Их Талын Джаз Олон Улсын 7-р Наадам Монголд

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатар хотноо 2013 оны 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Их талын жазз ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон Гёте институт хамтран зохион байгуулж байна.

Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас Латино жазз бэнд, Войс энд тойс, Мартин Зенкер ба түүний найзууд болон Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид оролцохоос гадна ЦДБЭЧ, Юби Жазз хамтлаг, дуучин Нарка, Оюундарь, Эрдэнэбат зэрэг олон уран бүтээлчид оролцоно. Наадмын үеэр хүрэлцэн ирэх олон улсын уран бүтээлчид Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Монгол дахь Америк сургууль, Шинэ эхлэл зэрэг сургууль болон Хүүхэд асрах хүмүүжүүлэх төвүүдээр тус тус  очиж тоглолтоо сонирхуулна. 

Наадмын нээлтийн концерт Улсын драмын эрдмийн театрт 2013 оны 10 дугаар сарын 02-ны 19.00 цагт, хаалтын гала концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 10 дугаар сарын 08-ны 19.00 цагт харин олон нийтэд нээлттэй тоглолт Чингис хааны төв талбайд 10 дугаар сарын 06-нд 15.00 цагт болон Юби Жазз Клубд жазз тоглолт үдэш бүр 20.00 цагт тус тус тоглогдоно.  

Энэ үеэр АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жазз найруулгаар монгол дуунуудыг манай улсын уран бүтээлчид гадны хамтлагуудтай хамтран тоглох маш сонирхолтой жазз тоглолтыг үзэх боломжийг та бүхэнд олгож байна.Уг наадмын гол зорилго нь мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд залуучуудад энх тайван, ардчиллын төлөөх нийтлэг сонирхлоо илэрхийлэх болон тэдний оролцоог нэмэгдүүлэх төдийгүй монголын түгээмэл дуунуудыг жазз хэлбэрт оруулан мэргэжлийн хөгжмийн найруулагчаар найруулж монголын уран бүтээлчид гадаадын жазз хамтлагуудтай хамтран тоглох боломж хийгээд харилцаа холбоог өргөжүүлэхэд чиглэгдэж байна.

Үзэгч, сонсогч та бүхнийг 7 хоногийн турш  жазз хөгжмийн гайхамшигт тоглолтоор амьсгалахыг хүсвэл “Их талын жазз” олон улсын 7-р их наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.  Тоглолтын нээлт, хаалтын гала концертын тасалбарыг Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын билетийн касс болон  Юби Жазз Клубын байранд тус тус худалдаалах бөгөөд 91919011, 88006737 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top