Шувуун фабрик-Нисэх чиглэлийн 22.5 км автозамын нээлт өчигдөр боллоо. Тус автозамыг "Тотал Инж" компани өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар суурь хучилтаа бүрэн хийж гүйцэтгэн автозамын хөдөлгөөнийг нээсэн юм. Төсөвт өртөг нь 3.2 тэрбум бөгөөд 15 тэрбум төгрөгийг нь энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Харин ирэх онд үлдсэн 15.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэн, өнгө хучилт, Био комбинат, Шувуун фабрик орчимд явган хүний зам, гэрэлтүүлэг болон дугуйн зам зэрэг бүтээн байгуулалтын ажил нь үргэлжлэх аж.
Өмнө нь Шувуун фабрикаас хотын төв рүү хоёрхон автобусаар иргэдэд үйлчилдэг байжээ. Тиймээс иргэд автобуснаасаа хоцорвол дараагийн нийтийн тээврийг иртэл хоёроос гурван цаг хүлээх шаардлагатай учир хүндрэлтэй байсан аж. Харин шинэ зам ашиглалтад орсноор Шувуун фабрикаас хотын төв хүртэлх маршрутыг богиносгож, Нисэх хүртэл явдаг болгожээ. Ингэснээр иргэд Шувуун фабрик, Нисэхийн чиглэлд 400 төгрөгөө төлөөд хагас цаг тутамд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэ долоо хоногийн хорооны хурлаараа автобусны шугамыг Нисэхээс цааш хотын төв рүү оруулах, ажил, хичээл сургууль эхлэх болон тарах үеэр үйлчлэх автобусныхаа тоог нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )