Монгол туургатан тогооч нарын нээлттэй уралдааныг зарлаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 10

Дэлхийн тогооч нарын өдрийг тохиолдуулан монгол туургатан тогооч нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын цом” нээлттэй уралдааныг 2013 оны 11-р сарын 1-3 нд “UB food and Beverage expo” 2013 хүнс хоолны үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулах гэж байна.

“Монголын тогооч нарын холбоо”-ноос Монгол туургатан тогооч нарын нээлттэй уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд анх 2012 онд тус холбооноос эрхлэн ҮХААЯ, МХҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж байжээ. Харин энэ жилийн хувьд  “Мишээл групп” ХХК-аас зохион байгуулж буй бөгөөд “UB food and beverage expo” 2013 хүнс хоолны үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой ажээ.

Монгол туургатан тогооч нарын нээлттэй уралдааны онцлог нь монгол туургатны уламжлалт болон орчин үеийн хоол, хэрэглээг нийтэд сурталчлах, хоолны нэр төрлийг нэмэгдүүлж боловсронгуй болгон баяжуулах, мэргэжлийн тогооч нарын ур чадварыг сайжруулж харилцан суралцах, цаашид монгол тогооч нарыг олон улсын хэмжээний уралдаанд амжилттай оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд уг уралдааны гол зорилго оршиж байгаа юм.

Уралдаан тус бүр хоёр шаттай явагдах бөгөөд эхний шатны сонгон шалгаруулалтанд тэнцсэн Монголын тогооч нарын гишүүн байгууллага, нэгжийн болон холбооны гишүүн мэргэжлийн тогооч нар төгсгөлийн шатны уралданд оролцох эрхээ авах юм байна.

Түүнчлэн уг уралдаанд үндэсний баг, мэргэжлийн тогооч нараа оролцуулах урилгыг монгол туургатан хүн ам оршин суудаг ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО болон Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн, тус холбоотой шууд харилцаа бүхий зарим орны үндэсний холбоодод илгээжээ. Тиймээс тус холбооны өөрийн аймаг, нийслэл, дүүрэг дэх салбар зөвлөлтэй хамтран энэхүү уралдаанд мэргэжлийн тогооч нараа шалгаруулж оролцуулахыг уриаллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top