Эртний булш, хиргисүүрийг шунахайн зорилгоор ухаж сүйтгэх, тонон дээрэмдэгсэд олширчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 22

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2013-10-22/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч зөвхөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Учир нь Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхэд холбогдох салбарын яамдын бэлтгэл хангалттай бус байна. Иймд хэлбэр төдий хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ё.Отгонбаяр нарын зүгээс гаргасан юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул уг асуудлыг хойшлуулахаар болов.

Түүнчлэн НДҮЗ-ийн 2012 оны үйл ажиллагааны тайланг сонсоход салбарын сайд болон Үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн хангалттай бус гэж үзсэн юм.

Тус байнгын хорооны энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар даргалан явуулав.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн талаар Соёл, спорт, аяллал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцууллаа.

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш уг хуульд 2001, 2003, 2004, 2005 онуудад нийт дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Гэвч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци /ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци”, “Соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенци”, “ Биет бус соёлын өвийн конвенци”, “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенци”-иудын үзэл санаа, үндсэн зарчимд нийцүүлэн энэхүү хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болжээ.

2001 оны “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн зохицуулалт соёлын өвийг бүрэн хамгаалах шаардлагыг хангаж чадахгүй, тухайлбал, эртний булш, хиргисүүрийг шунахайн зорилгоор ухаж сүйтгэх, тонон дээрэмдэх, музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдсээр байгаа аж. Соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байгаа юм. Иймд энэ бүхнийг өөрчилж, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, зохион байгуулалтын эрс шинэчлэл хийх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Гишүүдийн зүгээс түүхийн дурсгалт хосгүй өвийг эх хувиар нь бус хуулбарыг нь гаргах асуудал хэр оновчтой болох, мөн хуулийн төслийг боловсруулах явцад эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүс, иргэд, олон нийтийн санаа бодлыг хэр авсан болон бие даасан хоёр байгууллагыг шинээр байгуулах зайлшгүй шаардлага байгаа эсэх талаар тодруулж, байр сууриа илэрхийлэв. Ингээд хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг гишүүд дэмжлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Жүгдэрбарам(202.179.11.18) 2025 оны 03 сарын 13

Энэ маш зүйтэй арга хэмжээ шүү. Ховдод сүйдэж буй соёлын өв устаж буйг би мэднэ

1  |  0
zochin(66.87.77.52) 2025 оны 03 сарын 13

Mongoliin shinjleh uhaanii baiguulaga gej baina uu? Jigteihen mundag erdemted tsalin baga gej gonginoj baihaar ene met busarmag yavdaliig zogsooh yamar gaviya baiguulj baina ve?

1  |  0
Top