“Нарантуул”, “Сандэй” худалдааны төвд гарсан гал түймрийг унртаасан гал сөнөөгчдийг шагнав

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 03

 

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах  болон Сандэй худалдааны төвд гарсан гал түймрийг унтраах үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан Онцгой байдлын албан хаагчдад Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр шагнал гардууллаа. 


Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Шадар сайд албан хаагчдад хандаж хэлэхдээ “Та бүхний ажил бол минут секундээр хэмжигддэг эр зориг, тэсвэр тэвчээр хатуужил шаардсан амаргүй алба. “Нарантуул” хүнсний захад гарсан их хэмжээний түймрийг зургаахан минутын дотор амжин очиж,  мэргэжлийн ур чадвар гарган иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын их хэмжээний өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аврах хамгаалж чадсан та бүгдээрээ бахархаж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа аврагчдын хувцас хэрэглэл,  аврах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг бид үе шаттайгаар шинэчилж байна. Тухайлбал, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын шугамаар гал унтраах зориулалттай 22 төрлийн автомашиныг улсын баяр наадмын өмнө  оруулж ирснээр Нийслэлийн хэмжээний аврах гал унтраах ангиудад техникийн шинэчлэлийг хийж  чадсан юм.  Энэ нь ч бодит үр дүнгээ өгч дээрхи томоохон гал түймрийг унтраахад чухал дэмжлэг” болсныг  хэллээ. 

Энэ өдөр мэргэжлийн ур чадвар тэсвэр хатуужлыг үнэлж, Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр долоо,  “Онц гал сөнөөгч” тэмдгээр арван албан хаагчдыг дагалдах мөнгөн шагналын хамт шагнаж урамшуулав. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top