Хан-Уул дүүргийн Прокурорын газраас харьяа Замын цагдаагийн тасгийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд нийцэж буй, эсэхийг шалгажээ. Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч нар 2013 оны эхний зургаан сарын байдлаар зөрчил гаргасан 3356 хүнд захиргааны арга хэмжээ авч, хариуцлага тооцсон аж.
Үүний 708 буюу 48 хувь нь зам тээврийн осол 991 буюу 33.6 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд саатуулсан, 1250 буюу 42.3 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд тус тасгийн байцаагч нар хариуцлага тооцсон байна. Мөн 2013 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 237 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж шүүхийн захирамжаар баривчлуулсан аж. Шалгалтын үеэр зарим хэрэгт захиргааны шийтгэл ногдуулалгүй дараад өнгөрсөн, захиргааны зөрчил гаргасан хүнд хариуцлага тооцохдоо хуульд заасан хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн есдүгээр зүйлд заасан зөрчил гаргагчийн эрхийг бүрэн хангадаггүй, зарим хэрэг бүртгэгчийн бичсэн зөрчлийн тухай тэмдэглэл, шийтгэвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй зэрэг нилээд зөрчил илэрчээ.
Мөн тээврийн хэрэгсэл, бичиг баримт түр хураахдаа дугааргүй тасалбар олгодог, зөрчил гаргасан хүний гарын үсгийг зуруулдаггүй, буцаан олгосон, эсэх талаар тэмдэглэл хөтөлдөггүй байсан нь илэрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )