НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Дөрөвдүгээр хороонд Сансрын уудмыг энхийг зорилгоор ашиглах Монгол Улсын байр суурийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Г.Баттунгалаг илэрхийлсэн байна. Сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах асуудлаарх НҮБ-ын Хорооны үйл ажиллагааг тэрбээр сайшааж, эдийн засаг, нийгэм, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад сансрын шинжлэх ухаан, технологийг үр дүнтэй ашиглах нь чухал болохыг онцоллоо. Сансарт эмэгтэй хүн анх удаа ниссэний 50 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан олон улсын өндөр хэмжээний арга хэмжээ, хэлэлцүүлэг зохион байгуулсныг дурдаж, сансрын уудмыг энхийн зорилгод ашиглах зорилтод чухал түлхэц өгснийг тэмдэглэв.
Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг эрчимтэй хангахын төлөө сансрын шинжлэх ухааныг өргөн хүрээнд судлах, сансрын технологийг ашиглах үүднээс Сансрын дагуул хөөргөх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар 2012 оны 11 дүгээр сард баталж, хэрэгжүүлж эхлээд байгааг мэдээлж, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр бүс нутгийн олон улсын байгууллагатай манай улс идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж буй талаар танилцууллаа.
Энэ хүрээнд Сансрын уудам, технологийн сургалтын бүс нутгийн төвийг Бээжинд байгуулах гишүүн орнуудын санаачлагыг Монгол Улс дэмжиж байгааг илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )