БНСУ-ын Цагаачлалын албанаас мэдээлснээр энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо 285 378 болсныг mglradio мэдээллээ. Эдгээр иргэдийн 10 хүн тутмын 3 нь буюу 79 617 нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдрах зорилготойгоор аялал жуулчлалын визээр зорчин ирэгсэд байгаа аж. Бүр тодруулбал, 34 852 нь Хятад, 15 448 нь Тайланд, 4098 нь Монгол, 3937 нь Филиппин улсын иргэд байгаа аж.
Гадаадын жуулчдын тоог ихэсгэх зорилгоор Солонгос улсыг зорин ирэх иргэдэд визийн хөнгөлөлтийг ихээхэн хэмжээгээр үзүүлж зарим тохиолдолд визгүй зорчих боломж олгож байгаа нь ийнхүү хууль бус иргэдийн тоог ихэсгэж байна гэж Цагаачлалын албанаас үзжээ. Түүнчлэн , хууль бусаар ажиллаж буй иргэдийнхээ тоогоор тэргүүлж буй нэр дурдагдсан дээрх орнуудын жуулчдад хийх бичиг баримтын шалгалтыг эрчимжүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )