Хятад иргэдээс 40 сая төгрөгийн хахууль авсан цагдааг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний авлига авсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ. Шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцоно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар буруутган шүүх юм. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болсон ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр ийнхүү мөрдөн байцаалтад буцаад байсан билээ. Хэргийг сануулбал, шүүгдэгч У.Раднаабазар, Д.Батбаяр нарын цагдаагийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.

Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 263 буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр төрийн албанд ажиллах эрхийг нь тав хүртэлх жилээр хасаж, хорих ялаар шийтгэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top