Хэвлэл мэдээллийн зөвлөгөөнийг хэн зохион байгуулж, хэн оролцож, ямар шийдвэр гаргав

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 08

 

Саяхан хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний хоёр­ду­гаар зөвлөгөөн болж өнгөрөв. Зөвлөгөөн дээр нөгөө л улиг болсон зүйлээ ярилаа. Хувийн хэвлэл мэдээллийг нийгэмчилнэ. Ядаж дөрвөн хүн байж нэг хэвлэл мэдээл­лийг удирдвал зүгээр юм. Яагаад гэвэл эзний цензур арилна. Хэвлэл мэдээлэл Засгийн газрын цензурт, хөрөнгө оруулагчийн цензурт, эзний цензурт юм хийж чадахаа болив. Хэвлэл мэдээллийн хөгжил зогсож сэтгүүлчдийн нэр хүнд муу байна. Тэдний цалин хөлс бага гэх зэргээр ярилцаж хэвлэлийн эрх чөлөөний хууль бол ганц аврал гэцгээлээ. Бас энэ удаагийн нэг нэмэгдсэн зүйл бол редакци буюу сэтгүүлч реклам зар сурталчилгаа хийж болохгүй гэж үзсэн. Энэ зөвлөгөөнийг ямар хүмүүс зохион байгуулав гэвэл Хэвлэлийн хүрээлэн зохион байгуулаад Сэтгүүлч­дийн эвлэл, Радио Телевизийн академи, Телевизүүдийн холбоо, Өдөр тутмын сонинуудын холбоо,  Сайтуудын холбоо хамтран зохион байгуулж оролцов. Оролц­сон хүмүүс нь хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд. Гаднаас нь энэ бүхнийг харахад ямар ч өөгүй, Монголын хэвлэл мэдээллийнхэн бүгд л оролцсон мэт. Тэгээд хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд хөрөнгөө нийгэмчлэх  тухай шуугилдаад л, түүнийг нь хэвлэл мэдээллийн төрийн бус байгуул­ла­гууд нь за яах вэ та нар ингэж үзэж байгаа бол  гэж тэмдэглээд  л. Мөн цаана нь хэвлэл мэдээллийн тухай хууль гаргах гэж зовчихсон гишүүд нь "бас л нэг ажил удлаа" гээд л. Ийм л нэг хурал зөвлөгөөн болоод өнгөрчихсөн мэт харагдаад байна аа даа. Үгүй дээ, жинхэнэдээ зүгээр л хэвлэл мэдээллийн буурин дээр хаягдсан хэсэг нөхдийн хорслоо тайлах ээлжит жүжиг л болоод  өнгөрлөө. Гэхдээ энэ жүжиг чөлөөт хэвлэлийн хөгжилд их хорлонтой, түүнийг хойш татсан зүйл юм.

 

