Төслийн үр шимийг хүртэгчид талархал илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

Монголын Мянганы сорилтын сангийн  төслийн хаалт бямба гаригт  Сүхбаатарын  талбайд боллоо. Энэ төслөөс үр шим хүртэгчид  талархлаа илэрхийлсэн юм. 

Америкийн ард  түмэн манай улсад 285 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, түүгээр нь 6 төслийг таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлээд дуусч байна. Тодруулж хэлбэл, Хот орчмын бэлчээрийн төсөл, Хөрөнгийн эрхийн төсөл, Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл, Эрүүл мэндийн төсөл, Цэвэр агаар төсөл, Авто замын төсөл хэрэгжив.

Авто замын төслийн хүрээнд  Чойроос Сайншанд хүртэл 176.4 км замыг барьж ашиглалтад хүлээлгэн өглөө.  Уг зам нь цементээр бэхжүүлсэн суурьтай, асфальтбетон хучилттай, 30 км тутамд түр зогсох зориулалтын зогсоолыг байршуулж өгсөн, тэмдэг тэмдэглэгээ нь олон улсын стандартад нийцсэн аж. Энэхүү зам ашиглалтад орсноор манай улсын эдийн засгийн хөгжилд  нөлөөлөхөөс гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн авто замтай холбогдсон зургаан сумын иргэдийн амьжиргаа  дээшлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ  гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

6 "Цэвэр агаар " төсөл  агаарын бохирдлыг бууруулах, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүдэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангахад чиглэсэн  юм. Уг төсөл нь Монголын Мянганы сорилтын сангаас  41,6 сая долларын санхүүжилтээр хэрэгжиж нийслэлийн арван байгууллагын 15 уурын зуухыг шинээр сольж, Налайхан дэд станцыг барихад хөрөнгө оруулжээ. 

Монголчуудын дунд зонхилох өвчин нь халдварт бус өвчин байдаг. Тиймээс иргэдийг осол гэмтэл, халдварт бус өвчнөөс сэргийлэх,  өвчнийг эрт үед нь илрүүлэх  зэрэг ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлжээ. Мөн нийт ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааг явуулсан аж.

Хот орчмын бэлчээрийн төсөл нь бэлчээрийн талхдалыг  сайжруулах, хот орчмын бэлчээрийг сэргээхэд дорвитой алхам болов. Энэ төсөлд  385 малчдын бүлгийн    1300 гаруй малчин өрх хамрагдаж, эрчимжсэн мал аж ахуй эрхэлж,  өрхийн орлого нь 30 гаруй хувиар өссөн байна. Малчин айлууд бүлэг болгон хүчээ нэгтгэж  малаа маллаж, хамтын хөдөлмөрөөр мал аж ахуй эрхэлж ахуй амьжиргаагаа дээшлүүлж байна. Тэд энэ өдөр  үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top