”Азийн их цөл дундуур” адал явдалт аяллын тухай..

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

Орчуулагч, Хэвлэн нийтлэгч Б.Баярсайханы эрхлэн гаргаж буй Өрнөдийн аялан судлаачдын 19-р зууны эцэс, 20-р зууны эхээр Төв Ази, түүний дотор Монгол орноор хийсэн адал явдалт аяллын тухай “Travel Classic Books”  цувралын гуравдахь ном уншигчдын гарт очлоо. Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хединий “Азийн их цөл дундуур” гэгдэх аян замын тэмдэглэл анх 1910 онд хэвлэгджээ. Түүний 1895 онд Төв Азийн Такламаканы цөлийг тэмээгээр туулах гэсэн анхны оролдлого нь жингийн цувааны сүйрлээр төгссөн бөлгөө. Энэ тухай сэтгэл шимшрэм үгүүлэх ном түүнийг Европын олон нийт, уншигчдын дунд нэрд гаргаж, адал явдалт аян замын сонгомол бүтээл хэмээгдэж эдүгээ хүртэл хүмүүсийн унших дуртай бүтээл хэвээрээ байгаа билээ.

 

Свен Хедин Төв Азиар олон дахин аялахдаа Монгол орноор дайран өнгөрч, Өргөөд Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж, Оросын нэрт аялан судлаач П.К.Козловтой уулзаж, нүүдэлч монголчуудтай зөвхөн Өвөр ба Ар Монголд төдийгүй Хөхнуур, Цайдам, Түвэдийн өндөрлөг нутагт ч уулзаж учирч, тэднийг жингийн хөтөчөөр авч хамт аялаж, бас Өрнөдийн аялан судлаачдын хувьд хаагдмал байсан Түвэд орон, Лхас руу очихын тулд монгол хүний дүрд хувиран дээл өмсөж, монголын мөргөлчидтэй цуг явж, бөөн адал явдалт замыг хэрхэн туулсан тухай сайхан үүх түүхийг дараа дараагийн цувралаас унших боломжтой.

Дээрх цувралаар өмнө нь Хаслунд-Кристенсений “Явна аа!”, Эдгар фон Хартманы “Монголын түүхт жингийн их замаар” гэсэн хоёр ном хэвлэгдсэн билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.194.113.54) 2025 оны 03 сарын 13

энэ хүнтэй яаж холбоо барих уу

1  |  0
Top