Манай хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагууд яг жинхэнэдээ яаж байгуулагдсан, юуны төлөө явж байна вэ. Эдгээр ТББ-дыг хэвлэл мэдээлэлд өндөр албан тушаал хашиж байсан нөхдүүд өөрсдөө байгуулсан. Тэгээд дарга нь болоод явж байгаа. Гэхдээ тэр өндөр албан тушаалаа  социа­лиз­мын үед хашиж байсан хүмүүс. Тэгээд зах зээлийн нийгэмд шилжихэд тэд өөрсдийн анхигүй байдлаас болж хоосон хоцорсон. Тэд зөвхөн өөрсдөөсөө болж л хоосон хоцорсон. Гадны ямар ч шалтгаан тэнд байхгүй. Өвчин зовлон тусаагүй, нам эвлэлээр ялгаварлаагүй. Тэд хэвлэл мэдээллийн мэргэжлийг голцуу хойно Зөвлөлтөд эзэмшиж салбартаа "акул" байсан хүмүүс. Харин юм хийгээгүй л байхгүй юу. Зүгээр ярьдаг хүмүүс байж дээ гэж харагдаад байдаг. Энэ ерөнхий зохион байгуулагч Хэвлэлийн хүрээлэн бол Дани улсын Засгийн газраас чөлөөт хэвлэлийг Монголд бий болгох зориулалттай бэлгэнд ирсэн олон нийтийн байгууллага. Тэд Монголд чөлөөт хэвлэлийг бий болгоход тэгж их нэмэр тус болсон юм болов уу даа. "Чөтгөртэй" хэвлэ­лийг л бий болгосон байх. Дан шар хэвлэлийг л дэмжихээс бус  үндэс­ний хэмжээний том ямар хэвлэл бий болгосон юм бэ. Сонин хэвлэх үнэ гэхэд тухайн сонинд ямар ч ашиг гарахааргүй өндөр үнээр хэвлэдэг. Тэд үнээ буулгаж байсныг мэдэхгүй юм байна. Бүтэн сар хэвлэнэ гэж гуйхад гурван төгрөг хямдруулж өгч байсныг л мэднэ. Ийм хэдэн байгууллага сүүлийн хоёр гурван жил хэвлэлийн эрх чөлөөний хууль гаргана гэж  шуу­гиж давхиад байдаг боллоо. Гаргах гээд байгаа хууль нь ямар хууль вэ.  Эзэн редакцидаа орж болохгүй. Эзэн нийтлэл, нэвтрүүлэгт  оролцохгүй. Редакцийг эзэн мөнгөөрөө ажиллуулна. Редакци хүн гүтгэж буруу зүйл хийвэл эзэн хариуцна, харин сэтгүүлч хариуцахгүй. Сэтгүүлч хүн гүтгэхэд ялгүй гэх зэрэг заалттай хууль. Эзэн хэвлэл мэдээллийн байгууллагаас 33 хувиас илүүг эзэмших эрхгүй, мөн одоо байгаа хөрөнгөө ах дүү авгай хүүхдэдээ хувааж өгч болохгүй  гэдгийг хажуугийн саналаар оруулж өгөх юм гэсэн.

 

Хэвлэл мэдээллийн ТББ-ын   ерөнхий санаа бол насаараа хэв­лэл мэдээлэлд явсан биднийг хоосон байхад энэ муусайн баячууд телевизтэй байхдаа яах вэ дээ гэсэн шүд зуулт л байна. Мөн хувийн хэвлэл мэдээллийг  ингээд  нийгэмчилчихвэл надад хувь оногдож таарна гэсэн горьдлого энэ бүхний цаана байгаа болов уу. Эдгээр шүд зуулт, мөн хоосон хоцорсондоо бачуурсан бачуурал, бас нийгэмчлэлээс юм хүртэж магадгүй гэсэн горьдлогоос болж  Монголд сүүлийн хорин жил хөгжсөн чөлөөт хэвлэл устах аюулд ороод байна. Эдгээр ТББ-ын  гаргаж  байгаа хувийн хөрөнгө, хувийн хэвлэл мэдээллийг үзэн ядсан шийдвэр нь хувийн хэвлэл мэдээлэлд тодорхойгүй байдал үүсгэж энд орох  хөрөнгө оруулалтыг бүрэн зогсоож чадсан.

 

Харин өнгөрсөн  хорин жилд хэн хэн хувийн хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулж чадав. Лу.Болд, Ажнайн  Д.Бат-Эрдэнэ, Женко Х.Баттул­га, Шунхлайн Г.Батхүү, Мон-Уран Б.Наранхүү, Гацуурт Л.Чинбат. Эдгээр хүмүүс л байгаа. Сүр болгоод зарлаад байх ч юм байхгүй. Харин телевиз, сонин, сайтын чанар чансаа ямар сайн болсон билээ. Өрсөлдөөн ч бий болж байна. Төрөлжиж ч байна. 30-аад мянган сэтгүүлч ажиллаж байна. Энэ бүхэн хөрөнгө оруулалт байвал хэвлэл мэдээлэл хөгжиж чаддагийн баталгаа юм.

 

Манай  хэвлэл мэдээллийн ТББ-д  архи нэрэх, алт ухах хэвлэл мэдээлэлтэй байх гэмт хэрэг гэж туж улиглаж байна. Энэ бүгдийг дөгөөдөг улстөрчид цаана нь олноороо байгаа нь мэдээж. Тэд хэвлэл мэдээлэл бол зэвсэг гэдгийг мэддэг. Тийм учаас хэвлэл мэдээ­лэл бужигнаж байвал өөрсдөд нь юм олдож магадгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Олохын тулд ч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэгчийг гаргаж ирчихээд анаад сууцгааж байна. Тэгээд хэвлэл мэдээллийн удирдлагууд өөрсдөө хуралдаад хөрөнгө нийгэмчлэх нь зөв, хөрөнгө оруулагч муухай шившгийн юм, реклам зар суртал­чилгаа шиг адгийн юм алга  гээд уриалга гаргаад байна гэж үү. Үүн шиг худал юм байгаагүй.

 

"Өдрийн сонин"-ы Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн  энэ хэвлэл мэдээл­лийн удирдах ажилтны зөвлөгөөнд  очоогүй. Дуулаа ч үгүй байх, бодвол хөдөө гадаа мод тарина гээд ярьж байсан. Түүндээ  яваа байлгүй. "Өд­рийн сонин"-ы орлогч эрхлэгч, төрийн соёрхолт нэрт зохиолч Б.Цэнддоо бас тэр зөвлөгөөнд байгаагүй. "Зөвлөгөөн болсийм уу. Чи тэнд байв уу, юу ярьчихваа" гэж  надаас сүүлд асууж байсан. Мон­голын хамгийн анхны хувийн өдөр тутмын сонин, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн үүсгэн байгуулсан "Өнөөдөр" сонины эрхлэгч Б.Нан­динтүшиг тэнд байгаагүй. Монголын өдөр тутмын томоохон сонин болох "Үндэсний шуудан"-гийн эрхлэгч,  сэтгүүл зүйн томоохон зүтгэлтэн Б.Ганболд л лав байгаагүй. Орлогч эрхлэгч Г.Отгонбаяр нь ч очоогүй. "Зууны мэдээ" сонины эрхлэгч, эзэд ч байгаагүй. Хамгийн анхны хувийн телевиз ТВ-25-ыг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Н.Шүр хатагтай тэнд байгаагүй. Хамгийн анхны чөлөөт хэвлэл "Сэрүүлэг"-ийн үүсгэн байгуулагч эзэн, эрхлэгч Баярмөнх,  "Хүмүүс" сонины  үүсгэн байгуулагч эзэн, эрхлэгч Хадбаатар нар ч харагдаагүй. "Улс төрийн тойм" сонины эрхлэгч эзэн нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, "Өд­рийн шуудан" сонины эрхлэгч нэрт сэтгүүлч, яруу найрагч Р.Энхтуяа буюу Эмүжин очоогүй. "Өглөөний сонин"-ы эрхлэгч нэрт сэтгүүлч Л.Нинжжамц байгаагүй. МОНРТ-ийн захирал М.Наранбаатар бас бай­гаа­гүй. Монголын Радиогийн захи­рал Цэрэн-Очир, ТВ-9-ийн эзэд, ТВ-5-ын эзэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл байгаагүй. News.mn-н захирал Тэмүү­лэн, Medee.mn-ын Отгонбаяр, Zindaa.mn-ийн Чулуунзагд болон бусад олон олон сайтуудын эзэн байгаагүй. Мөн эд бүгдийн хөрөнгө оруулагч нар нь очоогүй.

