суудаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ бид суухгүй байсан ч бидний үр хүүхэд сууна. Тэр дунд амьдралын бололцоотой бололцоогүй, сандарсан, өвдсөн зовсон янз бүрийн хүн байгаа. Гэнэт такси барих хэрэг гархад мөнгө нь хүрэхгүй хямд унаа хүлээгээд үхэлд хүрч болох ийм л асуудал болоод байна. Иймээс такси доод тарифаар явсан нь зүгээр байгаа юм.

Иргэн: С.Гандулам

-Таксины үнийг нэмүүлмээргүй л байна. Ард түмний амьдрал хэцүү байхад таксины үнийг нэмэх шаардлага байхгүй гэж үзэж байна.

Иргэн: Н.Оюундэлгэр

-Таксины үнэ нэмэгдэх нь болох хүмүүстээ болно болохгүй хүмүүстээ бас л хэцүү. Яагаад гэвэл ажилтай ажилгүй янз бүрийн хүн байдаг. Зарим хүмүүст хүндээр тусч байгаа. Ерөнхийдөө манай монголчуудын амьдрал ямар билээ. Боломжтой хүмүүс нь бүгд машинтай, унаатай байдаг. Ихэнх хүмүүс унаа тэрэггүй учраас такси барих шаардлага гардаг тэр талаасаа таксины үнэ нэмэгдэх нь хэцүү асуудал болж байна.  

Иргэн:Эс Кэй Эм” ХХК “такси бааз”-ын жолооч Л.Долгорсүрэн

-Таксины үнэ нэмэгдэнэ гэдэг нь зайлшгүй нэмэгдэх ёстой асуудал. Олон жил төрөөс таксины үнийг нэмэгдүүлэхгүй хязгаарласан. Зах зээлийн үед таксины үнэ нэмэгдэх ёстой. Бид нэг км-т 600 төгрөгөөр явж байгаа гэтэл зам түгжрэлтэй, ачаалалтай үед нэг км-т хэдэн төгрөгний бензин зарцуулах вэ?... Ингээд үзэхээр 600 төгрөг гэдэг такси бааздаа ч жолоочдоо ч алдагдалтай байдаг.  Такси бол нэг талхны үнэ хүрэхгүй үнээр нэг км явж байна. Бид цаанаа өдрийн түрээс өгнө, амьдралаа залгуулна, машиндаа сэлбэг засвараа бүгдийг хийж явдаг болохоор нэмэгдвэл бидэнд хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.106.168) 2025 оны 03 сарын 13

shoroon tumen mashin bhad taxi baaz bklaa yu manaihan ugaasaal durtai gazraasaa durtai unaanadaa gar urguudl yavaadl bolood bgaa

1  |  0
Top