
Буяныг гаргахгүй байж, бузрыг үл нэвтрүүлэх учиртай Гаалийн Ерөнхий газраас илрүүлсэн хэргүүдээ олон нийтэд дэлгэж анхаарал сэрэмжтэй байхыг уриалдаг. Харамсалтай нь зөвшөөрөлгүй эм, эмйин бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл зэрэг монголын ард түмний эрүүл мэндэд заналхийлсэн бүтээгдэхүүнийг хил давуулсаар байгаа юм. Үүний жишээ бол Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын улсын байцаагчид Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний цуваанд шалгалт хийх явцад их хэмжээний эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. БНАСАУ-ын хоёр иргэний авч явсан ачаанд нарийвчилсан үзлэг хийхэд “Кумданг” хоёр тариа 1000 хайрцаг буюу 8000 ампул, бор өнгийн нунтаг эм гэх бараа 3,9 кг, модон хайрцагт савласан Баавгайн цөс гэх бараа 12 хайрцаг, эмчилгээний архи гэх бараа 20 шил буюу 4000 мл илэрчээ. Хилээр ийнхүү хууль бусаар эм, эмийн бэлдмэл гаргахыг завдсан БНАСАУ-ын этгээдүүд нь Дипломат албан паспорттой байсан байна. Өнөө хүний биед эм бус хор болж байгаа бүтээгдэхүүнийг ийм мэтээр орж ирдэгийг манайхан ч сайн мэддэггүй бөгөөд өвчин шаналалаас салахыг хүссэндээ хэдэн төгрөгөөр ч хамаагүй худалдан авдаг нь эргээд олон төрлийн хорт хавдар үүсгэх нөхцөл болдогийг мэргэжлийн эмч нар хэлсээр л байгаа. Харамсалтай нь дээрх хуурамч эм, хугацаа нь дуусан тариаг хаана нийлүүлдэг нь тодорхойгүй байсаар байгаа нь улам ч их санаа зовоох шиг. Эм бэлдмэлээс гадна эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын хэрэглүүр зэрэг бүр ч аюултай зүйлүүд мэргэжлийн бус хүний халаасаар дамжин ганзагын наймаагаар орж ирж байгаа явдал юм.
Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар долдугаар сарын 15-нд УБТЗ-ын суудлын вагон депогийн вагоны үйлчлэгч Х нь Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний өөрийн ажлын өрөөндөө 90 хайрцаг буюу 1080 ширхэг БНХАУ-д уйлдвэрлэсэн мэс заслын утсыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтруулэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон байна. Мэс заслын утас нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн хэрэгсэл” гэсэн ангилалд багтдаг бөгөөд улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөлтэй аж, ахуй нэгж импортлохыг шаарддаг бараа аж.
Тус үйлдлийг Төмөр Замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Тээврийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож захиргааны арга хэмжээ ноогдуулахаар энэ сарын 19-ний өдөр Гаалийн байгууллагад шилжүүлсэн байна. Энэ мэтчилэн багахан хэмжээгээр хүний аминд ч хүрч болзошгүй эмнэлгийн хэрэгсэл хууль бусаар зөөгөөд байвал хохирлын хэмжээнд хүрэхгүй гээд эрүү үүсгэлгүй сул орхиод байх нь улам ч өөгшүүлж байгаа хэрэг мөнөөс сөн.
Дээрх 90 хайрцаг бүхий 1080 хууль бус утсаар хэдэн хүний хагалгааны шархыг оёж, хэрхэн яаж хохироох нь аюул биш гэж дүгнэсэнтэй адил юм. Мөн дээрх утсыг анх удаагаа хилээр нэвтрүүлж байгаа гэдэгт итгэхэд бэрх. Хамгийн чухал нь хууль бусаар оруулж ирсэн эдгээр бүтээгдэхүүнээ аль эмнэлэгт хэрхэн нийлүүлдгийг мөрдлөгийн явцад тодруулж олон нийтэд мэдээлэх, анхааруулах нь зүйтэй юм. Тодруулбал Монгол улсын эм эмнэлгийн тухай хуулийн 3.1.5 заалтыг ноцтойгоор зөрчсөн төрийн албан хаагчийг толгойг илээд өнгөрч байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй бизээ.

Сэтгэгдэл ( 0 )