Ерөнхий сайдын гэргий 24 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийлгэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 01

Ерөнхий сайдын гэргий, хатагтай Х.Сэлэнгэ “Эрүүл хүүхэд Монголын ирээдүй” төрийн бус байгууллагыг тэргүүлдэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард үүсгэсэн тус байгууллагаараа дамжуулан хүүхдийн боловсрол, төлөвшил болон эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлээр хувь нэмэр оруулахыг зорьдог аж.

Өнгөрсөн долдугаар сард Сингапурын “Operation Smile Singapore International” байгууллагын эмч нарыг урьж эрүү нүүрний эмгэгтэй 24 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийсэн байна. Сингапурын 32 эмч, ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран дээрх хагалгааг амжилттай хийжээ.

Сүүлийн үед шинээр төрж буй 600 хүүхдийн нэг нь сэтэрхий уруултай, тагнай цоорхой зэрэг эрүү нүүрний эмгэгтэй төрөх болсон гэх судалгаа бий. Энэ тоо цаашид ихсэх хандлагатай байгаад сэтгэл эмзэглэж явдгаа Х.Сэлэнгэ хатагтай өгүүлэв. Ерөнхий сайдыг Япон улсад албан ёсны айлчлал хийхэд хатагтай Х.Сэлэнгэ мөн өөрийн тусгай хөтөлбөрийн дагуу хүүхдийн хэд хэдэн байгууллагаар оржээ. Япон хүүхдүүд зургаан сартайгаас эхлэн цэцэрлэгээр хүмүүжих боломжтой нь Монголын нөхцөлд хэрэгжүүлж болох туршлага хэмээн тэрбээр олж харжээ. Японд цэцэрлэг гэр орон шиг хүүхдийн хамгийн таатай орчин байх ёстой гэж үздэг тул эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгтээ дастал хамт байж болно. Японы цэцэрлэгийн бас нэг давуу тал нь өрхийн орлогоос хамаарч 21 үе шатлалтайгаар төлбөр авдаг. Орчин цагт эмэгтэйчүүд ажил хийх сонирхолтой болсон учир цэцэрлэгүүдийн ачаалал ихэсчээ. Гэртээ хүүхдээ асардаг ээжүүд ч шаардлагатай үедээ төлбөрийг нь төлөөд, хүүхдээ нэг өдрөөр цэцэрлэгт өгч болдог нь мөн авч болох санаа байв.

Хатагтай Х.Сэлэнгэ Нийслэлийн Хан-Уул дүүргийн сургуультай холбоотой ажилладаг цөөхөн сурагчтай нэгэн бага сургуулиар зочилжээ. Тус сургуульд морин хуурын хичээл ордог бөгөөд энэ хичээлийг япон багш зааж байна. Энэ сургууль 7-8 морин хууртай, нэг танхимдаа монгол гэр барьсан байв. Монголын талаар чамгүй ойлголттой япон хүүхдүүд Х.Сэлэнгэ хатагтайг “Сайн байна уу” хэмээн монголоор мэндчилж угтсан юм.

Мөн Ерөнхий сайдын гэргийн тэргүүлдэг “Монголын ирээдүй - Эрүүл хүүхэд”  ТББ бяцхан иргэдээ дэмжин Баянзүрх дүүргийн 59-р цэцэрлэгийн хүүхэд багачуудыг баярлуулжээ. Бяцхан үрсийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хүүхдийн эрүүл мэнд, боловсролд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа ба анхныхаа төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Саяхан 59-р цэцэрлэгийн нээлт болсон бөгөөд ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ оролцож хандив өгсөн байна. ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ өөрсдийн тариалдаг чацарганаасаа 50 кг, мөн хүүхдүүдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй үндэсний үйлдвэрийн модон тоглоом өгч багачуудаа баярлуулжээ.

59 цэцэрлэгийн гимнастикийн баг, цэнгээнт бүжгийн баг болон дууны хамтлаг дүүрэгтээ үргэлж тэргүүлдэг бөгөөд авьяаслаг хүүхдүүд ч өөрсдийнхөө бэлгийг барьж талархалаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayas(27.123.214.116) 2013 оны 10 сарын 01

sain bna

0  |  0
зочин(202.179.20.233) 2013 оны 10 сарын 01

сайхан мэдээ бна. иймэрхүү зүйлд манай томчуудын эхнэр идэвхтэй байж хэдэн хүүхэд буян үйлдээсэй билээ.

0  |  0
bi(122.201.18.47) 2013 оны 10 сарын 01

Huuhduudiin bolon geriinhen ni umnuus mash ih bayarlaj baina.Amjilt!

0  |  0
Top