Нэгэнтээ нийслэл Улаанбаатар маань “Азийн цагаан дагина” хэмээх хоч гэхэд хоч биш тодотголтой болчихсон байсан даа. Тэгвэл хэдэн арван жилээр толгойны өвчин болж ужгирч ирсэн хогны асуудал шийдэх эвтэйхэн гарцыг нийслэлийн удирдлагууд олсон нь “Азийн цагаан дагина” хэмээх хогны уут юм. Дарга нар “Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 317 мянган өрхөд “Азийн цагаан дагина” нэртэй хогны уутыг тарааснаар өчнөөн олон жил цэвэрлэж чадаагүй хур хогийг хуу хамж, нийслэл өнгөө засч, зүсээ сайжруулах гэнэ. Гэхдээ анхаарал татаж байгаа нэг зүйл нь тийм хогны уутыг үйлдвэрлэж тараахад гурван тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм байна. Уг нь үүнийг бичигч би вээр бодохдоо улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотойгоор засгийн нөхдүүд төсөв мөнгөө хумих бодлогыг барьж, хэмнэж болох зардал байвал хэмнэе л гээд байгаа юмсан. Гэтэл нийслэлийн удирдлагууд арван ч цэцэрлэг барьчих боломжтой мөнгийг хогны уут үйлдвэрлэхэд зориулж чадаж байгааг одоо ямар агуу сэтгэл гэх вэ.
Ер нь Улаанбаатарын иргэд хогоо хийх уутгүй болохоор хог нь овоороод байдаг биш шүү дээ. Хот тохижилтынхон хугацаандаа хогоо ачдаггүй, удаж байж ирдэг гэхчлэн нийслэлээс шалтгаалсан асуудлууд ч бий гэдгийг иргэд хэлнэ. Гэтэл нийслэлийн удирдлагуудын үзэж байгаагаар ногоон өнгөтэй, хагас тунгалаг материалаар хийгдсэн, 15 килограммын даац бүхий “Азийн цагаан дагина” хогны уут л байж гэмээнэ иргэд хогоо ч хийж, тохижилтынхон ч хэл үггүй ачиж хот өнгө засах гээд байгаа янзтай.
Гурван тэрбумаар үйлдвэрлэгдсэн хогны уутнуудыг тараах ажлыг тухайн хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж байгаа гэнэ. Гэр хороолол, орон сууц гэж ялгалгүйгээр нийслэлийн айл, өрхийг зориулалтын уутаар хангахыг зорьж байгаа гэх. Харин ААН-үүдийн хувьд зориулалтын уутыг худалдаж авах гэнэ. Ингэхдээ ААН байгууллагуудын хувьд үйл ажиллагааных нь онцлог, гарах хог хаягдлаас нь хамаараад сардаа хэчнээн хогны уут шаардлагатай байгааг нь тооцоолон олгох бөгөөд зориулалтын хог хаягдлын уутыг нэг бүрийг нь 95 төгрөгөөр худалдаж авна гэсэн зүйлийг тохижилтын газрын мэргэжилтэн хэлжээ.
Хэрэв иргэд, аж ахуй нэгжүүд хогоо зориулалтын уутанд хийгээгүй тохиолдолд хогийг нь тээвэрлэхгүй байх эрх хог тээвэрлэгчдэд бий гэнэ. Зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэнэ. Зориулалтын уутанд хийж тавьснаар хог ачилт илүү хялбар болно гэх зүйлийг бас ярьжээ. Тэгэхээр өмнө нь хог ачилт удаа хойрго байсны учир нь зориулалтын уутгүй байсантай холбоотой гэж ойлгохоор элгийн юмыг л нөхдүүд ярьж сууна. Өчнөөн мөнгө төгрөг зарж үрж уут үйлдвэрлүүлсэн болохоор ингэж өмгөөлж хамгаалах нь арга ч үгүй болов уу.
Түүнчлэн иргэд, аж ахуй нэгжүүд “Хог хаягдлын тухай хууль”-ийг зөрчсөн тохиолдолд иргэдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн торгуулиар торгоно. Харин ААН байгууллагын хувьд энэ дүнг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулна гэж байх юм.
Тэгэхээр мэдээж 3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа хогны уутыг үйлдвэрлэсэн “ОБ пластик”, “Монгол хэвлэл” компаниудыг ч бас хардаж харахад гэмгүй л байна. Уг нь бол дотоодын компаниудад маань ажил олдож байгаа нь сайн хэрэг боловч, нийслэлийн нөхдүүд хөрөнгө мөнгөө цаг үеэ олсон зүйлд хуваарилж чадахгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа юм.
Гурван тэрбумаар хогны уут үйлдвэрлэсэн “ОБ Пластик” компанийн тухайд Талх чихэр, Атар Өргөө, Хаан хүнс, Мах Импекс, АПУ, MCS холдинг, Скай худалдааны төв, Миний дэлгүүрийн сүлжээ, Говь, Сүлжмэлийн үйлдвэр, Хаан банк, Улаанбаатар банк, Чингис Хаан нисэх буудал, Зиг Заг авто сүлжээ, Фужи фильм, Kоника Минолта, Жем Интернэшнл, Увс хүнс, Дорнод гурил, Баянгол зочид буудал, Улаанбаатар хивс, Айвенхоу Майнз, Бороо Гоулд зэрэг ХХК-д болон бусад аж ахуйн нэгж хувь хүмүүстэй хамтран ажилладаг. Ерөнхийдөө томорч чадсан компани. Түүнчлэн нийслэлийн удирдлагуудын арга эвийг олж байгаад “Азийн цагаан дагина” хэмээх алдарт хогны уутыг үйлдвэрлэх эрхийг аваад чадчихсан л байна. Тус компанийн эзэн Ж.Отгонбаяр нь МАН-ын угшилтай нэгэн бөгөөд улстөрд хөл тавих гэж орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан хүн байдаг. Тэгвэл Ж.Отгонбаярын бизнес АН-ын ноёрхлын үед ч ийнхүү цэцэглээд л таатай байгаа бололтой. Гол нь нөгөөх “Азийн цагаан дагина”-ууд хог болоод хийсчих вий..
Сэтгэгдэл ( 2 )
ингэж иргэдийн татварын мөнгийг салхинд хийсгэж байгаадуур хүрээд эрх баригчдыг тэр уутанд нь чихээд хог руу илгээмээр байна Энэ ажлыг санаачилж хийсэн хүмүүст хариуцлага тооцож ажлаас нь даруй халах хэрэгтэй Арай ч дээ
Huuhduuddee zoriulj neg yum hiihgui de