 

Эдгээр эрхмүүдийг л Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид  гэнэ биз дээ. Эдгээр нэр алдартай эрхлэгч сэтгүүлчид зэрэг эрхэм хүмүүс, дээр нь хөрөнгө оруулагчид нь очоогүй байхад ямар юмных нь үндэсний чуулган байх юм бэ. Тэгээд тэнд хэн очсон байх вэ. Дандаа гүйцэтгэх дунд тушаалын  албан хаагч нар очсон байсан. Мөн албаны дарга нар ч харагдаж байв. Хөдөөний телевизийн дунд тушаалын дарга нар л байсан. Тэгээд эдгээр хүмүүс эзэн, эрхлэгч, хөрөнгө оруулагчдаа төлөөлөх эрх бий юу. Мөн тэднийхээ хөрөнгийг нийгэмчлэх  гэх мэт зүйлийг ярих ёс суртахууны болон хууль эрх зүйн чадамж бий юу. Дээр дурдсан "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль" гэгч нь яригдаж байснаараа батлагдах юм бол Үндсэн хуулийн олон заалт зөрчиж байгааг эдгээр хүмүүс ер нь анзаарч байна уу. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг нийгэм­чилж бусад хүмүүс булааж авах нь Үндсэн хуулийн Хоёрдугаар бүл­гийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн зүйлийн 16-ын гурвын  "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэм­ших, өмчлөх, өв зал­гамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Мөн "...хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө". Тавдугаар зүйлийн хоёрт "... Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална." Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн нэгд "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хоёрт "...Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэсэн олон зүйл заалтыг зөрчихөөр байна.  Хамгийн ноцтой нэг зүйл нь дээрх зөвлөгөөн нь нэр зээлдэн хууран мэхэлж байгаа юм биш үү. Хэвлэл мэдээллийн удирдлагууд очоогүй байхад очсон мэтээр төөрөгдүүлэх нь хууран мэхлэлт биш үү. Ер нь тэгээд хэн эдгээр зөвлөгөөнийг зохион байгуулсан хүмүүст хэвлэл мэдээллийн эздийн өмнөөс шийдвэр гаргахыг зөвшөөрсөн юм бэ. Хэвлэл мэдээллийн эзэд ч бас энэ тал дээр анхаарал болгоомжтой, сонор соргог баймаар юм. Хуучин бол эдгээр ТББ юу дуртайгаа ярьж, мэдэгдэл хийж байдаг байсан. Тэднийг хэвлэл мэдээллийн байгууллагууд тоож авч хэлэлцдэггүй байв. Тэгвэл эд нарын энэ дэмий донгосолт одоо айхтар хор уршиг дагуулж мэдэхээр болоод байна. Өнгөрдөг жил анхдугаар зөвлөгөөн хийв гээд хэвлэлийн эрх чөлөөний  хуулийг гаргаад ирсэн. Энэ ямар хууль болоод байгааг дээр өгүүл­сэн. Одоо дахиад хэдэн дунд тушаалын удирдах ажилтан цуг­луул­чихаад  эзэн ирэв, тэгээд зөвшөөрөв  гэж худал хэлэн дахин  нөгөө хуулиа гаргахаар санаархаж байна. Энэ хууль дээр дурдсан Үндсэн хууль зөрчихөөс  гадна мөрдөгдөх боломжгүй хууль гэдгийг яагаад анзаарахгүй байна вэ. Хэвлэл мэдээллийн ТББ-ууд болон УИХ-ын гишүүний уланга­сан батлуулах гэж мөрөөдөж бай­гаа хууль Монголд ажиллаж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн бай­гуул­лагуудад үйлчлэх үү. Ёстой гонжийн жоо байлгүй. "Блүүмбэрг" телевизийнхэнд манай хууль ийм, танай хэвлэл мэдээллийн байгуул­лагын  30-аас илүү гарсан  хувийг бид авна. Заавал дөрвөн хүн эзэн нь байх ёстой гээд   зогсож байх юм уу. Гадаадад байгаа монголчуу­дын цахим сайт байна. Та нар редакцидаа орж болохгүй шүү. Заавал редакцитайгаа гэрээ хий гээд байж байх уу. Эцэст нь хэлэхэд манай хэвлэл мэдээллийн энэ олон ТББ-ууд ганц сэтгүүлч цалин­жуулж үзсэн үү. Ганц сэтгүүлчийн цалин олгож үзээгүй байж эзэд нь олон болбол болно гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Эзэн олон болохлоор тэд сэтгүүлчээ цалин­жуу­лах юм уу хаашаа юм. Хөрөнгө оруулагчаас нь салгачихаад, дээрээс нь редакци реклам хийж болохгүй. Харин олон эзэдтэй л байвал болоод явчихна гээд бай­гаа нь үнэхээр амьдрал мэдэхгүй хүмүүсийн бодол юм гэхээс өөр яалтай. Бас нэг юм байна. Монголд гурваас  дээш эзэнтэй байгууллага дампуурдаг нь бичигдээгүй хууль юм. Та бүхэн бод доо. Хэдүүлээ нийлээд сайхан аваад явж байгаа байгууллага ер нь манайд байгаа юу. Хэвлэлийн байгууллага дор хаяж дөрвөн удирдлагатай байх нь зүйтэй гэснийг нийтлэлийн эхэнд хэлсэн. Редакцид нэг эзний эрх ашиг үйлчилдэг байсан бол одоо дөрвөн эзний эрх ашиг үйлчлэхээс өөр ашиг тус энд бий юу.

 

 Хэвлэл мэдээллийн ажилтны үндэсний зөвлөгөөн гэж ийм л юм боллоо доо. Ийм хууль зөрчсөн элдэв мэдэгдэл зэрэг зүйлийг хийж нийгэмд нөлөөлж хувьдаа нэг жаа­хан эрх ашиг олох гэсэн төрийн бус байгууллагуудыг цаашид байлгах хэрэг байгаа юм уу. Эдгээрийг хориглосон хууль баталсан ч яадаг юм бэ. Бас нэг гол зүйл нь хувийн хэвлэл мэдээллийн эзэд сонор соргог баймаар байна. Тэд хаана юу болж байгааг мэддэг, бас өөрс­дийн хэвлэл мэдээлэл дээр хөрөнгө нийгэмчлэх, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг элдвээр баалах зэрэг нийтлэл, нэвтрүүлгийг гаргахыг болиулмаар юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Ж.Сандагдорж

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setguulch(103.26.194.27) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлч 182.160.33.68, 2013-10-08 21:59:11Ээ чааваас даа. Ж.Сандагдорж Хэвлэлийн Хvрээлэн, Чєлєєт хэвлэх vйлдвэр хоёроо ялгадаггvй ажээ. Хуралд суухдаа юм тэмдэглээд байсан, байхгvй хvмvvс ээ л бvртгээд байж. Тэдний ихэнх нь чєлєє авсан гэсэн. Энэ бичлэг бол нохойн баас байна. Орчин цагийн ямар ч мэдлэг, боловсрол байхгvй, хов жив хутгасан арчаагvй тэмдэглэл байна. Оллоо ч гэсэн дээ, сvvлийн хэдэн жил шилдэг сайтаар шалгарах гээд сэтгvvл зvйн мэргэжлийн байгууллагуудаа с гуйгаад бvтээгvй болохоор их л хорсож дээ хэхэ...

1  |  0
Монгол хүү(202.170.81.165) 2025 оны 03 сарын 13

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг энэ бичвэр Монголын сэтгүүлзүйн түүхэнд онол, дадлын хамгийн муу жишээ болж, гэгээрсэн сэтгүүлчид инээлдэх өдөр ирнэ гэж итгэж байна...

1  |  0
галаа(202.131.236.226) 2025 оны 03 сарын 13

Их л хорсож дээ. Сандагдорж гуай кк

1  |  0
Top